Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

911 ХОЙШ 11 ЖИЛИЙН ДАРАА

2011 оны есдүгээр сарын 11-ий өглөө алан хядах “Аль-Кайда” бүлэглэлтэй холбоотой 11 алан хядагч зорчигч тээврийн дөрвөн том онгоцыг агаарт барьцаалж авснаар дэлхийн түүхэнд гарч байсан хамгийн аймшигт алан хядах ажиллагаа эхэлсэн түүхтэй. Агаарт барьцаалагдсан хоёр онгоцыг Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны төвийн хоёр ихэр байшинг чиглүүлэн мөргөсний улмаас аварга том хоёр байшин нурсан. Алан хядагчид гурав дахь онгоцоор Пентагоны барилгыг мөргөсөн бол дөрөв дэх онгоцны нисэх баг ба зорчигчид алан хядагчдад эсэргүүцэл үзүүлсэн тулдаа цөмийн цахилгаан станцыг чиглэн явсан онгоц Шенксвилл хотын ойролцоо унаж сүйрсэн билээ. Алан хядах ажиллагааны улмаас 2977 хүн харамсалтайгаар амиа алдсан юм. Энэ бол дэлхийн түүхийг өөрчилсөн үйл явдал болсон билээ.

Зөвлөлт холбоот улсыг задран унасны дараа эдийн засаг болон зэвсгийн хүчээр дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн байсан Америкийг алан хядагчид ийнхүү хялбархан дайрч хүний амь, хөрөнгө мөнгөний асар их хохирол учруулсанд дэлхийн нийтээрээ хирдхийсэн билээ. Улмаар дэлхий нийт болон өөрийн иргэдийн өмнө нэр төрөө сэргээх, нөлөөгөө улам бэхжүүлэх гэсэн хүндхэн асуудалтай Америкийн Засгийн газар тулгарсан юм. Үүний тулд алан хядах ажиллагааг дэмждэг төвүүдийг устгах, цаашлаад Еврази дахь өөрийн нөлөөг илүү хүчтэй болгох шаардлагатай болов. Ингээд Афганистанд үүрлээд байсан “Аль-Кайда”, түүний толгойлогч Усама бин Ладеныг дэмжигчдийг устгах ажиллагаа эхлүүлэн Афганистаныг эзэлсэн.  Үүнийг дэлхий нийтээрээ дэмжсэн гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй.

Харин дараа нь Ирак дахь Хуссейны дэглэмийг алан хядагчдад дэмжлэг үзүүлсэн, үй олноор хөнөөх зэвсэг үйлдвэрлэсэн гэж үзээд цаашид үй олноор хөнөөх зэвсэг алан хядагчдын гарт орохоос сэргийлэх нэрийдлээр Иракийн эсрэг дайн эхүүлсэн юм. Үүнийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Герман, Франц, ОХУ гээд дэлхийн хүчирхэг гүрэн эсэргүүцсэн боловч яаж ч чадаагүй. Иракт явуулсан дайны үр дүнд Саддам Хуссейны дэглэм нуран унаж, дарангуйлагч өөрөө баривчлагдан цаазлуулав. Иракийн дайныг Европын гүрнүүдийн зүгээс гэнэт эсэргүүцсэн нь Америкийн эрх баригчдыг нэлээд эвгүй байдалд оруулсан. Энэ эсэргүүцэл нь газрын тос, шатдаг хийн экспорт дээр дулдуйдсан оросуудын нөлөө бодож байснаас хавьгүй нэмэгдэж, Америкийн нөлөө багассан болохыг харуулсан. Иймд Европ дахь Оросын нөлөөг багасгах, өөрийн нөлөөг ихэсгэх шаардлагатай тулгарсан билээ. Ингээд Украин, Гүржид өөрийн Элчин сайд, ардчиллын төлөө үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын шууд дэмжлэгтэйгээр өнгөт хувьсгал гаргаж төрийн эрхэнд Америкийн талыг тууштай баримтлагчдыг гаргав. Үүний дараа тэртээ тэргүй таагүй байсан Гүрж Оросын харилцаа дээд цэгтээ хүртэл муудсаар 2008 оны дайнд хүргэсэн ч гэдэг. Украины шинээр гарч ирсэн эрх баригчид нь өөрийн нутаг дэвсгэр дээрх хоолойгоор урсдаг шатдаг хийнээс авах татвараа нэмэгдүүлсэн. Үүний улмаас Оросууд Европ руу гэрээний дагуу шатдаг хий дамжуулж чадахаа больж, ерөнхийдөө бүс нутаг дахь Оросын нөлөө ганхав. Энэ мэтээр Бушын Засгийн газар нэлээд ганхаад байсан байр сууриа дэлхийн хэмжээнд бэхжүүлсэн байдаг.

Гэвч Ирак, Афганистанд явуулсан дайны ажиллагаа нь шаардлагатай үр дүнд хүрээгүй нь Америкийн сонгогчид болон дэлхий нийтийг, түүний дотор лалын шашинт улсуудын дургүйцлийг ихээр хүргэсэн. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч лалын ертөнцийн өмнө нэрээ цэвэрлэх, цаашлаад Арабын бүс нутаг дахь өөрийн нөлөөг улам нэмэгдүүлэх гэсэн шаардлагатай тулгарав. Ингээд Обама нь Иракаас цэргээ гаргаж, 2014 он гэхэд Афганистанаас эвслийн хүчний цэргийг гаргахаар болсон.

2010 оны арванхоёрдугаар сарын 17. Тунисын зах дээр Мохаммеда Буазизи гэгч залуу цагдаа нарын харгис үйлдлийг эсэргүүцэн өөрийгөө шатаасны дараагаар Арабын ертөнцийг хамарсан ээлжит өнгөт хувьсгал дэгдсэн билээ. Энэ бүх хувьсгал нь АНУ-ын явуулж байсан бодлоготой их эвтэйхэн таарах нь тэр. Хувьсгал дэгдээгчид нь АНУ-д төвтэй, нарийн яривал маш нарийн хяналтад байдаг Facebook, Twitter зэрэг олон нийтийн сүлжээг идэвхтэй ашиглаж байсныг бүгд л санаж буй. Улмаар зарим орны эрх баригчид Facebook-ийг хаах хүртэл арга хэмжээ авахад утасгүй холбоогоор холбогдох боломжоор хангах хүртэл тусламжийг босогчдод үзүүлж байв. Ливид гэхэд л эрх баригчдын зүгээс босогчдын эсрэг цэрэг зэвсэг хэрэглэхийг эрс эсэргүүцэн зэвсэг, цэргийн хүчээр босогчдод туслалцаа үзүүлсэн билээ. Энэ олон хувьсгалын үр дүнд Ливи, Йемен, Египет, Тунис зэрэг дарангуйллын засаглалтай байсан орнуудад төр эргэсэн юм. Үр дүнд нь илэрхий Оросын талыг баримталдаг байсан Ливид Америкийн талыг баримтлагчид засгийн эрхэнд гарч ирсэн. Египетэд Америкийн талыг баримтлагч Мубаракийн дэглэм нурсан ч америкчууд шинээр гарч ирсэн эрх баригчид тун богино хугацаанд тохиролцоонд хүрсэн чадсан юм. Хувьсгал нь цаашлаад Оман, Кувейт, Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн зэрэг улсад ”халдварлаж” үймээн дэгдэхэд энэ хэдэн улсын  эрх баригчид бослогыг хэрцгийгээр нухчин дарсан юм. Гэвч эдгээр улс нь бүс нутагт Америкийн явуулж байгаа бодлогыг тууштай дэмжигч байсны дээр америкчууд Кувейт, Оман АНЭ зэрэг улсад цэргийн баазтай болохоо хараагүй юм шиг өнгөрсөн билээ. Тиймдээ ч эдгээр улсад төр эргээгүй.
Иран дотоодын эв нэгдлээ хадгалж чадсан болохоор үймээн дэгдээгүй. Гэвч Ираныг цөмийн зэвсэгтэй болох гэж байна гэсэн шалтгаар энэ улсын эсрэг цэргийн ажиллагаа хэзээ мөдгүй дэгдэж магадгүй болоод байгаа. Гэхдээ Ираны эсрэг ажиллагаа эхлэхийн өмнө Сирийн асуудлыг шийдэх хэрэгтэй болоод байгаа. Тиймдээ ч Сирийн удирдагч Башар Асадын дэглэмийг түлхэн унагахад чиглэсэн ажиллагаа ид дундаа яваа. Америк тэргүүтэй барууны орнууд Сирийн босогчдод зэр зэвсэг, хөрөнгө мөнгөний ихээхэн дэмжлэг үзүүлж байгаа тулдаа л босогчид Асадад ялагдчихгүй байна. Харин Башар Асадыг Орос, Хятад хоёр хүчтэй дэмжих тулдаа Америк тэргүүтэй барууны орнууд түүний эсрэг цэргийн ажиллагаа явуулж чадахгүй байна. Обама нь бас ч үгүй дөрвөн жил төрийн эрхийг барьсан хүний хувьд Ирак, Афганистанд бодит үр дүн гарч эхлээгүй байхад дахин хоёр ч улсын эсрэг дайн эхлүүлж, дэлхийн нийтийн дургүйцлийг хүргэхийг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой. Харин удахгүй болох сонгуулиар түүний гол өрсөлдөгчөөр тодроод байгаа Митт Ромнигийн хувьд тэс өөр байр суурьтай. Тэрээр Ерөнхийлөгч болвол Башар Асадыг унагахын төлөө боломжтой бүхнийг хийнэ, Ираны цөмийн хөтөлбөрийг бүрэн таслан зогсооно гээд амлачихсан нь нэгийг бодогдуулна. Ингээд ч зогсохгүй Америкийн үндэсний эрх ашгийг ямар ч үнээр хамаагүй хамгаална, ардчиллын эсрэг дэглэмийг дэмжиж байгаа Хятад, Орос мэт гүрэнд улсынхаа эрх ашгийг ойлгуулна, сөрөг хүчнийг нь шууд ивээлдээ авах замаар Оросыг жинхэнэ ардчилсан улс болгоно гэж мэдэгдсэн. Хэрэв Ерөнхийлөгчийн сонгуулиар Митт Ромни ялвал дэлхийн улс төрийн байдал Бушийн үед байсантай адил маш ихээр хурцдах бололтой. Улс болгонд өөрийн үзлийг ардчилал нэрийн дор тулгах гэсэн түүний бодлого Орост төдийгүй, Хятадад огт таалагдахгүй нь ойлгомжтой.

Энэ мэтээр аймшигт алан хядах ажиллагааны дараа дэлхийн улс төрийн байдал нэг талаас алан хядлагыг эсэргүүцэх гэсэн нэг туган дор нэгдсэн гэж болохоор ч нөгөө талаас урдынхаас хавьгүй илүү хүчирхэг болсон Орос, Хятад гэсэн том гүрнийн нөлөө ихэсч улам ч ээдрээтэй болжээ. Цаашид яахыг арваннэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль харуулах болохоор дэлхийн улсууд сонгуулийн үр дүнг амьсгаа даран хүлээж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан