Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУПЕР ӨГЛӨГЧ

Дэлхийн хамгийн баян хүн байх гэдэг тун ч хэцүү ачаа. Үргэлж л хэн нэгэн нь мөнгө нэхнэ, гуйна, шаардана. Зүгээр ч нэг таван цаас биш хэдэн зуун сая, тэрбум ам.доллараар хэмжигдэх юм ярина. Хуурна, молиг үмхүүлнэ, уйлна, дуулна. Ганц минут тайван, чөлөөтэй байх эрхгүй. Гэхдээ ингэлээ гээд хөрөнгөө бусдад тарааж өгөөд жирийн хүн болсон тохиолдол нэг ч үгүй. Улам л баяжаад, улам нөлөөтэй болоод байдаг. Энэ байдлыг нь дэлхийн хэмжээнд олон нийт ихэд таагүй хүлээж авдаг. Өдөржин шөнөжин мөнгөөр хоол хийж идэх гээгүй л юм бол ганц хүн тэр их хөрөнгөөр яах юм бэ гэцгээнэ. Эзэн нь юмаа мэднэ ээ гээд яваад бай­вал Засгийн газраас эхлээд эгэл ажилчин хүр­тэл бүгд үзэн ядаж эхэлдэг. Ийм болохоор тэрбумтнууд их хөрөнгө мөнгөнийхөө багагүй хэсгийг сайн дураар, эсвэл бусдын шахалтаар өглөг, буяны ажилд хандивладаг, тэгэхээс ч өөр аргагүй.
Жишээлэхэд, “Forbes” сэтгүүлээс дэлхийн хамгийн баян хүн гэж тодруулсан Мексикийн тэрбумтан Карлос Слим байна. Түүнийг өчигдөр хүн төрөлхтний төлөө өглөг буяныг хамгийн сайн үйлдлээ гэж “Клинтоны даяарчилсан санаачилга” нэртэй сан тэргүүн шагналаа гардууллаа. Слим нь Мексик, өөрөөр хэлбэл төрөлх нутагтаа олон нийтийн боловсрол, соёл, анагаах ухааны олон хөтөлбөрт гар татахгүй мөнгө хандивлаж, ивээн тэтгэж байдаг хүн юм байна. Гэхдээ мэдээж зүгээр ч нэг өгчихдөггүй, өөрийн нэртэй сан байгуулж түүгээрээ дамжуулан эдгээр салбарт хамааралтай асар олон төсвийг санхүүжүүлдэг. Дунд ба их сургуульд сурах төлбөрийг нь даан суралцуулсан хүүхэд, залуусын тоо энэ жилд гэхэд л 165 мянга болсон. Хөдөө орон нутгийн олон сургуульд сургалтын хэрэгсэл, төхөөрөмж худалдан авч өгчээ. “America Movil”, “Telcel”, “Telefonos de Mexico” , “Altria Group” гээд олон том компанийн эзэн, 70 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хүн гэхэд тун ч боломжийн өглөг өгдөг хүн байна гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Энэ мэтээр өглөгч зантай тэрбумтнууд зөвхөн Карлос Слимээ хязгаарлагдахгүй нь мэдээж. Хамгийн баян бөгөөд хамгийн өглөгч хүмүүстэй орон бол мэдээж АНУ.
Жишээлэхэд, Билл ба Мелинда Гейтс нар. Энэ хоёр хүн өнөөдрийн байдлаар буяны үйлсэд 28 тэрбум ам.доллар хандивлаад байна. Эрүүл мэнд, боловсрол, мэдээлэл зүйд голчлон хандив өргөдөг. Цаашилбал, “Intel” компанийн үүсгэн байгуулагчдын нэг Гордон Мур байна. Энэ хүн байгаль орчныг хамгаалах, шинжлэх ухааныг хөгжүүлэхэд 7.3 тэрбум ам.доллар хандивласан юм. Бүр нарийвчилбал сувилагчдын мэргэшлийн чадварыг дээшлүүлэх замаар эмчлүүлэгчдийн хохирох эрсдэлийг багасгах нэртэй төсөлд гэхэд л 275 сая ам.доллар хандивлаж байв. Ингээд яваад байвал өглөгч, буяны үйлд гар татдаггүй тэрбумтнууд дэлхийд олон. Жорж Соросыг мэдэхгүй хүн манайд үгүй байх. Найман тэрбум орчим ам.долларын хөрөнгөтэй энэ хүний өглөг буяны ажилд зориулсан мөнгийг тооцохоор таван тэрбум гаруй ам.доллар болдог аж. Гэхдээ Сорос улс төрийн салбарт гар таталгүй хандив өргөдгөөрөө алдартай. Иймдээ ч зарим орон түүнийг “Нээлттэй нийгэм-Соросын сан”-гаар далимдуулж улсын дотоод хэрэгт дураар оролцлоо гэж буруушааж байдаг.
Уоррен Баффет гэхэд л хөрөнгийнхөө талыг буяны ажилд өгнө гээд дэлхийн нийтэд амлачихсан. Цөмийн зэвсгийг устгах, хүний нөхөн үржихүйн салбарт түлхүү хандив өргөж, эдгээр салбартай холбоотой төслийг санхүүжүүлдэг.
100 гаруй тэрбум ам.долларыг захиран зарцуулдаг “American Century” нэртэй санхүүгийн компанийн эзэн Жеймс Стауэрс  нь өглөг буяны ажилд дээр нэр дурдагдсан хүмүүсээс огт дутахгүй. Тэрээр анагаах ухааны салбарт нарийвчилсан судалгаа хийдэг өөрийн нэртэй сан байгуулаад хориод жил болжээ. Энэ сан хорт хавдрын асуудлаар судалгаа явуулдгаараа алдартай бөгөөд Стауэрс нь энэ санд тэрбум гаруй ам.доллар хандивласан. 1984 онд “Dell Computers” компанийг байгуулахад мянган ам.доллар өгсний ачаар өнөөдөр тэрбумтан болсон Майкл ба Сюзан Делл хоёр гэж бас бий. Энэ хоёр “Michael & Susan Dell Foundation” сан байгуулж, түүгээрээ дамжуулан хүүхдүүдэд зориулсан боловсрол, эрүүл мэндийн олон арван төслийг санхүүжүүлдэг.
Гэхдээ хамгийн лут өглөгч хүмүүсийг нэрлэ гэвэл Карен Питтельман л нэгд орох байх. Тэрээр 1999 онд өвлөн авсан хөрөнгөөсөө гурван тэрбум ам.долларыг “Chahara Foundation” нэртэй санд хандивласан. Өөртөө ердөө 15 мянган ам.доллар үлдээсэн гээд та төсөөлөөд үзээрэй. Энэ сан нь эмэгтэйчүүдийн олон нийтийн байгууллагуудын санхүүжилтээр дагнасан байгууллага.Энэ бүх хүн бизнес хөтлөхдөө олон мянган хүнийг гомдоож, уйлуулж байсан нь гарцаагүй. Харин өглөг, буяны үйлсэд гар таталгүй зүтгэснээр тэдний нэрийг сайнаар дурсах хүмүүсийн тоо гомдоосноос нь хавьгүй олон болсон нь ойлгомжтой.
Даяарчлал гэгч зүйл дэлхийг бүхэлд чанга тэвэрч байгаа болохоор дэлхийн жишгийг дагаад манайд ч өглөгч тэрбумтнууд удалгүй гараад ирэх биз. Тэгээд ч яаж өглөг буяны ажил хийдэг тухайд жишээ дээрхээс авахуулаад олон.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан