Яагаад энэ улсад төрөөгүйдээ баярлаж байгаа юм бэ. Уг нь өнгөц харахад байдаг л нэг улс.Иргэн нь болоод төрсөн бол баярлах л байсан байх гэмээр. Зүүн Африкт, Виктория хүрхрээ, Замбези ба Лимпопо голын дунд байрладаг. ӨМАБНУ–тай урд талаараа, Ботсвантай баруун талаараа, Замбитай хойд талаараа, Мозамбиктай зүүн талаараа хиллэнэ. Газар нутгаараа дэлхийд 59-т орсон,12 сая хүн амтай улс. Энэ улсын жилийн төсөв нь 3.8 тэрбум ам.доллар бөгөөд ойролцоогоор эдийн засгийн өсөлт таван хувь. 39 мянган хүнтэй армитай, ДНБ-ийнхээ дөрвөн хувийг Батлан хамгаалах салбартаа зарцуулдаг. Үндэсний мөнгөн тэмдэгт нь зимбабве доллар буюу зим.доллар. Харамсалтай нь сайхан юм нь ингээд л дуусч байгаа юм.
Тэгвэл муухайг нь Зимбабвегийн Сангийн сайд Тендай Бити гэгчийн хийсэн мэдэгдлээр эхлэе. Сайдын мэдэгдсэнээр тус улсын төрийн санд ердөө 217 ам.доллар үлджээ. Төрийн албан хаагчдынхаа цалинг өгчихсөн чинь гэнэт ийм байдалд орсон юм байх. Товчхондоо улс нь бүрэн дампуурсан. Үндэсний валют Зимбабве долларын ханш нь ухаан санаанд багтамгүй унасан болохоор АНУ-ын долларыг үндэсний валютаар сонгосон.
Ямаршуу инфляцад нэрвэгдсэн талаар сонирхуулъя л даа. Зургаан жилийн өмнө буюу 2007 онд инфляц нь 66 мянга 212 хувь байв. Итгэхгүй бол өөрөө хайгаад үзээрэй. Инфляцаа гүйцэхийн тулд Засгийн газар нь 50 саяын зим.долларын дэвсгэрт 2008 онд гүйлгээнд гаргахад ханш нь ердөө нэг ам.доллартай тэмцэж байлаа.
Инфляц бүр нэмэгдсээр 100 тэрбум зим.доллар гаргасан нь ердөө 921 ам.доллар гэсэн үг болов. Тэр жил инфляц нь 231 сая хувь болсон юм. Зимбабвегийн Засгийн газар 100 их наяд буюу триллион зим.доллар гаргасныхаа дараа үндэсний валютаа хаажээ. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор энэ улсад юмны үнэ 24 цаг тутам хоёр дахин нэмэгдэж байсан болохоор үндэсний мөнгөн тэмдэгтээ ийн хаахаас өөр аргагүй байсан аж. Өглөө нь 100 сая зим.доллараар авч байсан талхыг маргааш нь 200 сая зим.доллар авна гэдэг юу гэсэн үг вэ. Нэгэн үе нутгийн иргэд нь илүү найдвартай валют болгож лаазтай шар айргийг гар дээрээс наймаа хийхдээ мөнгөний оронд ашиглаж байсан гэдэг. Шар айрагны хатуулгад инфляц ямар нөлөөлөх биш. Арга барвал уугаад дотроо халаачихна. Гэтэл зим.долларыг ч идэж, ууж болохгүй бие зассаны дараа л хэрэглэвэл юу юм гэхээс.
Бидний төрөөгүйдээ баярлаж байгаа улсын таагүй зүйлсийн талаар үргэлжлүүлье. Насанд хүрсэн хүн амын 15.3 хувь нь ДОХ-ын халдвартай, долоо хоногт дунджаар 4000 гаруй хүн энэ өвчнөөр нас бардаг. Хүн амын дундаж наслалт гэвэл эмэгтэйчүүд 47, эрчүүд 48. “Чи муу ажилгүй, арчаагүй гуйлгачин” гэсэг үг доромжлол байхаа больсон. Учир нь, хүн амын 85 хувь нь ажилгүй. Эмзэг давхаргад багтагсад хүн амын дийлэнх нь. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн орлого нь 171 доллар. Дэлхийд дороосоо нэгд гэсэн үг.
Улс орноо ийм “гайхамшигтай үлгэр жишээ” байдалтай болгосон нэг улстөрч бий. Үнэндээ нэг хүн ч гэж дээ ганц хүнийг тойрон хүрээлэлтэй нь тэвчээд байдаг нийт олонхи гэж бас байна аа. Ямартай ч улстөрч нь Зимбабвегийн Ерөнхийлөгч Роберт Мугабе. Уул шугамандаа нутгаа Английн колончлолоос чөлөөлөхийн төлөө тэмцсэн үнэхээр баатар хүн. Тэмцлээсээ болж 10 жил шоронд хоригдож байсан. Мугабе 1980 онд бүх нийтийн сонгуулиар ялж, намаа парламентын олонх болгоод, улсаа тусгаар тогтоносон улс болгож чадсан. Ингээд л бүх зүйл эхэлсэн. Мугабе Ерөнхий сайд болсон даруйдаа Хойд Солонгосын удирдагч Ким Ир Сентэй цэрэг, зэвсгийн тал дээр хамтран ажиллах гэрээ байгуулав. Тэндээс урьж авчирсан 150 тусгай зааварлагч нар десантын тавдугаар бригад нэртэй, зөвхөн өөрт нь захирагддаг тусгай хүчний ангийг бэлтгэж өгчээ. Удалгүй тусгай ангиа ашиглаж байгаад улс төрийн өрсөлдөгч нараа хөөж, тэднийг дэмжигч 100 мянган хүнийг хүйс тэмтэрч байгаад улсаа ганц намын системтэй болгоод авав. 1987 онд Үндсэн хуулиа өөрчилж, Ерөнхий сайдын албан тушаалыг халаад өөрийгөө Ерөнхийлөгч болголоо. Эгэл олны дунд нэр хүндээ алдахгүйн тулд газрын өөрчлөлт гэгчийг явуулахаар болов. Явуулахдаа их өвөрмөц байдлаар шийдсэн.
