Барак Обама ирэх даваа гаригт хоёр дахь удаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө. Дөрвөн жилийн өмнө яг өдийд АНУ-ын түүхэнд нэн шинэ хуудас нээж, анхны хар арьст Ерөнхийлөгч хэмээгдэн тангараг өргөж байсан тэр цаг үеийн Б.Обама өнөөдөр харин өөрчлөгдсөн нь бүхний нүднээ ил. Гэхдээ энд түүний үзэл бодол, байр суурийн талаар ярьсангүй. Гаднах төрх байдлыг нь хэлж байгаа юм. Барак Обама Ерөнхийлөгчөөр ажилласан дөрвөн жилийн хугацаанд тэргүүн нь хэрхэн бууралтаж, үрчлээ нэмэгдсэнийг хэвлэлүүд 2008 оны зурагтай нь харьцуулан нийтэлж байна. Яг л үе үеийн Ерөнхийлөгч нарын туулдаг замаар дөрөвхөн жилийн дотор төрийн тэргүүнүүд ямар хурдан өтөлж, овор нэмдэг болохыг Б.Обама ч үүгээр харууллаа. Одоо ердөө 51 настай Б.Обамагийн дөрвөн жилийн өмнөх хөргийг харвал хар үстэй, арьс нь жигд гөлгөр, нүд нь гялалзсан, үл мэдэг үрчлээтэй байв. Харин өнөөдөр түүний үрчлээ гүнзгийрч, нүүрний толбууд нь тодрон, үс нь нэлэнхүйдээ цайрчээ.
Цагаан ордын эмч ч Ерөнхийлөгч дөрвөн жилийн өмнөхөөс илт өтөлсөн болохыг Вашингтон Пост сонинд ярьжээ.
Байнгын стресс, олон төрлийн асуудалд өдөр шөнөгүй санаа тавьж явдаг улс орны удирдагчийн ажил гэдэг ямар ч хүнийг ингэж хурдан өтлүүлдэг. Тэр тусмаа зөвхөн улс орныхоо дотоодын асуудалд бус олон улсын үйл хэрэгт оройлох үүрэгтэй оролцдог АНУ шиг дэлхийн №1 эдийн засаг бүхий супер гүрнийг удирдаж байгаа Ерөнхийлөгчийн алба үнэхээр амаргүй хүнд даваа болох нь нүүр царайнаас нь бэлхнээ мэдрэгддэг. Тус бүр хоёр бүрэн эрхийн хугацаанд төрийн тэргүүнээр ажилласан Жорж Буш, Билл Клинтоны харьцуулсан зургууд үүний тодорхой жишээ. Тэд Ерөнхийлөгчийн өдөр тутмын үүрэгт ажлаас гадна Жорж Буш есдүгээр сарын 11-ний халдлага, Иракийн дайн, Билл Клинтон гэр бүлээ хуурсан хэрэг нь дэлхий даяар илчлэгдэж, нүүрээ улалзуулсан гээд хүнд үеүдийг туулж гарсан учир Цагаан ордныг орхихдоо цал буурал толгойтой болсон байв. АНУ-ын домогт Ерөнхийлөгч А.Линкольны хөрөг зургуудаас харахад иргэний дайны аймшигт жилүүд түүний нүүр царайд ямар гүн ул мөр үлдээсэн нь харагддаг.
Гэвч нүүр царай хөгшрөх нэг хэрэг. Ерөнхийлөгчийн бие, эрүүл мэнд хангалттай сайн байгаа хэмээн Цагаан ордон мэдэгдэж байна. Б.Обамагийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхлэхтэй зэрэгцэн түүний эрүүл мэндийн бүрэн шинжилгээний дүнг удахгүй олон нийтэд танилцуулна. Суудлын ажилд өдөржин дарагддаг ч Б.Обама дасгал хөдөлгөөн хийхэд цаг зав байнга гаргадаг, гүйлтийн зам дээр гүйдэг, сагс тоглож, хүндийг өргөлт зэрэг спортоор хичээллэдэг. Энэ нь биеэ эрүүл байлгахаас гадна стресс тайлах сайн арга болдог хэмээн эмч нь мэдээлжээ. Тиймдээ ч 1,85 м өндөр Ерөнхийлөгчийн биеийн жин хэвийн буюу 82 кг байгаа гэнэ.