Ойрын хэд хоногт Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн төлөөх Хятад ба Япон хоорондын маргаан оргил цэгтээ хүрлээ. Яасан бэ гэхээр хувийн эзэмшилд байсан арлуудыг Японы төр худалдан авсны дараагаар Хятад нь байлдааны дөрвөн ч онгоцоо арлуудыг зүг илгээсэн. Хариуд нь япончууд мөн адил арга хэмжээ авах нь ойлгомжтой. Ингэснээр энэ бүс нутагт зэр зэвсгийн хөгжил, эдийн засгийн бяр гээд бүх л зүйлээрээ дэлхийд тэргүүлж яваа хоёр том гүрэн хүч үзэж магадгүй боллоо. Орос, Америк, Герман гэх мэт том гүрэн, НҮБ, НАТО гэх мэт олон улсын байгууллагын тууштай оролцоо байхгүй бол зүгээр нэг “булчингаа” харуулах үзүүлэн тоглолт бус цус асгарсан дайн болж магадгүй дээрээ тулаад байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараа америкчууд ялагч гүрний хувьд эзэмшиж байгаад дараа нь Японд “пас”-ласан олон тооны арлыг БНХАУ манайх, зөвхөн манайх гэж маргалдсаар удаж байгаа. Зөвлөлтийг задран унахаас өмнө их газрын Хятад улс эдийн засаг сул, зэвсэгт хүчин хуучирсан, улс төрийн нөлөө бага байсан болохоор АНУ, ЗХУ гэсэн хоёр орны дарамт дор тэр бүр өөрийн дураар явж чаддаггүй байсан. Гэвч цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэгчээр юм өөрчлөгдсөн. Өнөөдөр эдийн засаг, зэвсэгт хүчин, улс төрийн нөлөө гээд бүх зүйлээрээ БНХАУ дэлхийн тэргүүлэгч гүрний нэг болов.
Мохаммедыг доромжилсон гэдэг шалтгаанаар лалын шашинтнууд үймсэнтэй яг адил. Маргаантай арлуудыг Японы Засгийн газар хувийн өмчөөс худалдан авч төрийн мэдэлд шилжүүлсний төлөө Японы Элчин сайдын яам руу дайрч, Япон гэсэн болгоныг шатааж, дэлбэлж, сүйтгэж байна. Арга барсан Японы Засгийн газар нь япончуудыг хилгэнэсэн нангиадуудаас хамгаалах хүсэлт хүртэл гаргалаа. Арлууд стратегийн чухал ач холбогдолтой байж болно, арлуудын ойр орчмоос газрын тос, шатдаг хий олдсон байж болно. Ямар ч байлаа гэсэн хоёр их гүрэн тохиролцож байгаад арлын тоо, байгалийн баялгаа ч тэр тэнцүү хуваагаад авчихаж болдоггүй юм байх даа гэсэн асуулт гарч таарна. Япончууд ч аль болох л тайван замаар асуудлыг шийдэхийн төлөө гэдгээ олон аргаар илэрхийлсэн. Харин БНХАУ ямар ч зөвшилцөл, тохиролцоогүйгээр арлуудыг “зөвхөн манайх” гэж байна. Ийм байдлыг дэлхий нийт шүүмжлэх нь ойлгомжтой. Гэтэл нангиад иргэд зүгээр ч нэг зөрүүдлээгүй, зөрүүдлэх маш том шалтгаан байгаа гэдгийг санах хүн цөөн болж.
Нангиад хүн болгон Нанжинд болсон харгислалыг санаж байгаа. Харин энэ аймшгийг өнөөдөр санаж байгаа өөр үндэстэн цөөн гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй.
Сэтгэл санааны доройтол, хээл хахуульд автсан Гоминданы арми нь Засгийн газраа байрлаж байсан Нанжин хотыг тууштай хамгаалалгүй бараг зүгээр шахуу тавьж өгснөөр 1937 оны арванхоёрдугаар сарын 13-нд аймшигтай харгислал үйлдэх үндэслэл бүрэлдсэн билээ. Япончуудаас олон арван мянган хүнээр илүү байсан ч удирдлага нь сул дорой, хоцрогдсон техник хангамж, өөр өөр олон мужаас татагдсан цэргүүд хэл нэвтрэлцэхгүй зэрэг олон шалтгааны улмаас бууж өгсөн Гоминданы армийн олон мянган цэрэг, Нанжин хотын энгийн номхон иргэд гээд 300 мянга, зарим эх сурвалжийн баталж байгаагаар 500 мянга гаруй хүнийг зургаан долоо хоногийн дотор хүйс тэмтэрсэн нь түүхэн үнэн.
