Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

VIVA FIDEL

Куба улсын хууль тогтоох байгууллагын гишүүдийг сонгох сонгуулийн санал хураалтад 86 настай Фидель Кастро гэнэт хүрэлцэн ирсэн нь ихээхэн дуулиан дэгдээлээ. Шулуун гэдэсний хорт хавдар тусч, хамаг эрх мэдлээ дүү Раульдаа хүлээлгэн өгсөн Фиделийг ингэнэ чинээ хүмүүс бодоогүй биз. Уго Чавестай хамт мэс заслын нэг ширээн дээр нас барсан, хиймэл амьсгалыг төхөөрөмж залгасан, нас барсан хойно нь амилуулаад зомби болгосон тухай үнэн худал нь мэдэгдэхгүй элдэв мэдээлэл интернэтээр нэг тарж байхад ийн гайшрахаас өөр яалтай. Уул шугамандаа ер дөхсөн нэг өвгөн санал өгөхөд гайхаад байх зүйлгүй баймаар. Гэтэл өнгөрсөн зууны төдийгүй энэ зууны дэлхийн улс төрийн амьдралд ихээхэн нөлөө үзүүлж байгаа хүн болохоор нүд салгахгүй байхаас өөр яалтай.

89 настай Фиделийг хуулиар олгогдсон эрхээ эдлэн саналаа өгөхөөр ирснийг мэдээллийн агентлагууд хэрхэн мэдээлсэн нь онцгой анхаарал татаж байгаа юм. Өрнөдийн талыг, өөрөөр хэлбэл Америкийн үзэл бодлыг илт баримтлагч агентлагууд нь ерөнхийдөө  “Кубын өнөө маргаашгүй үхэх шахсан дарангуйлагч, зөнөг Фидель олны өмнө гэнэт гарч ирэв. Бие хамгаалагчдаараа хүрээлүүлж байгаад урьдчилан бэлдсэн хэдхэн асуултад хариулах гэж бүтэн цаг боллоо” гэсэн байх юм.
Гэтэл дундыг баримталдаг эсвэл өөрийн гэсэн бодлоготой хэвлэлийнхэн “Нас хэдийнэ 90 хүрсэн ч Америкийн өмнө бууж өгөөгүй Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастро, хуулиар олгогдсон эрхээ эдлэхээр санал хураах цэг дээр ирж биечлэн санал өгөв. Мөн хүрэлцэн ирсэн сэтгүүлчидтэй цаг гаруй уулзан санал бодлоо хэлэв” гэсэн байх юм.
Ингэж эрс тэс, тэнгэр газар шиг тайлбар өгч байгаа нь их сонирхолтой.
Нэг талаас ардчилал, хүний эрх, үзэл бодлоо чөлөөтэй  илэрхийлэх эрхийг ил цагаан, бүдүүлгээр боомилж байгаа Кастрог доромжилсон байдлаар тайлбарлахад хэцүү санагдаж болох. Ялангуяа, хэдэн арван жил тогтсон  Египетийн Мубарак, Ливийн Каддафи, Иракийн Саддам Хусейн, гэх мэт олон хүнийг хөнтрөөд ардчилсан гэгдсэн тодотголтой Засгийн газрыг бөөндөн байгуулсан өнөө үед өөр яалтай гэмээр. Гэтэл хувьсгалын үр дүнд Аравийн ертөнцөд гарч ирсэн шинэ удирдагчид, шинэ элитүүд нь өмнөхөөсөө зарчмын ялгаа байхгүй гэдгийг бүгд “гэнэт” олж харсанд хэргийн учир байгаа юм. Цуст дарангуйлагч Муаммар Каддафийг хөнөөгөөд шинэ Засгийн газар байгууллаа гээд энэ улсын эгэл хүмүүсийн амьдрал огт дээрдсэнгүй. Харин ч бүр дордсон. Одоо олон нийтэд мэдэгдээгүй ч иргэний дайны байдалтай байсаар. Дэлхийн хамгийн ардчилсан улс АНУ-ын Элчин сайдыг хөнөөсөн нь бодит байдал дээр юу болж буйг харуулсан хамгийн тод жишээ. Хусейнийг түлхэн унагалаа гээд мэдээллийн агентлагууд тоож харахгүй л байгаа болохоос үндэстэн ба шашин хоорондын дайн өнөөдрийг хүртэл үргэлжилсээр.  Хэдэн арван жил төрийн эрх барьсан Хосни Мубаракийг түлхэн унагаад  ардчилсан засаг байгуулсан гэх Египетэд хүртэл байдал ямар байгааг дэлхий харж байна. Тэнд ахиад л ээлжит хувьсгал гарч, төр эргэн хөл толгой нь олдохгүй бужигнаан болох гэж байна. Иордан, Йемен, Афганистан, Тунис гээд Аравийн хувьсгалаар төр эргэсэн улсад өөдөлж байгаа зүйл огт алга.

