Энэ “ах дүү” дөрөв гол төлөв хүзүү сэрээрээ хэлхэлдэн хамт явцгаадаг. Хамт явдаг ч хоорондоо байнга өрсөлдөнө. Гэнэт нэг нь хүчээ аваад эхлэхээр нөгөө гурвыгаа хөлдөө чирээд үйлийг нь үзнэ. Үүний тод жишээ нь өчигдөр 1.5 сая ам.долларын нөхөн төлбөр өгснөөр нэг тийш болсон Доминик Стросс-Каны хэрэг юм. Хоёр жилийн өмнө энэ эрхэм Олон улсын валютын сангийн тэргүүн гэсэн өндөр дээд албан тушаалтай, нэр хүндтэй, эрх мэдэлтэй, мөнгөтэйн дээр урдуураа улаан хөлтнийг өнгөрүүлдэггүй гэдгээрээ зартай ч хэтрүүлчихэлгүй болгоод л явсан. Үүний дээр Францын Ерөнхийлөгчийн сонгуулиар тухайн үеийн Ерөнхийлөгч Саркозийн гол өрсөлдөгч болно гэгдэж байв.
Гэтэл түүнийг 2011 оны тавдугаар сард Нью-Йоркоос явахаар онгоцонд сууж байхад нь цагдаа нар хүчингийн хэрэгт сэжиглэн баривчилсан юм. Нисэхийн өмнө түр саатсан буудлын өрөөний үйлчлэгч Нафиссату Диалло гэгч 33 настай эмэгтэй түүнийг өөрийг нь хүчирхийлсэн гэж цагдаад мэдэгдсэн байв. Ингээд л бөөн дуулиан мандах нь тэр. Олон улсын валютын сан гэсэн аварга том байгууллагыг хүчингийн хэрэгт холбогдсон хүн удирдах боломжгүй болохоор мань эр албан тушаалаасаа “сайн дураар” огцорсон. Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших талаар яриад ч хэрэггүй болсон юм. Гэвч удалгүй, хүчиндүүлсэн гэж мэдэгдээд байсан эмэгтэй нь мөрдөн байцаагчид худал мэдүүлэг өгсөн төдийгүй Стросс-Каныг дур тачаал ихтэй гэдгээр далимдуулан урдаас тооцоотойгоор өвөрт нь орж дуулиан дэгдээсэн гэж сэжиглэх болсон. Улмаар Стросс-Каны өмгөөлөгч нар хэргийг шүүхээс гадуур шийдэхийг санал болгоод тохиролцоонд хүрч, өчигдөр нөхөн төлбөрийг нь ийнхүү төлжээ. Ингээд дур тачааллын хөлд чирэгдсэн Стросс-Кан мөнгө ч үгүй, эрх мэдэл ч үгүй, нэр алдар ч үгүй үлдэв. Ах дүү дөрвийн өрсөлдөөний энэ мэт жишээ олон. 2006 онд Израйльд дэгдсэн дуулиан байна. Дуулианы “баатар” нь тухайн үед Израйлийн Ерөнхийлөгч байсан Моше Кацав. Кацав таван хүүхдийн эцэг, авлигал мэтийн ёс бус хэрэгт хэзээ ч нэр холбогдож яваагүй болохоор ноён Цэвэр гэгддэг байв. 2006 онд Кацавын тамгын газрын ажилтан бүсгүй таагүй баримт илчилнэ гэж сүрдүүлэн 20 мянган ам.доллар нэхжээ. Ноён Цэвэр хариуд нь сүрдүүлэгч эмэгтэйтэй хийсэн ярианы бичлэгийг шууд цагдаагийн газар өгсөн байна. Цагдаа нар харин сүрдүүлэгчийг баривчлахын оронд юун баримт, хаанаас гараад ирэв гээд мөшгиж эхлэх нь тэр. Тэгтэл Ерөнхийлөгчийн дур тачаалын хохирогч болсон найман эмэгтэй гараад иржээ. Удаан үргэлжилсэн мөрдөн байцаалтын эцэст хоёр эмэгтэйн хэргийг л шүүхээр авч хэлэлцэсэн юм. Ингээд 2010 оны арванхоёрдугаар сарын 30-нд Тель-Авив хотын шүүх М.Кацавыг хоёр удаагийн хүчингийн хэрэг, хүч хэрэглэн садар самуун үйлдэл хийсэн бас нэг хэрэгт буруутай гэж үзээд долоон жил хорих, хоёр жил тэнсэн харгалзах, 28 мянган ам.долларын торгууль төлөх шийтгэл ногдуулсан юм. Кацав нэг эмэгтэйтэй л харилцан тохиролцсоны үндсэн дээр ойртсон, хүчирхийлсэн зүйл огт байхгүй гэж тас гүрийсэн ч нэмэр болсонгүй. Мөн л дур тачаалын хөлөнд чирэгдээд эрх мэдэл ч үгүй, нэр алдар ч үгүй, мөнгө ч үгүй.