Бууж өгсөн нангиад цэргүүдийг эх орныхоо төлөө тэмцэх чадваргүй, арчаагүй, ямар ч хэрэггүй “хоолны сав” гэсэн үндэслэлээр шууд л буудан хороосон. Цаашлаад хотод орсон Япон цэргүүдийн харгислал ухаан санаанд багтамгүй. Айрис Жан нэртэй Калифорнид амьдардаг эрдэмтний “Нанжины хүчирхийлэл” зэрэг олон номонд энэ аймшгийн тухай цөөнгүй баримтыг өгүүлсэн байдаг. Жишээлэхэд, Япон цэргүүд нь нангиад иргэдийг жадаар дайрах, сэлмээр цавчих чадвараа шалгах амьд хүүхэлдэй болгон ашиглаж байв. Цэргүүд нь эм хүйстэй гэсэн болгоныг хөгшин залуу, хүүхэд гэлтгүй эзэмдсэн. Үүнээс жилийн дараа 20 мянга гаруй нангиад эмэгтэйгээс амиа егүүтгэлгүй үлдсэн хэд нь булаан эзлэгчийн хүүхдийг тээхгүй гэсэндээ амиа хорлож зарим нь төрсөн хүүхдээ өөрсдөө егүүтгэж байсан гэдэг.
Тухайн үед Гоминданы Засгийн газрын нийслэл байсан хот болохоор эрх баригчдыг дагаад Герман тэргүүтэй Европын их гүрнийн Элчин сайдын яам, консулын газрууд энэ хотод байрлаж байсан юм. Эдгээр Элчин сайдын яамны ажилтнууд нангиад иргэдэд гол төлөв дээрэнгүй, үл тоосон байдлаас ханддаг байсан ч япончуудын харгислалыг хараад тус бүртээ боломжоороо олон хүн аврахаар хичээл зүтгэл гаргасан нь бас л түүхэн үнэн. Хэдхэн жилийн дараа еврейчүүдийг хэдэн саяар нь устгах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн нацист Германаас Нанжинд байрлаж байсан консул нь Берлин рүү илгээсэн албан ёсны тайландаа япончуудын авирыг “араатны” гэж онцолсон байдаг. Цаашлаад Европын сонины сэтгүүлчид байсан тулдаа энэ аймшигтай харгислалын тухай мэдээг дэлхий нийт олж мэдсэн билээ. Өрнө дахин энэ тухай ингэж баримтжуулсан мэдээ цуглуулаагүй, олон нийтэд цацаагүй бол өдгөө ийм хэрэг гарсан эсэх нь ч эргэлзээтэй хэвээр үлдэх байсан биз. Японы арми Дотор газар энэ мэтээр хийсэн харгислал өч төчнөөн.
Ийм байхад нангиадуудад олдсон боломжийг ашиглан өчүүхэн арал ч бай өөрийн болгон булаан авах замаар өс авахыг хүсэх нь зүйн хэрэг. Зөвхөн япончууд гэлтгүй Солонгос, Филиппин, Индонез, Тайланд гээд олон орны хүмүүс япон цэргүүдийн хийсэн харгислалыг санаж байгаа. Япон Солонгос хоёр булаацалддаг газар бас бий. Солонгосчууд колони болж олон арван жил дээрэлхүүлж байснаа мартаагүй, мартах ч үгүй болохоор мөн л ийм газрыг яаж ч байсан Японд өгөхгүй талаас нь үзэх нь зүйн хэрэг. Тиймдээ ч Өмнөд Хятадын тэнгист байгаа хүн олноор амьдрах ямар ч боломжгүй ч стратегийн чухал ач холбогдолтой газруудын төлөөх Япон ба бусад улсыг хамарсан маргаан тун ч ээдрээтэй. Оросын мэдэлд байгаа Курилын арлуудыг өөрийн газар нутаг гэж зарлаад Ерөнхийлөгч асан Медведевийг өөрийн газар нутгийн нэг хэсэг болох эдгээр арлуудад айлчлахад Элчин сайдаа татах хүртэл дарамт үзүүлж байсан нь тун саяхан.
Адаглаад л та бид байна. Японы арми нь Халхын сүмийг эзлэн авсны дараа Халх голын дайн эхэлсэн. Дайн дууссаны дараа анхнаасаа БНМАУ-ын нутаг байсан энэ газар БНХАУ газар нутаг болж алдагдсан. Дээр нь япончууд Халх голын дайныг өдгөө хүртэл Номонханы мөргөлдөөн гэж томъёолсон хэвээр. Товчхондоо газар нутгийн маргааныг Япон өөртөө нааштайгаар шийднэ гэдэг тун ч ээдрээтэй.