Зүүн Европ сүүлийн жилүүдэд эдийн засгийн нэлээд гүн хямралд байгаа. Иймдээ ч хүн амын санхүү доройтосноос болоод хямд, хууль бус архи, согтууруулах ундаа хэрэглэх тохиолдол ихэссэн. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор Европын архи, согтууруулах ундааны зах зээлд хуурамч, хямд архины эзэлдэг хувь сүүлийн жилүүдэд хоёр дахин нэмэгдэн энэ зах зээлийн 30 хувьд хүрчээ. Цаашид хямрал гүнзгийрвэл хямд буюу хууль бусаар үйлдвэрлэсэн архины эзлэх хувь улам нэмэгдэнэ.
Гэхдээ Европт хуурамч, хямд архи нь хүний аминд хүрчихээргүй харьцангуй чанартай үйлдвэрлэдэг гэдэг дээр мэргэжилтнүүд гол төлөв санал нийлдэг. Харин эрэлт ингэтлээ ихэсч байгааг далимдуулах хуурамч хямд архиар мөнгө хийх гэсэн хүн олноор гарч ирэх нь зөвхөн цаг хугацааны асуудал. Үүний үр дүн ихэвчлэн аймшигтай. “Азийн чоно”-ын хэргээр хаширсан бид үүнийг сайн мэднэ. Европчууд харин Чехийн жишээгээр ямар аймшигтай байдгийг олж харлаа. Чех улсад метилийн спирт агуулсан архи, ром ууснаас болж 25 хүн нас барж, 40 гаруй хүн хүчтэй хордлого авч, эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэж байна. Чехийн цагдаа нар жижиглэн худалдаанд гарсан аюултай архийг хурааж авах зорилгоор 500 орчим жижиг дэлгүүр, ТҮЦ-д нэгжлэг хийж, 20 градусаас илүү хатуулагтай бүх төрлийн согтууруулах ундааг улсын хэмжээнд борлуулахыг хориглосон. Гэсэн хэдий ч одоогийн байдлаар 15 мянган литр хортой архи илрээгүй байгааг Чехийн эрх баригчид иргэддээ анхааруулсан.
Цагдаа нар уйгагүй ажилласны хүчинд хортой архинд байгаа метилийн спиртийг тараасан, бөөнөөр худалдсан хэргээр 40 хүнийг саатуулсан ч гол нийлүүлэгчийг нь барьж чадаагүй байсан юм. Харин өчигдөр Германаас энэ хэргийн гол буруутнууд байж болох хоёр хүнийг баривчилжээ. Эдгээр хүн машины шил арчих хөлддөггүй шингэний үйлдвэртэй холбоотой байж болзошгүй гэсэн урьдчилсан таамаг дэвшүүлсэн. Ийм шингэнийг үйлдвэрлэхэд зарим компани метилийн спирт ашигладаг. Хэрэгтнүүд сар гаруйн өмнө хортой метилийн спиртийг хүнсний этилийн спирттэй хольж, хямд спирт гарган авчээ. Улмаар ийм аюултай холимог спиртийг худалдан авсан хууль бус үйлдвэрлэгчид нь түүнийг хямд үнэтэй архин дээрээ нэмнэ гэдгийг мэдсээр атлаа их хэмжээгээр зарсан байна.
Харамсалтай нь, хортой архинд хордсон тохиолдол зөвхөн Чехээр хязгаарлагдсангүй. Чехээс орж ирсэн хортой архинд зөвхөн Польшид гэхэд л хоёр долоо хоногийн дотор найман хүн хордож, дөрөв нь амиа алдлаа. Словакад найман хүн хордож нэг нь амиа алдсан. Улмаар эдгээр улс болон Европын бусад улс, ОХУ нь Чехээс архи, согтууруулах ундаа экспортлохыг хорихоос өөр аргагүй болсон.
Мөнгөнөөс өөр юу ч боддоггүй хүмүүсийн гайгаар хүний амь хохироод зогссонгүй Чехийн эдийн засаг ихээхэн хохирол амсав. Учир нь, үүнээс болж Чехийн төсөв өдөр болгон 18 сая крон буюу 960 мянга гаруй долларыг татвар хэлбэрээр авах боломжоо алдаж байгаа ажээ. Татвар ийм байхад хатуу архи үйлдвэрлэгчдийн тухайд бол хэдэн зуун сая кроны алдагдал хүлээж буй нь гарцаагүй
Аравдугаар сарын 1-нд манайд хатуулаг өндөртэй согтууруулах ундааны татвар нэмэгдэхээр үүнтэй адил хэрэг олноор гарах эрсдэл өндөр байгаа. Дашрамд сануулахад, метанол буюу метилийн спирт нь зөвхөн үйлдвэрлэлийн зориулалтаар ашигладаг хортой бодис. Үнэр, өнгө, амтаараа этилийн спирттэй адил учраас мэргэжлийн бус хүн ялгах хэцүү. Хүний биед орсон даруйдаа маш богино хугацаанд формальдегид нэртэй асар хүчтэй хор болон хувирдаг. Ердөө 20 грамм метилийн спирт хүнийг хараагүй болгодог, 50 грамм нь шууд үхэлд хүргэдэг. Хордсон тохиолдолд этилийн спирт буюу хүнсний спирт уух нь хордлого тайлах хамгийн сайн арга байдаг.