Лондон
хотын төвөөр эхнэртэйгээ салхилж явсан Энэтхэгийн армийн генералын
аминд халдах гэсэн хэрэг өчигдөр гарлаа. Халдлага үйлдэгсэд генералын
хүзүүнд нь хутгалан хүнд гэмтээжээ. Генерал түүн рүү дайрсан хүмүүс хар
хувцастай, урт бавгар сахалтай байсан гэжээ. Кудлип Сингх Брар гэдэг энэ
генерал нь тэртээ 1984 онд сикхүүдийн бослогыг дарах ажиллагаанд
оролцож байсан аж. Тиймээс аминд халдсан явдал сикхүүдийн өс авах гэж
оролдлого гэж үзэж байгаагаа хэлэв. Сикх эрчүүд урт чамин сахал ургуулах
ёстой байдаг аж. Генералд хийсэн хагалгаа амжилттай болж, амь насанд
аюулгүй болсон тухай Лондоны цагдаагийн газар мэдэгдлээ.
Сикхүүд
нь тухайн үедээ өөрийн оршин суудаг нутгийг Энэтхэгээс тусгаарлаж,
Халистан нэртэй улс байгуулахыг шаардсан байдаг. Улмаар Энэтхэгийн арми
тэдний эсрэг байлдааны ажиллагаа явуулахаас өөр аргагүй болжээ.
Сикхүүдийн ариун шүтээн гэгддэг Алтан сүмийг Энэтхэгийн арми танк
ашиглан нурааж байсан билээ. Энэ ажиллагааны улмаас 800 орчим сикх амиа
алдсан гэж үздэг. Бослогын дараа Энэтхэгийн үндсэрхэг үзэлтнүүд
сикхүүдийн эсрэг үймээн дэгдээж ахин гурван мянга гаруй хүний аминд
хүрсэн юм.
Хариуд нь сикхүүд бослогыг нь нухчин дарахад оролцсон,
тушаал өгч байсан хүмүүсээс өс авах ажиллагаа явуулжээ. Бослогыг
цэргийн хүчээр дарах тушаал өгсөн Энэтхэгийн тухайн үеийн Ерөнхий сайд
Индра Гандийг сикх бие хамгаалагч нь буудан хороосон билээ. Үүний дараа
мөн л сикхүүдийн эсрэг үймээн дэгдэж, олон мянган сикх хүн амиа алдсан
юм. Сикхүүд нь Энэхтэгийн хүн амын ердөө хоёр хувь ч эртнээсээ ихэд
дайчин үндэстэн болохоор өнөөдөр ч гэсэн Энэтхэгийн армийн албан
тушаалтнуудын 20 хувийг эзэлдэг.