Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ГЭМ ЗЭМГҮЙ ЛАЛЫН ШАШИНТАН” ба өрнөж буй үйл явдал
Ливийн томоохон хотын нэг Бенгазид Америкийн консулын дэргэд болсон олон нийтийн жагсаал, эмх замбараагүй байдлын үеэр АНУ-ын Элчин сайд Кристофор Стивенс, төрийн департментын хэвлэлийн ажилтан Шон Смит, тэнгисийн явган цэргийн хоёр албан хаагч, Ливийн аюулгүйн албаны 10 ажилтан амь үрэгдлээ. Консулын байр руу зүгээр ч нэг жагсагчид биш зэвсэглэсэн дайчид дайрсан нь гранат шидэгч, автомат буу ашигласнаас нь харагдаж байна. Эцэст нь тэд консулын байранд гал тавьж түймэрджээ.
Үүнтэй зэрэгцээд Египетийн нийслэл Каир хотод АНУ-ын Элчин сайдын яамны дэргэд олон нийтийн жагсаал хоёр дахь өдрөө болж, дипломат байрны гадаах АНУ-ын тугийг буулган шатааж, хэд хэдэн машинд гал тавилаа. Тунист ч мөн АНУ-ын ЭСЯ-ны гадаа жагсаал болж эмх замбараагүй байдал үүссэнээс хууль сахиулагчид резинэн сум, нулимс асгаруулагч шингэн ашиглахад хүрсэн байна.  Эдгээр улсад болж байгаа жагсаал цуглаан тайван байдлаас хэтэрч, түрэмгийлэх, эмх замбараагүй байдал үүсгэх хэмжээнд хүрлээ. Тэд хаана ч гэсэн АНУ-ын дипломат төлөөлөгчийн газарт дайран орохоор хүч түрж “Гэгээн Мухаммед, Аллахаас өөр бурхан байхгүй” гэж хашгиралдаж байна. Энэ бүхэн ердөө л 2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-ын Нью-Йоркт болсон аймшигт халдлагын ойд зориулж кино найруулагч продюсер Сэм Бейсель “Гэм зэмгүй лалын шашинтан” гэсэн баримтат кино хийхдээ мусульманчуудын шүтээн болсон гэгээн Мухаммедыг гутаасан нь лалын шашинтнуудын дургүйцлийг төрүүлсэнтэй холбоотой. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэ киног хийхэд өмнө нь мусульманчуудын ариун номлол болсон Коран судрыг хоёр ч удаа шатааж дуулиан тарьж байсан АНУ-ын Флорида мужийн номлогч Терри Жонс идэвхтэй оролцсон байна. 2011 онд түүнийг Коран судар шатаасны дараа Афганистанд лалын шашинтнууд эмх замбараагүй байдал үүсгэж 100 гаруй хүний амь үрэгдэж байсан юм. Харин найруулагч Бейсиль хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ислам бол хорт хавар” гээд киногоо улс төрийн бүтээл болохоос биш шашных биш гэсэн байна.
Ливид болсон эмгэнэлт хэргээс үүдээд АНУ тэнгисийн явган цэргийн хэдэн арван дайчныг илгээсэн бол өчигдөр “Томагавк” далавчит пуужингаар зэвсэглэсэн байлдааны хоёр хөлөг онгоцоо Ливийн эрэг рүү явууллаа. Эхний хөлөг нь хэдийнэ Ливийн эрэгт ирээд байгаа бол дараагийнх нь хэдэн өдрийн дараа очих юм. Ливийн засаг захиргааны мэдээлж байгаагаар АНУ нисгэгчгүй нисэх аппаратуудаа ч тийш илгээж, “Аль-Кайда” бүлэглэлтэй холбоотой лагеруудад цохилт өгөх юм байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон энэ тухайд “Яагаад ийм явдал болов оо гэж би өөрөөсөө асууж байна. Бид чөлөөлөх гэж, эвдрэл сүрлээс аврах гэж  тусалж дэмжиж байгаа улс, хотууд шүү дээ. Дэлхий даяар бүр ч аймшигтай болж байна уу” гэсэн байна.
Энэ бүхний хариуд  афганы ша­шинт­нууд ч зүгээр байхгүй бололтой. Энд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг “Талибан” хөдөлгөөнийхөн гэгээн Мухаммедийг гутаан доромжилсон кино гаргасных нь төлөө  Афганистаны ард түмнийг америкчуудын эсрэг тэмцэлд уриаллаа. Тэд мэдэгдэлдээ “Америкчуудын хүний үнэргүй үйлдлийн төлөө Исламын эмират /талибчууд Афганистаныг ингэж нэрлэдэг байна/-ын шашны бүх тэргүүнийг хугацаагүй аян дайнд мордохыг уриалж байна” гэжээ. Талибчууд  бас Афганистанд алба хааж байгаа америк цэргүүдийн эсрэг дайралтаа идэвхжүүлэхийг өөрсдийн хорлон сүйтгэгч, зэвсэгт дайчиддаа  уриалсан байна.  Гэгээн Мухаммедийг гутаан доромжилсон хэсэг бүхий энэ киног үзүүлэхгүйн тулд сүүлийн хоёр хоногт Афганистан даяар интернэтийн “Youtube” сайтыг хаасан юм.
Йемений нийслэл Санед ч  бас хэдэн зуун хүн жагсч АНУ-ын ЭСЯ руу дайрах гэсэн учраас дипломат ажилтнуудыг нүүлгэн шилжүүлж, жагсагчдыг тараахын тулд галт зэвсэг хэрэглэснээс хэд хэдэн хүн  шархаджээ.
Ийнхүү нэг киноноос болоод Арабын ертөнц, Америкийн харилцаанд ан цав гаран лалын шашинтнууд үймэлдэж эхлээд байна.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан