Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Обамагийн тангараг өргөх ёслолд 100 сая ам.доллар зарцуулна


Эдийн засаг, цэрэг, улс төрийн нөлөөгөөрөө дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн бол АНУ. Гэхдээ Европоос ирсэн цагаач, Африкаас зөөсөн хар арьст боолчуудын босгосон энэ улс шууд л хүүгээс бэрс гарчихсангүй. Олон зуун жил үргэлжилсэн амаргүй зам туулсан. 1789 оны дөрөвдүгээр сарын 30-нд Америкийн анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон Нью-Йорк хотноо тангараг өргөөд “Тэнгэр намайг тэтгэг” гэсэн домогт үгээ хэлсний дараагаар найрал хөгжим нь “Бурхан тэнгэр хатан хааныг ивээг” нэртэй Их Британийн төрийн дууллыг тоглож байсан түүхтэй. Их Британийн колончлолоос дөнгөж ангижирсан шинэ тусгаар улс өөрийн гэсэн төрийн дуулалгүй байсан болохоор тэр. Тэр цагаас хойш олон жил өнгөрч АНУ  Ерөнхийлөгч нь тангараг өргөхөд эгшиглүүлдэг өөрийн гэсэн төрийн дуулалтай төдийгүй дэлхийн тавцанд дархан эрхтэй, манлайлагч улс болж. Жорж Вашингтоны тангараг өргөх ёслолыг зөвхөн америкчууд анхааран сонирхож байсан бол өнөөдөр Обамагийн тангараг өргөх ёслолыг дэлхийн нийтээр анхааралтайгаар үзэж байна.

Энэ жилийн ёслол ихээхэн өвөрмөц болж байгаа.Учир нь, Америкийн хамгийн анхны бөгөөд улиран сон­гогд­сон анхны хар арьст Ерөн­хийлөгчийн тангараг өр­гөх өдөр нь хар арьст аме­рикчуудын эрхийн төлөөх алдарт тэмцэгч Мартин Лютер Кингийн баярын өдөртэй давхцаж байгаа юм.

Жар гаруй жилийн тэртээ Мартин Лютер Кинг цогтой үг, бодит жишээгээр хар арьстнуудын иргэний эрхийн төлөө тэмцэж байгаагүй бол өнөөдөр Барак Хусейн Обама гэдэг хар арьст хүн улиран Ерөнхийлөгчөөр сонгогдох нь бүү хэл сонгуульд өрсөлдөх талаар төсөөлөх ч үгүй явах байсан биз. Дэлхийн хамгийн ардчилсан улс гэгддэг АНУ-д Лютер Кингийн үед иргэдээ арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, хавчих нь хэвийн үзэгдэл байсан билээ. Мартин Лютер Кинг Америкт хүнийг арьсны өнгөөр ялгаврлан гадуурхах гаж үзэгдлийг Аме­рикийн нийгмийг хагалан бу­таргалгүй, цус урсгасан зэвсэгт тэмцэл хийлгүй тайван аргаар эсэргүүцэн бодит үр дүнд хүрч, улмаар нийгмийг нэгтгэсэн том гавьяатай юм. Өнөөдөр хүчирхэг Америкийг хөл дээрээ баттай зогсоход түүний оруулсан зүтгэл асар их. Иймд америкчууд жил бүрийн эхний сарын гурав дахь ням гарагийг Мартин Лютер Кингийн өдөр болгон улс даяараараа тэмдэглэдэг баярын өдөр болгосон юм. Тэгэхээр нэг ёсондоо Обамагийн танга­раг өргөх ёслол нь Мартин Лютер Кингийн хийж байсан тэмцлийн охь, цогтой тэмцэгчийн үйл хэрэг талаар өнгөрөөгүй гэдгийг америкчуудад, дэлхийн нийтэд харуулж байгаа хэрэг билээ.