Европын цагаан арьстнууд голдуу эзэмшдэг байсан фермүүдийг хүчээр булааж авах болсон байна. Мугабе 2000 оны хоёрдугаар сард олон нийтэд үг хэлж, түүхэн шударга ёсыг эргүүлэн тогтоохыг уриалав. Зимбабвегийн хар арьст олонхи нь бүх уугуул нутгаа эргүүлэн авах ёстой, ингэвэл сая гаруй хүн өөрийн гэсэн газартай болж чадна гэв. Уншигч танд 1980 онд Мугабег Засгийн эрхэнд гарахад Зимбабве нь Африк тивдээ эдийн засгийн хамгийн өндөр хөгжилтэй, хүнсний бүтээгдэхүүн их хэмжээгээр экспортлодог, өндөр хөгжсөн газар тариалантай байсан гэдгийг хэлээд цааш нь үргэлжлүүлье.
Мугабе нь олон жилийн турш ажиллаж ирсэн, бүх зүйл нь бэлэн, нийт таван сая га талбайтай 3041 фермийг цагаан арьстнуудаас булаан авч 500 мянга гаруй ажилгүй хар арьст тариачид, өөртэй нь хамт тусгаар тогтнолын төлөө байлдаж байсан ахмадууддаа тараан өглөө. Үүний үр дүнд дээрх фермүүд дээр ажилладаг байсан 850 мянган хөлсний хар арьст ажилчид ажлаа алдав. Олон үйлдвэр хаагдсан. 2002 онд газрын өөрчлөлтөө дуусгахын тулд Зимбабвег хүнсний бүтээгдэхүүнээр хангаж байсан цагаан арьст 4000 фермерийг бүх зүйлээ орхиод нэн даруй улсаас нь гарч явахгүй бол хоёр жил хорьж байгаад албадан гаргана гэлээ. Хоёр сарын дараа гэхэд цагаан арьст фермерүүдийн 90 хувь нь Зимбабвегээс зугтав. Тэдний дийлэнх нь европчууд байсан болохоор Европын холбоо зүгээр хараад суусангүй хориг арга хэмжээ авав. Олон улсын валютын сан ч зээл өгөхөө больж, хориг арга хэмжээ тавьсан. Дээр нь Зимбабвед байгаа гадаадын компанийн өмчийн талыг зөвхөн хар арьст зимбабве хүний мэдэлд байлгах хууль баталсан болохоор гадаадын хөрөнгө оруулагчид үргэсэн нь ойлгомжтой.
Ингээд л Африкийн хамгийн гайгүй орны нэг байсан Зимбабве эдийн засгийн гүн хямралд орж, одоо дэлхийн хамгийн ядуу орон болж хувирчээ. Цагаан арьстнуудыг ална тална, зайл гэж байгаад булааж авсан ферм, газраа дийлэнх нь ашигладаггүй, хаясан. Тэгэхээр ажилгүй болсон 850 мянган хүн, тэдний ар гэр дээр газар булааж аваад байсан нөгөө 500 мянган хүн буцаад нэмэгдсэн хэрэг. Бараа бүтээгдэхүүний үнийг хатуу тогтоох байдлаар инфляцтай тэмцэх гэсэн ч бүтэлгүйтсэн. Эдгээр жилүүдэд энэ улсын ДНБ нь гурав дахин багасч, гадаад өр нь ДНБ-ий 150 хувиас давж гарсан. Гэхдээ Мугабе гандан буурсангүй. 2005 онд орон сууцны барилгыг шинэчлэн өөрчлөх кампанит ажил эхлүүлж, ядуусын хорооллуудыг газрын хөрснөөс арчиж эхлэх нь тэр. Үр дүнд нь хоёрхон жилийн дотор 2,5 сая хүн орох оронгүй болов. НҮБ, Сайн дурын байгууллагаас ирж байгаа тусламжаар гол зогоодог олон сая ядуусыг орох оронгүй болгож байна. Энэ ажлаа зогсоо хэмээн НҮБ хатуу шаардсаны дараа л кампанит ажлаа түр завсарлаж байгааг Мугабе мэдэгдсэн юм.
2008 онд болсон ээлжит сонгуулийн өмнө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулав. Өөрийн орыг залгамжлах хүнийг өөрөө томилдог боллоо. Гэвч эх орон нь хүнд байдалд орсон болохоор сэтгэл нь өвдөж байна гээд “аргагүйн эрхэнд” Ерөнхийлөгчийн суудлын төлөө дахин өрсөлдөөд ялсан. Сөрөг хүчин нь дургүйцлээ илэрхийлж жагсаал хийнэ гэхэд “Миний ард түмэн бол миний пулемёт. Тэгээд үзээрэй. Би тоглоом хийгээгүй шүү” гээд дарчихсан.
Ингээд бодохоор Монгол минь гайгүй байна биш үү Наад зах нь, “мон.долларын” инфляц нь ердөө 14 хувь, ДОХ-той хүний тоо 200 орчим, нэг хүнд ногдох ДНБ-ийн хэмжээ нь 4500 ам.доллар. Хамгийн гол нь Мугабе, түүний тойрон хүрээлэл байхгүй.