Дуучин Бионсе АНУ-ын Ерөнхийлөгчийн тангаргийн ёслолд “Star Spangled Banner” хэмээх Төрийн дууллаа дуулж, олны талархлыг хүлээгээд удаагүй байна. Магадгүй энэ мөч түүний дуучны карьерын хамгийн оргил үеийн нэг хэсэг болж намтарт нь үлдэх биз ээ. Гэвч олон нийтийн өндрөөр үнэлсэн үзүүлбэр ердөө л ам барьсан шоу байсан гэдэг мэдээлэл тараад байна. Энэ тухай бүр Төрийн дууллын аяыг нь хөгжимдсөн Тэнгисийн цэргийн хүчний үлээвэр найрал хөгжмийн хамтлагийн хэвлэлийн төлөөлөгч Грегорий Вольф мэдэгдсэн байна. Түүний хэлснээр Бионсе амьдаар дуулахгүй, бичлэгээ тавья гэж шийдсэн учраас үлээвэр найрал хөгжмийн хамтлагийнхан ч жинхэнээсээ тоглоогүй, хөгжимчид нь тоглож байгаа дүр үзүүлсэн гэж мэдэгджээ. Гэвч энэ шуугиантай мэдэгдэл тарснаас ердөө нэг цагийн дараа дээрх хэвлэлийн төлөөлөгч хэлснээсээ буцаж, манай хамтлаг Бионсегийн амьдаар дуулсан эсэхийг үнэлж цэгнэх эрхгүй хэмээн мэдэгдсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд тогтсон заншил ёсоор төрийн дууллын хөгжмийг зөвхөн Тэнгисийн цэргийн хүчний хамтлаг хөгжимдсөөр ирсэн. Тиймээс тэдэнд бичлэг тавих ямар ч шаардлага байхгүй. Бионсед ч хоолойн чадал хүрэхгүй гэсэн зовлон байхгүй. Тэр хэдийд ч амьдаар дуулж чадна. Гэвч яагаад өмнө нь нэг ч дуучин амь барьж байгаагүй Ерөнхийлөгчийн тангаргийн ёслолд өөртөө итгэлгүй, бичлэг тавихаар шийдэв гэдэгт олон нийт гайхаж байна. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч, ард түмний өмнө төрийн дуулал дуулахдаа хамгийн өндөр нот гаргах оргил мөчид чихэвчээ сугалахыг харсан үзэгчид үнэхээр чадварлаг дуучин юм гэж бахдаж байв. Гэтэл тэр бүх жүжиг байсан юм гэж үү хэмээн онлайн ертөнцөд шуугьж байна.
Тогтсон заншлаар бол Ерөнхийлөгчийн тангаргийн ёслолын бүх дуу хөгжим амьдаар явдаг боловч ямар нэгэн болзошгүй нөхцөл байдалд бэлэн байх үүднээс өмнө нь студид бичдэг ажээ. Бионсе ч, түүний дараа дуулсан Келли Кларксон ч дуугаа студид бичүүлсэн байна. Гэхдээ яг тайзан дээр амьдаар дуулах уу, эсвэл бичлэгээ тавих уу гэдгийг дуучин өөрөө шийдэх эрхтэй байдаг гэнэ. Харин Бионсе эцсийн мөчид бичлэг тавих нь илүү найдвартай гэж үзсэн бололтой. Учир нь, Бионсе хөгжмийн хамтлагтайгаа хамтарсан бэлтгэл хангалттай хийж чадаагүй, ердөө ганц өдөр л хөгжимтэйгөө нийлсэн учраас элдэв алдаа мадаг гаргахаас сэрэмжилсэн байх гэж эх сурвалжууд мэдээлжээ. Тэрээр удахгүй болох “Superbowl”-ын нээлтээр хийх томоохон шоундаа бэлтгээд тун зав муутай байсан учраас ердөө тангаргийн ёслолоос нэг хоногийн өмнө Вашингтонд иржээ. Тийм ч учраас хангалтгүй бэлтгэл нь дэлхий нийтийн анхаарлыг татсан энэ том үйл явдлыг баллах вий хэмээн санаа зовнисон биз ээ. Харин түүнээс хэдэн өдрийн өмнө Вашингтонд ирж бэлтгэл хийсэн Келли Кларксоны хувьд амьдаар дуулсан гэдэг мэдээлэл байна.
Харин энэ талаар дуучин өөрөө тайлбар хийгээгүй байна.