Тангараг өргөх ёслолын хувьд гэвэл 1933 оныг хүртэл Америкийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол гуравдугаар сарын 4-нд тангараг өргөдөг байв. Гэвч хуучин ба шинэ Ерөнхийлөгч нарын алба солилцох хүртэлх шилжилтийн үе дэндүү урт байна гэж үзээд 1933 оноос эхлээд нэгдүгээр сарын 20-нд хуу­чин нь албаа өгч, шинэ нь хүлээн авдаг болсон аж. Ёслолын ажиллагаа нь шинээр сонгогдсон Ерөнхийлөгч ба дэд Ерөнхийлөгч гэргий нарын хамт Цагаан ордонд хүрэлцэн ирснээр эхэлнэ. Тэднийг суудлаа өгөх Ерөнхийлөгч ба дэд Ерөнхийлөгч нар гэргий нарын хамт угтан авч цай ууцгаана. Дараа АНУ-ын Конгресс хуралддаг Капитолий руу хөдөлнө. Хоёр дэд Ерөнхийлөгч суусан машин эхлээд, хоёр Ерөнхийлөгчийн гэргий нар дараа нь, сүүлд нь хугацаа нь дууссан ба сонгогдсон Ерөнхийлөгчийн суусан машин хөдөлдөг. Машин дотор өгөх нь баруун гар талд, авах нь зүүн гар талд сууна. Үд дундаас 15 минутын өмнө Капитолийн ордны баруун талын шатан дээр гарч ирсэн Конгресс болон Сенатын гишүүдийн өмнө сонгогдсон дэд Ерөнхийлөгчийг тангараг өргүүлдэг. Үд дундад Дээд шүүхийн тэргүүлэгч сонгогдсон Ерөнхийлөгчийг тангараг өргүүлнэ. Ерөнхийлөгч ёслолын үг хэлнэ. Дараа нь Ерөнхийлөгчийн машины цуваа Капитолийгаас Пенисльвани-авеню гудамжаар Цагаан ордон руу хөдөлдөг. Ингэхдээ шинэ Ерөнхийлөгч машин дотор баруун гар талд нь сууж явна. Суудлаа тавьж өгсөн Ерөнхийлөгч Капитолийн ард байдаг зүүн талын талбай дээрээс Ерөнхийлөгчийн нисдэг тэргээр Эндрюс дахь цэргийн бааз руу ниснэ. Төгсгөлд нь ёслолын жагсаал болж, шинээр Ерөнхийлөгч Цагаан ордны өмнөх индрээс жагсаалыг хүлээн авдаг. Орой нь ба маргааш өдөр нь Вашингтонд Ерөнхийлөгч нь хэд хэдэн хүлээн авалт, бүжигт цэнгүүнийг зохион байгуулдаг уламжлалтай.

Ёслолын ажиллагаанаас олон нийтийн хамгийн их анхаардаг зүйл нь шинэ Ерөнхийлөгчийн үг. Алба хаших дөрвөн жилийн ерөнхий хандлага, гол зорилго зэргийг товлодог гэж үздэг болохоор тэр. Жишээлэхэд, 16 дахь Ерөнхийлөгч Абрахам Линкольн: ”Нэг хүнийг хэсэг зуур хуураад явж болно. Хэсэг хүнийг үргэлж хуураад явж бас болно. Харин хүн болгоныг үргэлж хуураад явж чадахгүй”.

35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннеди: «Танай улс таны төлөө юу хийсэн юм бэ гэж бүү асуу. Та өөрийнхөө улсын төлөө юу хийж чадах вэ гэж асуу!»  гэх мэт олон үг өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй хэвээр.

Ерөнхийлөгчийг үг хэлэхийг, ёслолын жагсаалыг харахаар олон зуун мянган хүн цуглардаг. Одоогийн Ерөнхийлөгчийг анх тангараг өргөх үед сая 800 мянган хүн хүрэлцэн ирж сонирхсон нь дээд амжилт юм. Ёслолыг биеэр үзэж сонирхохын тулд тасалбартай байх хэрэгтэй. Энэ удаагийн ёслолын 250 гаруй тасалбарыг Конгрессийн 113 гишүүнд хувиарласан бөгөөд гишүүд өөрийн сонгогчдын дунд үнэгүй тараах аж. Тангараг өргөх ёслолын ажиллагааны салшгүй нэг хэсэг нь хүлээн авалт ба бүжигт цэнгүүн. Анхны бүжгийн цэнгүүнийг дөрөв дэх Ерөнхийлөгч Жеймс Мэдисон Вашингтон хотноо зохион байгуулж байжээ. Харин дөрөв дараалан сонгогдсон 32 дахь Ерөнхийлөгч Франклин Рузьвельт эхний удаад бүжигт цэнгүүний үеэр ажиллаж, дараагийн гурван бүжигт цэнгүүнийг эдийн засгийн  их хямрал, Дэлхийн хоёрдугаар дайны улмаас халж байсан аж. Обама эхний удаад сонгогдохдоо арван бүжигт цэнгүүн зохион байгуулж байсан бол энэ удаад ердөө хоёрыг хийх аж. Мөн нэгэн чухал зүйл байдаг. Аль намын төлөөлөл ялснаас үл хамаараад Америкт Засгийн эрх тасралтгүй залгамжлагдан шилжиж, нийгэм нэгдмэл байгааг билгэдэн ёслолын ажиллагаанд амьд сэрүүн яваа бүх экс Ерөнхийлөгч оролцдог уламжлалтай. Гэвч энэ удаад Бүгд найрамах намаас нэр дэвшин ялж байсан эцэг, хүү Буш оролцохгүй болжээ. Учир нь эцэг Бушийн бие чилээрхүү хүү нь сахин халамжилж байгаа болохоор ийнхүү оролцох боломжгүй болсон байна. Эцэг, хүү хоёр 2009 оны ёслолын ажиллагаанд хоёул оролцож байсан юм. Тэгэхээр энэ удаагийн ёслолын ажиллагаанд Билл Клинтон, Жон Картер гэсэн хоёр л экс Ерөнхийлөгч оролцох аж.

Нүсэр том арга хэмжээ болдог болохоор асар их хөрөнгө зардаг нь мэдээж. Обамагийн өмнөх ёслолын үеэр 160 сая ам.долларыг зарсан байдаг. Энэ удаад ихээхэн хэмнэлт гаргана гэж мэдэгдээд байгаа ч зуун саяыг ямар ч байсан давах төлөвтэй байгаа юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан