АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа гол хоёр нэр дэвшигч анхны халз мэтгэлцээнээ явуулах гэж байна. Мэтгэлцээн Колорадо мужийн Денвер хотод болно. Цаг хагас үргэлжлэх мэтгэлцээний хөндөх сэдэв нь дотоод бодлогын асуудлууд. Уулзалтыг АНУ-ын телевизийн үндсэн бүх суваг, интернэт мэдээллийн сайтууд, YouTube-ээр шууд дамжуулан үзүүлнэ. Саяхан явсан судалгаагаар энэ мэтгэлцээнийг Америкийн насанд хүрэгчдийн 80 хувь нь үзнэ гэж мэдэгджээ.
Хэлэлцэх дотоод асуудлын хамгийн чухал нь эдийн засаг. Ромни багагүй амжилтад хүрсэн бизнесмэн болохоор Обамаг улсын өр ба төсвийн алдагдал нэмэгдэхэд хүргэсэн, арилжаа эрхлэх ямар ч туршлагагүй гэж олонтаа шүүмжилсэн. Обама хариуд нь эдийн засгийг сэргээх багц арга хэмжээ авсан, авто машин үйлдвэрлэгчдийг дэмжсэн, ажилгүйдэл аажмаар буурч байгаа зэрэг чамлахааргүй ололтой ажилласан гэв.
Цаашилбал, одоогийн Ерөнхийлөгч нь жилдээ 200 мянган ам.долларын орлоготой зөвхөн дундаж давхаргын төлөөлөгчдөд л татварын хөнгөлөлт үзүүлэхийн төлөө байгаа. Уламжлал ёсоор томоохон бизнес, баячуудын эрх ашгийг хамгаалдаг Бүгд Найрамдах нам нь хамгийн их татвар төлж байгаа хөрөнгөтнүүдэд ногдуулах татварыг нэмэгдүүлэх нь шударга бус гэсэн байр суурьтай байна.
Энэ мэтгэлцээний үеэр зайлшгүй хөндөгдөх өөр нэг том асуудал бол цагаачлал. Өнгөрсөн зургадугаар сард Обама нь АНУ-д бага насандаа ирсэн, хууль бус цагаачдад иргэн болох боломжийг зөөллөж өгсөн юм. Ингэснээр хүүхэд байхдаа АНУ-д эцэг эхээ даган хууль бусаар цагаачлан орж ирэгсэд таван шалгуурт нийцвэл иргэн болох боломжтой. Үүнд: 16 нас хүрээгүй байхдаа орж ирсэн, АНУ-ын нутаг дээр хамгийн багадаа таван жилийн турш амьдарсан, одоо сургуульд сурч байгаа, эсвэл төгссөн, эрх зүйн зөрчил гаргаж байгаагүй, нас нь 30-аас хэтрээгүй гэж заасан. Энэ хуульд Латин Америк, Мексикээс хууль бусаар ирж суурьшсан 800 мянган хүн хамрагдах боломжтой. Ромни үүнийг эсэргүүцэж байгаа нь мэдээж. Тиймдээ ч цагаачлалын тухай хуулийг ихэд сонирхож байдаг испани хэлтэй хүмүүс Обамаг дэмжиж байна. АНУ-д испани хэлтэй 50 сая гаруй хүн амьдардаг гэхээр Ромнигийн хувьд байдал нэлээн ээдрээтэй мэт. Үүнээс гадна нэр дэвшигчид эрүүл мэндийн салбарын асуудалд хамгийн хурцаар санал зөрөлддөг. Обама эрүүл мэндийн даатгалд үнийг нь бууруулах замаар илүү олон хүн хамруулах өөрчлөлт оруулсан. Ингэснээр эрүүл мэндийн даатгалын салбарт ажилладаг компаниуд өндөр ашигтай байх боломжгүй юм. Энэ нь том бизнесийг дэмждэг Ромнигийн үзэлтэй огт нийцэхгүй бөгөөд Ерөнхийлөгч болвол хуулийн энэ заалтыг хамгийн түрүүнд цуцална гэж мэдэгдсэн.
АНУ галт зэвсэг чөлөөтэй эзэмшдэг орон. Үүнээс болж байсхийгээд л зэвсэг хэрэглэн олон хүний аминд хүрсэн аймшигт хэрэг гардаг. Хамгийн сүүлийн жишээ бол Колорадод кино театрт гал нээн зургаан хүний аминд хүрч арав гаруйг шархдуулсан хэрэг. Энэ хэргийн нэг хохирогч нь нэр дэвшигчдэд хандан зэвсгийн чөлөөтэй ашиглалтын талаар бодитой арга хэмжээ авах, бодит санал дэвшүүлэхийг уриалсан. Гэвч АНУ дахь зэвсгийн лобби, наймаа маш олон хүний амьдралын нэг хэсэг болдог учраас энэ талаар алдаатай үг хэлсэн хүн нь цөөнгүй сонгогчдын саналаа алдах эрсдэлтэй.
АНУ- д мэтгэлцээнийг тусгай жанр болгон их сургуулиудад заадаг, оюутнуудын дунд олон уралдаан тогтмол болдог. Америкчуудын үзэх дуртай нэгэн төрлийн шоу. Тиймээс Өмнөд Иллинойсын их сургуулийн мэтгэлцээний захирал Тедд Гремм нь хоёр нэр дэвшигчийн мэтгэлцэх чадварыг тодорхойлжээ. Юуны өмнө хоёр улстөрч хоёулаа жигд, намбалаг гэсэн давуу талтай. Ромни нь ямар ч асуудлаар ярьсан аливааг сайн мэддэг гэдгээ харуулж чаддаг, хариултынхаа эхний өгүүлбэрүүдийг маш чадварлаг цэгцэлдгээрээ давуу. Харин Обамаг Ерөнхийлөгч гэдгээ хэзээ ч мартдаггүй, тайлбар хийхдээ төв байр сууринаас хандаж чаддаг, ярианы сэдвээ ямагт сайн санадаг гэсэн байна.
Сул талын хувьд Ромни нь хэт намба заах гэдгээсээ болж царай нь зохиомол, хүйтэн болдог. Хамгаалалтаас довтолгоонд шилжих хэрэгтэй мөчийг мэдэрдэггүй, нэг асуултад олон дараалж хариулахдаа будилдаг гэжээ. Обама сэтгэл хөдлөл султай, заримдаа хэт дэлгэрэнгүй, олон үгтэй хариулт өгч үзэгчдийг залхаадаг сул талтай гэсэн байна.
Хоёр өрсөлдөгч нь үүнээс гадна ахин хоёр удаа мэтгэлцээн явуулах юм. Түүхэндээ гол төлөв мэтгэлцээнд ялсан нэр дэвшигч сонгогдсон байдаг ч ялагдсан хүн ч Ерөнхийлөгч болсон тохиолдол цөөнгүй ажээ.