Израилийн Ерөнхий сайд асан Ариел Шарон сүүлийн долоон жил комд байгаа хэдий ч тархи нь ажиллаж байгаа онцгой шинж тэмдэг ажиглагдаж буйг эмч нь мэдэгджээ. Саяхан Израиль, Америкийн эрдэмтдийн хамтарсан баг түүний биеийн байдлыг шинжилж, сорил хийсэн бөгөөд гэр бүлийнхнийх нь зургийг үзүүлж, хүүгийнх нь дуу хоолойг сонсгоход тархины үйл ажиллагаа нь илт идэвхжиж байжээ. Үүнээс үүдээд түүний бие мэдээллүүдийг сонсоод, чухлуудыг онцлон тархинд дамжуулж ч байж болох юм гэж эмч нар дүгнэжээ.
Одоо 86 настай экс Ерөнхий сайд 2006 онд маш хүнд хэлбэрийн цус харваснаас хойш ухаангүй, комд байгаа юм. Гурван ч удаагийн дайнд оролцож явсан цэргийн удирдагч тэтээр 2001 онд Ерөнхий сайдаар сонгогдож, 2006 он хүртэл Засгийн газар тэргүүлж байсан.