Ийм байхад “Нас хэдийнэ 90 хүрсэн ч Америкийн өмнө бууж өгөөгүй Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастро биечлэн санал өгөв. Мөн хүрэлцэн ирсэн сэтгүүлчидтэй цаг гаруй уулзан санал бодлоо хуваалцав” гэсэн тайлбар өгөхөд гайхах зүйл огт үгүй. Ядаж л Кастрогийн байгуулсан Засгийн газар авлигатай хатуу тэмцдэг. Авлига авсан хүнийг шууд л буудчихдаг. Цаашилбал, Кастрогийн байгуулсан нийгэмд хүмүүс ядуу байлаа ч эмнэлгийн хамгийн сайн тусламж авч чадаж байна. Иргэд нь өөрийн газар нутагтаа эзэд нь байж чадаж байна. Тэнд солонгос эсвэл нанхиад иргэд хэдэн мянган га-гаар хэмжигдэх нутгийг нь өмчлөн өргөст тороор хашиж аваад дээрэлхүү зан гаргаагүй. Ах дүү Кастро, Че Гевара нарын хийсэн хувьсгалын өмнө Кубад байдал ямаршуу байсныг эргэн санах юм бол харгис, хэрцгий, дарангуйлагч гэгдээд байгаа Кастрогийн дэглэмийг эгэл кубачууд өдийг хүртэл тэвчээд, дэмжээд байгааг гайхах зүйлгүй юм. Кастро тэргүүтнүүд хувьсгал гаргахаас өмнө Кубын ДНБ-ий нэг хүн ногдох хэмжээ нь тухайн үеийн Японтой адил байсан гэх. Гэтэл үнэн хэрэг дээрээ Кубын нийгмийн ердөө таван хувь нь 95 хувийг нь эзэмшдэг. Таван хувь дотроо 95 хувь нь америкчууд байсан гэдгийг яагаад ч юм бэ Өрнөдийн хэвлэлүүд мэдээлдэггүй. Хувьсгалаас өмнө Кубын эдийн засгийн хөгжлийн тулгуур болж байсан эрчимтэй хөрөнгө оруулалт нь бүгд Америкийнх, эргээд Америк руугаа гардаг байсан гэдгийг бас хэлдэггүй. Кубын эдийн  засгийн 70 хувийг АНУ хянадаг.  Нарийвчилбал, уул уурхайн 90 хувь, цахилгаан эрчим хүч ба харилцаа холбооны 90 хувь, олон нийтийн зориулалттай барилга байгууламжийн 80 хувь, шатахууны 80 хувь, чихрийн түүхий эдийн 50 хувийг хянадаг байсан нь түүхэн үнэн. Энэ бүхнийг мөнгөөр илэрхийлвэл АНУ нь зөвхөн 1958 онд гэхэд л дарангуйлагч Батистагийн эрх барьж байсан Куба улсын эдийн засагт нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.
Хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлт гэх мэт хийсвэр ойлголтуудаар хүний тархийг угаах болсон өнөөдөр хувьсгалын өмнөх Куба дахь Америкийн хөрөнгө оруулсан байдал онцгой анхаарал татаж буй. Тэгэхээр манай улсын хувьд авч үзвэл Америкийн орыг ямар улс эзэлж байгааг хэлэх хэрэггүй биз.
Энэ мэт таагүй чиг хандлага байсан цагт тусгаар тогтносон Куба улсын тэргүүн асан Фидель Кастро, түүнийг тойрон хүрээлэгчдийн явуулж байгаа бодлогыг дэмжигчид тасрахгүй. Наад зах нь Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес байна. Энэ хүн бүх нийтийн сонгуулиар ялж гарч ирсэн, ирж байсан байсан болохоор ардчилсан биш гэж зэмлэх боломжгүй. Венесуэлчүүдийн дийлэнхэд Кастро эхлэлийг нь тавьж, Чавес үргэлжлүүлж байгаа бодлого таалагдаж байгаа хэрэг. Тэгэхээр Фидель хэдий зөнөсөн ч үзэл бодол нь улс, он дамжин явж л байна. Өөр улс илүү давуутай, илүү шударга үзэл гарч ирээгүй цагт  товчхон хэлбэл, “Viva Fidel” буюу чадвал унагаарай гэсээр байх болно.

Б.Бадрал

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан