Сирийг тойрсон ээдрээний тухай бид өмнө нь мэдээлж байсан. Гайгүй шийдэгдчих болов уу гэтэл маш том асуудал үүслээ. Туркийн сөнөөгч онгоцыг Сирийн агаараас эсэргүүцэн хамгаалах хүчин унагасан яриа дуусаагүй байтал “Аль-Арабия”суваг ахиад бантан хутгаж орхилоо. Тэдний мэдээгээр Туркийн сөнөөгч онгоцыг Сири, Башар Асадын тал унагаж чадахгүй байтал Орос “ах нар” гүн туслалцаа үзүүлсэн тулдаа унагасан болов. ОХУ нь Тартуст цэргийн баазтай, тэндээсээ Сирийг агаарын довтолгооноос эсэргүүцэх хүчийг удирддаг болж таарлаа. Харин энэ бол Сирид болж буй иргэний дайнд НАТО-оор удирдуулсан Өрнөдийн орнуудын цэргийн хүчин дайрах маш том шалтаг. Катарын тэргүүн НҮБ-ын шийдвэр ямар байхаас үл хамаараад Сирид болж байгаа иргэний дайнд шууд хөндлөнгөөс оролцохыг уриалаад хоёр хонож байна. Тэгэхээр энэ “Аль-Арабия” сувгийн цацсан мэдээллээр шалтаг хийгээд Сирид НАТО-ийн цэргийн хүчин дайрах боломж бүрдэж байгаа юм. Оросууд Башар Асадыг өмөөрч байвч ил цагаан зэр зэвсгээр дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн ийм үед энэ суваг ийм мэдээлэл цацна гэдэг НАТО-гийн цэргийн оролцоог зөвтгөсөн их том алхам.
Ингээд НАТО-ийн явган цэрэг, нисэх хүчний тусламжтайгаар Башар Асадыг түлхэн унагавал бүс нутгийн байдал тун ч ээдрээтэй болно. Муаммар Каддафи, Саддам Хуссейны жишээ байна. Аливаа нэгэн улсын дотор сөрөг хүчин нэртэй цөөнхийг зэр зэвсэг, мөнгөөр дэмжиж байгаад төрийг нь өөртөө тааламжтай байдлаар эргүүлж болдог юм байна гэдгийг бүгд бодитоор харна.
Харин энэ бол БНХАУ, ОХУ-ын хувьд тун ч таагүй. Учир нь, энэ хоёр улс олон үндэстэн, олон шашинтан нийлж бүрэлдсэн улс. Энэ нь зөнч Мухаммедыг доромжилсон талаархи дуулиан намжаагүй байгаа энэ үед үймээн дэгдээх том боломж. Жишээлэхэд, манай урд хөршид Шинжан, Уйгар гээд хэдэн арван сая лалын шашинтантай мужууд байдаг. Орост гэхэд л Татарстан, Башкиртостан, Дагестан, Чечень гээд олон сая лалын шашинтантай нутаг бий. Эдгээр нутгийнхан жишээ аваад маргааш гэнэт тусгаар улс болох гээд үймвэл яана вэ?
Тэгвэл Америк тэргүүтэй Өрнөдийн орнууд хамгийн түрүүнд дэмжиж эхэлнэ. Баталгаатай. Эхлээд мэдээллээр дэмжинэ. Хятад, Оросын дарангуйлагчид сөрөг хүчний эсрэг яаж зэвсэг хэрэглэж байгааг түлхүү харуулна. Босогчдыг зэвсэг, мөнгөөр дэмжинэ. Ливи, Сирид юу болж байгаа, юу болсныг та бид харж байна. Ардчиллын нэрийн өмнөөс бүх зүйл хийгдэнэ. Дараа нь, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцэнэ, бүтэхгүй болохоор нэг улсын тэргүүн Катарын эмиртэй адил гэнэт уриа гаргаад бүгд цэргээ оруулна. Хамгийн гайтай нь та бид энэ хоёр улсын дунд оршиж байгаа. Тэрбум хол давсан хүн амтай БНХАУ-д иргэний дайн үүслээ гээд бодоод үзье л дээ. Хятадын армийн ганц дивиз л засаг байхгүй болж, иргэний дайнаар далимдуулаад хил даваад ороод ирвэл яах вэ? Манай арми тогтоож дийлэх үү? Цөмийн зэвсэгтэй гүрэн шүү. Орост Өвөр байгалийн цэргийн тойргийн нэг дивиз гэнэт бослого гаргаад дайраад ирвэл манайд тогтоож дийлэх хүч бий юу?
Тэгэхээр хэдий хол тэртээ Сири, Ливи, Ирак, Афганистанд өдөр тутам маш эрчимтэй болж байгаа үйл явц өнгөц харахад манайд хамаагүй мэт байж болох ч эцсийн бүлэгт та бидний амьдралтай гарцаагүй холбоотой юм. Ардчилал нэрийн дор төр эргүүлдэг ажиллагааг та бид уухайлан хүлээж авахын өмнө сайн бодмоор. Манай Ерөнхийлөгч ч үүнийг сайн ойлгож байгаагаа харуулсанд ихэд талархаж байгаа. НҮБ-ыг ерөнхий нарийн бичгийн даргыг Иранд айлчлах сургаар дургуйцлээ илэрхийлж дарамталсан улсыг та мэдэж байна уу? Манай улсыг яаж дарамталж байсан нь ойлгомжтой. Харин манай төрийн тэргүүн энэ бүхнийг даван гарч хэнээс ч хамааралгүй тусгаар тогтносон улс гэдгээ харуулж Иранд айлчлан цөмийн объектод нь хүртэл зочилсон. Өнөө маргаашгүй Израйлын онгоцууд бөмбөгдөх гээд байгаа улс шүү дээ. Энэ мэтээр өөрийн гэсэн толгойтой, тэргүүнтэй, бодлоготой гэдгээ цаашид ч харуулж баймаар. Манай хоёр хөршийн дотоод асуудал та бидэнд хамгийн ихээр хамаатай гэдгээ мартаж огт болохгүй.