Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч ... Клинтон

Хэдийгээр АНУ-ын “шинэхэн” Ерөнхийлөгч тангаргаа өргөөд 10 ч хоноогүй боловч америкчууд аль хэдийнэ дараагийн төрийн тэргүүн хэн байх талаар шуугиад эхэллээ. Шуугианы төвд Төрийн нарийн бичгийн даргын суудлаа өгч байгаа Хиллари Клинтон байна.
АНУ-ын экс тэргүүн хатагтай гэдгээр нэгэн үе дэлхий дахин илүү мэддэг байсан энэ эмэгтэй Иелийн их сургуулийг төгсөгч, залуу цагтаа АНУ-ын хамгийн шилдэг хуульч болох ирээдүйтэй гэгдэж байсан ч нөхрийнхөө карьерыг дэмжиж, сүүдэрт нь үлдсэн. Гэвч Билл Клинтоныг Ерөнхийлөгчийн албанаас буусны дараа Сенатын гишүүнээр сонгогдож, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр Ардчилсан намын сунгаанд хүчтэй өрсөлдөж байсан, Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон гээд баялаг сайхан намтартай.
Тиймдээ ч АНУ хэмээх дэлхийн хамгийн хүчирхэг гүрний гадаад бодлогыг дэлхий дахинд нь төлөөлөх өндөр үүрэг хариуцлагатай албанаасаа чөлөөлөгдөж байгаа түүний дараагийн нүүдэл юу байх бол, тэр нь Цагаан ордон байх  болов уу гэж олон нийт тааж ядан байна. Ер нь бол энэ таамаг шинэ юм биш. Түүнийг 2008 онд Ардчилсан нам дотроо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийн төлөө сунгаанд Б.Обаматай өрсөлдөөд  ялагдсан тэр үеэс л эхэлсэн билээ. Энэ хооронд Хиллари Клинтоны хэдэн удаагийн няцаалтыг үл хэрэгсэн экс тэргүүн хатагтай нь Ерөнхийлөгч болон Цагаан ордонд эргэн ирэх болов уу гэсэн таамаг амь бөхтэй оршсоор байгаа юм. Ялангуяа Ерөнхийлөгч Б.Обама засаг захиргааг нь орхиж байгаа Хиллари Клинтоны хамт “CBS” телевизэд ярилцлага өгсний дараа бүр ч идэвхжив.
Уг ярилцлагын үеэр Б.Обама хатагтай Клинтоны өөрийнхөө хамгийн ойр дотны зөвлөхийн нэг гээд “Бид АНУ-ын дэлхий нийтэд тэргүүлэх үүрэг ролийн талаар санаа бодол нэгтэй  байдаг” гэсэн байна. Олон нийтийн хамгийн их сонирхож буй сэдэв болох Хиллари Клинтон 2016 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү гэсэн асуултыг шуудхан тавихад  Б.Обама “Хэвлэлийнхэн та нар засаршгүй хүмүүс шүү. Би тангараг өргөөд гурав дөрөв л хонож байхад дөрвөн жилийн дараахь сонгуулийн талаар ярьж байх юм” гэсэн бол хатагтай Клинтон өмнөх шигээ хатуу няцаасангүй “Ерөнхийлөгч бид хоёр улс оронд маань ирээдүйд юу болох талаар анхааралтайгаар тунгааж боддог. Гэхдээ маргааш, дараа жил юу болохыг бидний хэн ч мэдэж чадахгүй шүү дээ” хэмээн хариулжээ. Хиллари Клинтон ийнхүү асуултын хариуг бүрхэг хэвээр орхисон нь тэрээр 2016 онд нэрээ сойх бодолтой байгаа юм биш үү гэсэн бодлыг үзэгчдэд үлдээлээ.
Ямартай ч, Хиллари Клинтон хэсэгтээ амарч авахыг илүүд үзэж байна. АНУ-ын түүхэн дэх хамгийн их томилолтоор ажилласан Төрийн нарийн бичгийн дарга болсон тэрээр их аянаас дөрөө мулталж, гэр бүлтэйгээ ихэнх цаг хугацаа өнгөрүүлэх өдрүүдийг тэсэн ядан хүлээж байгаа гэдгээ хэлсэн ч урт амралтын дараа улс төрд эргэн ирнэ гэж америкчууд хүлээж байна.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан