Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Доогловол толгойгүй, нийцээгүйг нидэрнэ
“Гэм зэмгүй лалын шашинтнууд” киноны таагүй нөлөө тасрахгүй л байна. Киног эсэргүүцсэн жагсаал үймээн намжих нь бүү хэл тэлж Нигери, Суданы лалын шашинтнууд эсэргүүцлээ илэрхийлж жагсаал хийлээ. Энэ уур хилэн удалгүй намжих байх гэтэл Пакистаны төмөр замын харилцааны сайд шинэ дуулиан тарьж орхив. Тэрээр хэвлэлийн бага хурал дээр зөнч мэргэн Мухаммедыг элдвээр доромжилсон киноны эзнийг алсан хүнд 100 мянган ам.долларын шагналыг өөрийн халааснаасаа өгч урамшуулна гэжээ. Хүний амь хөнөөхөд уриална гэдэг гэмт хэрэг ч гэлээ зөнчийг элдвэээр доромжилж байгаа этгээдүүдийг айлгах өөр арга алга гэсэн тайлбарыг сайд хийв. Үүний дээр нь “Аль-Каеда”, “Талибан” зэрэг алан хядах хөдөлгөөнүүдийг  ч уриалжээ. Хэрэв энэ хоёр байгууллагын гишүүд кино зохиогчдыг устгавал мөн адил мөнгөн шагнал авах аж.
Хэдхэн хоногийн өмнө Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг устгасан хүнийг 25 сая ам.доллараар шагнана гэдгээ энэ улсын сөрөг хүчин албан ёсоор мэдэгдсэн. Сирийн сөрөг хүчний дийлэнх нь лалын шашныг элдэв тэр үзлээс хамгаалах нэрийн дор цугласан зэвсэгт дайчид юм. Башар Асад, түүний ойрын хүрээллийн дагадаг лалын шашны алив урсгалыг тэрс үзэл, жинхэнэ лалын шашинтай огт нийцэхгүй гэж үздэг. Тэгэхээр эсрэг талын тэргүүний амийг ингэж үнэлж байгаа нь зүгээр нэг улс төрийн тэмцэл бус харин шашны шалтгаантай зүйл болж таарч байгаа юм.
Лалын олон урсгалын явцуу үзэлтнүүд өөрсдийнх нь шүтдэг зүйлийг гутаалаа гэж үзвэл тэр хүн нь хаана байгаагаас үл хамаараад устгахыг уриалж, мөнгөн шагнал амлах нь цөөнгүй. 1989 онд Энэтхэг гаралтай Английн зохиолч Салман Рушдийг “Чөтгөрийн шүлэг” зохиолоороо зөнч Мухаммедыг доромжилсон гэж Ираны шашны тэргүүн аятолла Рухола Хомейни үзжээ. Ингээд дэлхийн бүх лалын шашинтнуудад хандан Рушдийг хөнөөх нь бурхны үйл хэрэгт нийцсэн зүйл гэсэн лүндэн гаргасан. Тухайн үедээ энэ мэдэгдэл хүмүүсийг маш ихээр цочирдуулсан. Рушдийг Английн эрх баригчид тусгай хамгаалтад  авч нуусан тулдаа амьд үлдсэн гэдэг. Гэтэл хэдхэн хоногийн өмнө “Зургадугаар сарын 15-ны сан” нэртэй Ираны байгууллагааас Салман Рушдийг алсан хүнд өгөх шагналаа 500 мянган ам.доллараар нэмж гурван сая 500 мянган ам.доллар бол­госон тухайгаа хэвлэл мэдээл­лийн хэрэгслүүдээр мэдэгдлээ.
Үүний дээр Францын хошин сэтгүүлд хэвлэсэн шог зурагнаас болж лалын шашинт энэ улсыг эсэргүүцсэн жагсаал цуглаан олон болов. Зөвхөн Парис хотод болсон жагсаалын улмаас 50 гаруй лалын шашинтан баривчлагдав. Энэ зураг дээр зөнч Мухаммедыг нүцгэнээр зурсан болохоор тун удалгүй хөрөнгө чинээтэй нэг лалын шашинтан зурсан зураачынх нь толгойг авчирсан хүнд 200 мянган ам.доллар өгнө гэж зарлаад ээлжит дуулиан дэгдээхийг үгүйсгэх аргагүй. Тэгээд ч лалын шашинд хүн ба амьтны зургийг зурах, урлахыг цээрлэдэг. Лалын шашинтнууд ер нь зөнч Мухаммед, Аллах тэнгэрийг элдвээр доромжилсон, эсвэл ийм санаа агуулж байж болзошгүй гэж үзсэн зохиол, зураг, кино гээд бүх зүйлд маш хатуу ханддаг. Хамгийн наад зах нь 2001 онд тухайн үедээ Афганистанд эрх барьж байсан Талибан хөдөлгөөн 2000 жилийн настай Будда бурхны хадан хөшөөг дэлбэлсэн. Лалын шашны номлолтой таарахгүй үзлийг сурталчилж, олныг мунхаруулсан гэдэг шалтгаанаар элдэв дайн тулаан, байгалийн гамшгийг тэсээд гараад ирсэн хөшөө ийнхүү үгүй болсон юм.
Мали улсын Тимбукту хотод засгийн эрхийг булаан авсан лалын хэт явцуу үзэлтнүүд нь ЮНЕСКО-оос дэлхийн соёлын үнэт зүйлс гэж бүртгэсэн эртний хоёр бунхныг дэлбэлж юу ч үгүй болгосон. Шалтгаан нь тэдний жинхэнэ гэж үздэг шашны хэм хэмжээтэй таараагүй хэт өндөр барьсан нь хүмүүсийг Аллахад биш өөрсдөдөө мөргөх сэдэл төрүүлж байсан явдал хэмээсэн байдаг. Египетэд болсон хувьсгалаар лалын хэт явцуу үзэлтнүүд ихээхэн газар авсан тэгэхээр олон эртний түүхийн дурсгалууд ихээхэн аюулд учраад байгаа гэсэн үг. Үнэхээр ч “Үндэсний эв нэгдэл” нэртэй Египетийн нэгэн намын тэргүүн нь ерөнхийлөгч Мухаммед Мурсид хандан “Улс оронд ямар ч хэрэггүй тэрсүүд бөө мөргөлийн соёлын өв болох Пирамдуудыг устгая” гэсэн уриалгыг гаргасан билээ. Гэхдээ анх удаа ингэж байгаа юм биш. Үүнээс ч өмнө Египет дэх лалын шашны хэт явцуу үзэлтнүүд тэрсүүд үзлийнх бөгөөд гадаадын жуулчдыг олноор татдаг, харин жуулчид нь Египетэд харийн соёл, харийн шашныг түгээж байгаа болохоор нураах хэрэгтэй гэсэн саналыг удаа дараалан гаргаж байсан билээ.
Энэ мэтээр яваад байвал удахгүй Арабын хавраар төрөө эргүүлсэн улсуудад Коран руу хялайж харсан хэргээр хайр найргүй устгадаг өмнөхөөсөө дутахгүй хатуу дэглэмүүд тогтож магадгүй гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан