Коммунизм байгуулж байсан Зөвлөлт Холбоот Улсад оросууд өөрсдөө нэг ч их дуртай байсангүй. Ерөнхийдөө ЗХУ-ын түүхнээ дөрвөн удаагийн их цагаачлалын аян өрнөсөн гэдэг. Оросын их цагаачлал буюу гадаад руу дүрвэх их аян нь янз бүрийн учир шалтгаантай байж. Эдийн засгийн байдлаас, улс төрийн шалтгаанаар, хувийн болон бусад шалтгаануудаас болоод аргагүйн эрхэнд эх орноосоо дүрвэцгээж байж.
Эхний давалгаа
Цагаачлалын эхний давалгаа Октябрийн социалист их хувьсгалын дараагаар 1918-1923 онд цэргийнхэн, энгийн иргэд зөвлөлт засагт дургүйцсэндээ, иргэний дайнаас залхаад, өлсгөлөнгийн улмаас эх орноо орхиход хүрсэн гэдэг. Үүнийг “цагаан цагаачлал” ч гэдэг. Энд мэдээж хамгийн түрүүн зөвлөлт засаг, большевикуудын заналт дайсан “ангийн дайснууд” аргагүйн эрхэнд явцгаасан. Энэ үед Европын орнууд, Алс Дорнодын орнууд руу 1,5-3 сая хүн дүрвэн гарсан гэсэн баримт бий.
Хоёр дахь давалгаа
Дэлхийн хоёрдугаар, эх орны дайны үе буюу 1941-1945 он, ЗХУ-ын их хэлмэгдүүлэлтэй холбоотойгоор цэргийн олзлогдогсод, ажилчид, Гитлерийн Германы эзэмшилд байсан нутгийнхан гадаад орнууд руу дүрвэн гарсан хүний тоо найман сая хүрсэн гэдэг.
Гурав дахь давалгааЭнэ бол 1948-1989, 1990 он хүртэлх хугацаа буюу хүйтэн дайны үе. Энэ их урсгалыг голдуу угсаатны зүйн талаас болсон гэж үздэг байна. Еврей, немцүүд, армянуудад зөвлөлт засаг тийм ч таатай хандахгүйгээс болж нийтдээ 347 мянган хүн гадаад руу дүрвэн гарсан байна. Зарим эх сурвалж хагас сая хүн ч гэдэг.
Дөрөв дэх давалгаа
1990 оноос хойш. Энэ бол мэдээж ЗХУ тарсантай холбоотой, эдийн засгийн байдал ч нөлөөлсөн. Нөгөө талаар 70-80 жил хаалттай нийгэмд амьдарсан хүмүүс коммунизмаас илүү сайхан амьдрал байдаг юм байна гэдгийг сая л олж хараад, гадаад явах эрхтэй болмогцоо гадагшаа тэмүүлсэн хэрэг. Энэ үед 2,0 сая гаруй хүн гадаад орнууд руу цагаачилжээ. Голдуу дээд боловсролтой иргэд сурахаар, аялахаар яваад л тэндээ үлдэж байсан гэдэг.
Одоо ч ОХУ-аас дүрвэж гадаад оронд цагаачлах аян үргэлжилсээр байгаа. Энэ нь голдуу гэмт хэрэгтнүүд ял завшин зугтаах, оюуны чадавхитай хүмүүс мэдлэг чадвараа үнэлүүлэхийн тулд гадаад орныг зорих хэлбэрээр үргэлжилж байгаа гэж судлаачид үздэг байна.