Хүйтэн дайны үед Америкийн Батлан хамгаалахын сайд асан Пол Вулфовицийн бас нэгэн жишээ бий. Энэ хүнийг 2005 онд Дэлхийн банкны Ерөнхийлөгчөөр томилсон юм. Гэтэл эхнэрээсээ салаад удаагүй байсан П.Вулфовиц нь өөрийн удирдлагад ажилладаг Шаха Али Риза гэгч бүсгүйтэй учир ургуулжээ. Дэлхийн банкны Ерөнхийлөгч ажилтантайгаа амрагийн харьцаа тогтоох ёсгүй болохоор хүмүүс жиг жуг гээд эхэлж. Ийм чухал суудалд өөрийн хүнийг байлгах нь байгууллагын дотоод журамнаас илүү чухал тул Америкийн засгийн газар эмэгтэйг өөр газар ажилд томилов. Гэтэл 2007 онд шалгалт хийх үеэр П.Вулфовиц амрагийнхаа цалинг шууд 61 мянган ам.доллараар нэмсэн нь илэрчээ. Дэлхийн банкны журам ёсоор ажилтны цалинг нэг удаад 30 мянган ам.доллараас илүүгээр нэмэхийг хориглодог. П.Вулфовиц аргагүйн эрхэнд суудлаасаа буусан нь ойлгомжтой. Энэ удаад ч дур тачаал бусад гурвыгаа хөлдөө чирээд балласан.
Дэлхийн маш олон орны асар их нууц мэдээллийг интернэтэд ил тавьж ихээхэн дуулиан тарьсан Жулиан Ассанжийн хэрэг байна. Ж.Ассанж нь нууц материалуудыг ил болгосны дараа дэлхийн хамгийн нэр алдартай бөгөөд багагүй нөлөөтэй нэгэн болсон байв. Нэр алдар нь ид явж байх үед түүнийг эмэгтэйчүүдийн эрхийг улайран хамгаалагч гэдгээрээ алдартай Анна Ардин гэгч эмэгтэй Шведэд урьж уулзалт зохион байгуулж. Уулзалтын дараа А.Ардин нь Ассанжийг үдэшлэгт урьж, шөнийг хамт өнгөрүүлжээ. Энэ явдлаас хойш төд удалгүй Ж.Ассанж нь А.Ардины найз Софи Вилен гэгчтэй танилцан мөн л шөнийг хамт өнгөрөөж. Хоёр эмэгтэй адал явдлынхаа талаар “Twitter” дээр бичээд хэсэг хөгжилдөж байснаа гэнэт Жулиан Ассанжийн хувьд ердөө л тоглоом, хэн ч биш байсан байна гэдгээ ойлгосон юм байх. Тэгээд бэлгийн харилцагчаа богино хугацаанд хурдан сольно гэдэг нь мэхлэж байгаатай агаар нэг, харин мэхэлнэ гэдэг хүчирхийлсэнтэй адил гэсэн дүгнэлтийг хоёр эмэгтэй зэрэг хийгээд хоёул цагдаад ханджээ. Жендерийн тэгш эрхийн төлөө тэмцэгч өмгөөлөгч хөлслөн шүүхэд хандаж, хүчирхийлсэн гэх эрүүгийн хэрэг үүсгүүлэв. Улмаар Ж.Ассанжийг АНУ-ын Төрийн департаментийн ээлжит нууц захидал харилцааг ил болгосны дараанаас Интерпол мань эрийг хүчингийн хэрэгт сэжиглэн эрэн сурвалжилж эхэлсэн байдаг. Түүнийг Их Британид баривчилсан ч барьцаагаар түр сулласан. Суллахдаа паспортыг нь хураан авч, хөлд нь электрон цагираг зүүж, өдөр болгон цагдаагийн газар ирж бүртгүүлэхийг үүрэгдсэн. Гэвч мань хүн өөрийг нь удахгүй интерополын шугамаар Швед рүү аваачаад, тэндээсээ АНУ- руу гаргаэ нууц задруулсан хэргээр цаазаар авах ял оноож магадгүй гэдгийг ойлгоод Лондон дахь Эквадорын элчин сайдын яамны байранд зугатан ороод өнөөдрийг хүртэл тэндээ бүгсээр. Дур тачаал бусад гурвыгаа бас л хөлдөө чирсэн нь энэ. Поп хөгжмийн хаан гэгддэг М.Жексон өөд болоод дөрвөн жил болж байгаа ч алдартай хэвээр. Түүнийг амьд ахуйд мөнгөнд нь шунасан хүмүүс хоёр ч удаа бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан хэргээр шүүхэд өгч байсан юм. М.Жексонтой найзын харьцаатай өсвөр насны хүүхдүүдээ эцэг эхчүүд нь албадаж байгаад түүний эсрэг мэдүүлэг өгүүлэн асар их мөнгө нэхэн заргалдаж ихээхэн дуулиан дэгдээж байсан. Хоёр удаагийн хэргийн нэгд нь тэр 22 сая ам.доллар өгөөд салсан бол дараагийн хэрэгт нь шүүхээс буруугүй гэж үзээд цагаатгасан. Энэ бол атгаг санаатай хүмүүс ах дүү дөрвийн дотроос мөнгө, нэр алдар хоёроор далимдуулж, дур тачаалыг хоосон гүжирдсэн хэрэг. М.Жексон зөвхөн өмгөөлөгч нартаа гэхэд л 100 сая ам.доллар төлсөн байдаг. Тоочоод байвал Билл Клинтон ба Моника Левински, Сильвио Берлускони ба Рубигийн хэрэг гээд олон бий. Манай улсад ч ах дүү дөрвийн тэнцвэр алдагдаснаас болж нэгэн нөлөө бүхий албаны түшмэл сэрдэгдэн багагүй дуулиан дэгдээж байсныг уншигч лав санаж байгаа байх.
Ямартай ч оргил өөд тэмүүлж яваа хүмүүс ах дүү дөрвийг жигд авч явахгүй л бол энэ мэт хэрэг тасрахгүй гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх.