Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ӨӨД БОЛСОН Ч ТЭТГЭВРЭЭ АВДАГ ГРЕКЧҮҮД

Европын холбооны улс дотроос эдийн засгийн хамгийн гүн хямралд орсон улс нь Грек. Улмаар Грек нь бүрмөсөн дампуурчихгүйн тулд төсвийн ажилчдын цалинг хасах, тоог цомхотгохоос эхлээд бүх төрлийн тэтгэмж, тэтгэлэг, тэтгэврийн хэмжээг эрс хассан нь грекчүүдийн дургүйцлийг маш ихэр хүргэсэн. Гэтэл цөөнгүй грек хүн хямралын улмаас багагүй нимгэрсэн хэтэвчээ өөд болсон ойр дотны хүмүүсийнхээ тусламжтайгаар зузаалах “мэргэн арга” олжээ.
Эдийн засгийн хямралын улмаас төсвийн алдагдлаа бүх л арга чаргаар багасгахаас өөр замгүй болсон Грекийн Засгийн газар улсаас олгодог тэтгэвэр, тэтгэмжийн салбарт нарийвчилсан шалгалт хийсэн байна. Ингэтэл 63,5 мянган сэргэлэн грекүүд хэдийнэ өөд болсон төрөл садны хүмүүсийн өмнөөс нэлээд хэдэн жилийн турш тэтгэвэр, тэтгэмжийг нь аваад сууж байсныг илрүүлэх нь тэр. Грекийн тэтгэврийн сарын дундаж хэмжээ тэр үед 1600 евро байсан гэхээр 63,5 мянган грек хүн хэдий хэмжээний мөнгө цохисныг багцаалдаж болох юм. Энэ грекчүүд талийгаачдадаа талархал илэрхийлж христийн шашны ёсоор хойдохыг нь дурсан сүмд цөөнгүй тооны лаа асаасан нь гарцаагүй. Харин энэ байдал Грекийн Засгийн газарт огт таалагдсангүй. 2012 эхээр дээрх тооны хүмүүст тэтгэвэр өгөхийг нэн даруй зогсоосон. Мөн ийм төрлийн гэмт хэрэгт үзүүлэх шийтгэлийг чангалж, хоосон төлсөн мөнгөө шүүхээр дамжуулан заавал буцаан авах бодолтой байгаагаа мэдэгдсэн юм.
Гэтэл 2013 он гарсны дараа тэтгэврийн салбарт дахин шалгалт хийхэд сэргэлэн грекчүүд тийм ч амархан “бууж өгдөг” хүмүүс биш болж таарав. Шалгалтын явцад 50 мянга гаруй хүн өөд болсон өндөр настнуудынхаа өмнөөс 2012 оны туршид тэтгэвэр аваад “хэвтэж” байсан нь илэрчээ. Мэдээж Засгийн газар хий үзэгдлүүдэд мөнгө төлөхийг нэн даруй зогсоож луйвардуулсан мөнгөө заавал буцааж авахаа ахин мэдэгдэж, хууль хяналтын байгууллагууд “сэргэлэн нөхдүүдийн” эсрэг  эрүүгийн хэрэг үүсгээд байна. Эдийн засгийн хямралын улмаас тэтгэвэртээ гарсан грекчүүдийн авдаг мөнгөний хэмжээ багассан ч 1000 еврогоос буурсан нь юу л бол. Энэ тоог 50 мянгаар үржүүлээд үзээрэй. Тэгэхээр Европын холбооноос авсан тусламжийн олон тэрбум еврогоос хэд нь буянтай өөд бологчдын ачаар сэргэлэн төрөл саданд нь очсоныг тооцож болно. Улмаар энэ оны гуравдугаар сараас эхлээд Грекийн хүн амын бүртгэлийн албад ба тэтгэврийн кассууд хоорондын уялдаа холбоог улам нарийвчилсан шинэ систем ажиллаж эхлэх юм. Ингэснээр тэтгэвэр авагчийг өөд болсон даруйд тэтгэврийн төлөлтийг нэн даруй зогсоодог болох юм байна.
Өөд болсон ч тэтгэврээ “аваад байсан” хүмүүстэй газар дан ганц Грек биш. Эдийн засгийн хүч, хүмүүсийн орлогын хэмжээгээр Грекээс хамаагүй илүү Японд 2010 онд мөн үүнтэй яг адил хэрэг гарч бөөн дуулиан тарьж байсан билээ. Хяналтын байгууллагууд бичиг баримтын нарийвчилсан шалгалтын явцад олон хачирхалтай зүйл илрүүлж нүд нь орой дээрээ гарсан байдаг. Жишээлэхэд, Нагоя мужид аль хэдийнэ 200 нас хүрсэн эрэгтэй “амьдарч байгааг” тогтоожээ. Нас дээр гарсан хүн сар болгон тэтгэврээ ном ёсоор нь авч байсан болохоор ямар ч байсан очиж шалгахаар шийдэж. Тэгтэл тэтгэврийн эзэн өөд болоод удаж байгаа ч төрөл садан нь мэдээллийг хав дараад, өмнөөс нь олон жилийн турш тэтгэврийг нь авч байсан нь илэрсэн юм.
Энэ хэргийн дараагаар Японы Эрүүл мэндийн яам 100 нас давсан хүмүүсийн амьдарч байгаа газрыг тодруулах арга хэмжээ авсан. Ингэтэл дээрхтэй адилаар өөд болсон тухай нь мэдэгдэлгүй нуугаад, тэтгэврийг нь аваад сууж байсан олон хэрэг дараалан илэрсэн байдаг. Жишээлэхэд, өрхийн тэргүүн нь тэртээ 1978 онд өөд болсон байтал тас нууж байгаад охины хамтаар тэтгэврийг нь 30 гаруй жилийн турш авч байсан 81 настай бэлэвсэн эхнэр, 53 настай охин хоёрыг цагдаа нар баривчилсан. Тэтгэвэр нь талийгчийн дансанд шууд шилждэг болохоор хэн ч юу ч сэрдээгүй бөгөөд тэд 100 мянга гаруй ам.доллар завшсан байжээ. Харин буянтай талийгаачийн цогцсыг гэртээ тусгай өрөөнд хадгалж байсныг олсон байдаг. Мөн Токио хотын цагдаа нар 64 настай өвгөний гэрт үзлэг хийтэл олон жилийн өмнө өөд болсон ч мөн л тэтгэврээ тогтмол “авч” байсан ээжийнх нь араг ясыг олжээ. Япончуудын гайхлыг хамгийн их төрүүлсэн өөр нэг хэрэг Токиогийн Ота мужид гарсан байдаг. Тэнд нас дээр гарсан япон эрийн үүргэвчээс ээжийнх нь арга ясыг олсон юм. Бичиг баримтаар бол ээж нь 104 настай боловч бүр 2001 онд 95-тайдаа өөд болсон байжээ. Хүү нь харин хэдэн жилийн дотор ээжийнхээ өмнөөс тэтгэвэр гэж 14 мянган ам.доллар данснаас нь авсан байв. Хэргийн эзэн мэдүүлэг өгөхдөө ээжийгээ хөдөөлүүлэх мөнгө байхгүй байсан болохоор өөд болсон гэдгийг нь нуусан гэжээ. Энэ мэт хэдэн зуун хэрэг тэгэхэд илэрсэн. Эдгээр дуулиант хэргийн дараа Японы эрүүл мэндийн яам илүү нарийн шалгалт явуулахад тэтгэврээ тогтмол авсаар ирсэн тэртээ 1824 онд төрсөн хүн байсныг олсон байдаг.
Японоос өөр улсад бол тэтгэвэр олгодог газрууд ийм өндөр настай хүн сар болгон сайхан гэгч нь тэтгэврээ авч байгааг мэдээд шууд л хар авах байсан биз. Гэтэл япончуудын дундаж наслалт дэлхийд хамгийн өндөр. Эмэгтэйчүүдийнх 86.4 жил, эрэгтэйчүүдийнх 79.59 жил. Тэгэхээр Японд 100 ба түүнээс дээш настай 40 мянга гаруй хүн амьдарч байгааад гайхах зүйлгүй.  100 нас хүрсэн өндөр настан болгонд Ерөнхий сайдын нэрийн өмнөөс үнэтэй дурсгалын бэлэг гардуулдаг уламжлалтай. Бэлэг өгөх ёслолд тухайн өндөр настны харьяа хот, дүүргийн төлөөлөгчдийг урьж оролцуулах нь цөөнгүй байв. Харин дээрх дуулиант хэргүүд гарсны дараа тухайн үеийн Японы Ерөнхий сайд байсан Наото Кан нь хот, тосгодын захиргааны ажилтнуудыг өндөр настан болгоныд биечлэн очиж баяр хүргэж байхыг шаардсан байна. Энэ шаардлагыг Эрүүл мэндийн сайд байсан Акира Нагацума тайлбарлан тодруулахдаа жил болгоны есдүгээр сарын гурав дахь даваа гаригт орон даяар тэмдэглэдэг Ахмад настнуудын хүндлэх баярын өдрөөр ингэж баяр хүргэх нь хамгийн тохиромжтой гэсэн байдаг. Ингэснээр 90-ээс дээш настай хэр олон хүн тухайн хот, тосгон, дүүрэгт амьдарч байгааг бодитоор тогтоох боломжтой болно гэж тооцсон хэрэг л дээ.
Өнгөрсөн хүний өмнөөс төдийгүй огт байгаагүй үйлчилгээний төлөөс гэж улсаас мөнгө луйвардах хэрэг дэлхийд цөөнгүй гардаг. Саяхан гэхэд л Армениас гаралтай 40  хүн зөвхөн цаасан дээр байгуулсан эмнэлэгт үзүүлсэн гэж бодит эмч нарын талаарх хулгайлсан баримтыг ашиглан Америкийн Засгийн газар нэхэмжлэх гаргаад эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний нөхөн төлбөр гэж 100 сая ам.доллар завшсан нь илэрч ихээхэн шуугиан дэгдээсэн. Манайд ч гэсэн нэгэн аймагт халамжийн байгууллагад танил тал­тай хүмүүс гэр бүлийн ги­шүү­дээ бараг бүгдийг нь хө­дөлмөрийн чадваргүй гэж хуурамч бичиг баримт бүр­дүү­лэн бүртгүүлчихээд сар бол­гон “группийн” мөнгө авдаг байсан нь илэрч байсан санагдаж байна.

Б.Бадрал

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан