Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улс доторхи улс буюу ядуусын хороолол

Төрөөс явуулж байгаа бодлогын үр дүнд нийгэм дэх баян ядуугийн ялгаа, газар, байр орон сууцны үнэ, эмнэлэг боловсролын төлбөр эрс нэмэгдэх нь ядуусын хороолол гэгч таагүй үзэгдлийг бий болгодог. Ядуусын хооролол нь аль улсын ямар хотын хаана байгаагаас үл хамаараад тухайн улсын хууль үйлчилдэггүй, өөрийн гэсэн хууль дүрэмтэй, засагтай улс доторхи улс шиг байдаг онцлогтой. Үүний хамгийн том жишээ бол Бразилийн фавеллууд юм. Дэлхийн хамгийн хүчирхэг 20 орны нэг, дэлхийн хамгийн өндөр хурдацтай хөгжиж яваа дөрвөн улсын нэг, сансар судлалаас эхлээд хөлөг онгоцны үйлдвэрлэл гээд бүх л салбар нь маш өндөр хөгжсөн улс бол Бразил. Гэсэн хэдий ч Бразилын том хот бүрт өөрийн гэсэн ядуусын хороолол буюу фавелл гэж бий.
Баян дүүрэг, хорооллуудын орчимд байсан төрийн мэдлийн газрыг ядуус дур мэдэн эзэлж, ямар ч зөвшөөрөл энэ тэр авалгүйгээр байшин барилга барьж эхэлснээр фавелл үүснэ. Эрх баригчдын зүгээс нийгмийн хамгийн эмзэг давхаргынхан оршин суудаг ийм “сайн дурын” дүүргүүдийг байхгүй мэт царайлж, хамгийн наад захын халамж үзүүлэхээс татгалздаг. Ийм дүүрэгт оршин сууж байгаа хүмүүс амьдрахын эрхэнд юу ч хийхэд бэлэн байдаг нь ойлгомжтой. Ингэсээр фавеллууд нь гэмт хэргийн аль нэг бүлэглэлийн эрхэнд бүрэн ордог. Хар тамхи, зэвсгийн наймаа, хүний наймаа гээд хамгийн хүнд бөгөөд хамгийн өндөр ашигтай хууль бус бизнес эрхэлдэг дээрмийн бүлэглэлүүд фавеллыг зүгээр ч нэг эрхэндээ авчихдаггүй.
Тэндээ өөрийн гэсэн хууль тогтооно. Фавеллд оршин сууж байгаа хүмүүсийн нийгмийн асуудлыг нь идэвхтэй шийднэ. Жишээлэхэд, төлбөртэй эмнэлэгт эмчилгээ хийх шаардлагатай бол фавеллын оршин суугч нь төрийн яам, халамжийн газар хандахгүй. Шууд л өөрийн дүүргийг захирч байгаа мафийнханд хандахад цаадуул нь ч элдэв хүнд суртал, бичиг цаас гэлгүй бэлэн мөнгөөр туслана. Дунд сургуулиудыг мөнгө, эд зүйлээр тогтмол дэмжинэ гэх мэт арга хэмжээг байнга авдаг. Хариуд нь тухайн хорооллын оршин суугчид мафийн гишүүдийг хууль хяналтын байгууллагаас нуух, холбоо барих, хар тамхи ба зэвсэг зэргийг нууцаар тээвэрлэх үйлчилгээ үзүүлнэ. Хулгай, дээрэм мэтийн жижиг гэмт хэрэг хэрээс хэтэрвэл оршин суугчид мөн л мафийн боссуудад гомдол мэдүүлнэ. Цаадуул нь ч өөрийн шугамаар шуурхай арга хэмжээ авчихдаг. Товчхондоо бол фавелл гэдэг нь өөрийн гэсэн Засгийн газар, цэрэг, боловсрол ба эрүүл мэндийн салбартай, өөрийн гэсэн хуультай улс доторхи улс. Ийм болохоор тэнд цагдаагийн ажилтнуудын үнэр ч байдаггүй нь ойлгомжтой. Фавелл дотор бүгсэн хэрэгтнүүдийг аргагүйн эрхэнд баривчлах шаардлагатай болвол нисдэг тэрэг, хуягтаар дэмжүүлсэн 50-60 цагдаатай тусгай отрядын дайчид оролцсон багахан хэмжээний цэргийн үйл ажиллагаа явуулах шаардлагатай болно. Фавеллд амьдарч байгаа жирийн иргэд цагдаагийнханд дургүй учраас ингэхээс өөр аргагүй.  Ер нь, гадны хүн ядуусын хороололд тусгай хамгаалтгүй явна гэдэг амиа хорлосонтой адилхан гэлцдэг.
Хот болгон хэд хэдэн фавеллтай. Дүүргийн байрлал, эзлэж байгаа газрын хэмжээ зэргээс хамаараад дотор нь оршин суугаа хүмүүсийн тоо янз бүр. Рио-де-Жанейро хотод 5000 гаруй хүн амьдардаг том фавелл 200 гаруй байдаг, үүнээс цөөн хүн амтай жижгийг нь фавеллуудыг оруулбал нийтдээ 1000 орчим болдог. Хотын хамгийн том гэгддэг Россиньод ойролцоогоор 150 мянга гаруй амьдардаг гэхээр мафийнхан ямар их нөлөөтэй байдаг талаар ойлголттой болж болох юм. Галт зэвсгийг дунджаар 200ам.доллараар чөлөөтэй худалдан авах боломжтой. Тэгэхээр зэвсэглэсэн дээрэмчидтэй хэзээ ч тулж магадгүй. Иймд фавеллын хүмүүс өөрсдөө зэвсэг авах замаар аюулгүй байдлаа хангахыг хичээдэг. Буудалцаан бол өдөр алгасахгүй шахуу гардаг гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй. Үүний дээр мафийн янз бүрийн бүлэглэлүүд хоорондоо зөрчилдөх үед фавеллууд нь жинхэнэ утгаараа тулааны талбар болж хувирна. Ийм үед жирийн буудалцаан юу ч биш, гранат шидэгч, алсын удирдлагатай тэсрэх бодис хэрэглэх гээд кинонд гардаг шиг л юм болно. Ийм үед эрх баригчид арга буюу цагдаа, армийн ангиудыг оруулж энгийн иргэдийг хамгаалах ажиллагаа явуулдаг.
Гэхдээ фавелл буюу ядуусын хороолол нь зөвхөн Бразилд байдаг үзэгдэл гэвэл бодит байдалтай нийцэхгүй. Венесуэл, Болив, Аргентин гээд Латин Америкийн улс болгонд өөр өөрийн гэсэн фавелл бий. Фавеллд амьдардаг хүмүүсийн тооноос шалтгаалаад улс орны улс төр болон эдийн засгийн амьдралд үзүүлэх нөлөө ч ялгаатай. Яагаад гэвэл орчин үед Латин Америкийн орнууд шахуу дарангуйлагч засаглалтай байсан цаг өнгөрч бүгд ардчилсан тогтолцоотой болсон. Тэгэхээр фавеллын оршин суугчид сонгуулиар саналаа өгөх эрхтэй гэсэн үг. Харин энэ бол улстөрчдийн хувьд маш том боломж. Тиймээс сонгууль дөхөөд ирэхээр улстөрчид нь фавеллыг яаж хөгжүүлэх, лут болгох тухай яриа өрнүүлэн уран үгээр донгодож эхэлдэг нь ойлгомжтой.
Харин сонгуульд ялсны дараа бол... . Ялсны дараа юу болдгийг та бид сайн мэдэх болохоор ярих хэрэггүй биз. Улс төрийн нөлөөний хувьд төсөөлөхөд нэг талаас хэцүү, нөгөө талаас хялбар. Жишээлэхэд, Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесийг фавеллынхны саналын ачаар л удаа дараалан сонгогдож байгаа гэлцдэг. Венесуэлийн нийслэл Каракасыг битүү тойрон байрладаг фавеллуудад Уго Чавес үнэгүй эмнэлгийн тусламж үзүүлдэг төв, сургууль зэргийг олноор байгуулж, бодит тусламж байнга үзүүлдэг. Сүүлийн хоёр гурван жилийн туршид фавеллын оршин суугчдад зориулан улсын хөрөнгөөр барьсан, ариун цэвэр, аюулгүй байдлын наад захын шаардлага хангасан тусгай хороолол хүртэл барьж байна. Тийшээ фавеллын оршин суугчдыг үнэ төлбөргүй нүүлгэн суулгана. Тэгэхээр Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үеэр тэд хэний төлөө саналаа өгөх нь ойлгомжтой. Гэхдээ тэрхүү оршин суугчдын саналыг авч байгаа ч тэдэнд бодит дэм өгч байдаг мафийн бүлэглэлүүдийг яах нь тодорхойгүй. Энэ мэтээр ядуусын хорооллыг тойрсон ээдрээ их.
Хувийн, улс төрийн, эдийн засгийн гэх мэт олон шалтгааны улмаас фавелл дахь амьдралыг өөрчлөх талаар Латин Америкийн эрх баригчид цөөнгүй зүйл хийж байдаг. Тухайлбал, Бразил улс. Энэ улсад 2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2016 оны Олимпын тоглолт болно. Тиймээс эрх баригчид гэмт хэргийн уул уурхай болсон зартай фавеллуудаа цэвэрлэх арга хэмжээг эрчимтэй авч хэрэгжүүлж байгаа юм. Олон улсын чанартай тэмцээн уралдаан болох байгууламжуудаас холгүй байрлах ядуусын хорооллоо хамгийн түрүүнд цэвэрлэнэ. Үүний тулд арми, цагдаагийн тусгай хүч, нисдэг тэрэг, хуягт, танкаар дэмжүүлсэн бүлэглэл фавеллыг эхлээд мафийнхнаас цэвэрлээд, дараа нь дотор нь тогтмол эргүүл хийж эхэлдэг. Ингэснээр фавеллын оршин суугчдад мафийн зүгээс үзүүлдэг дарамт, нөлөө аяндаа буурч, хүмүүс нь аргагүйн эрхэнд хууль ёсонд нийцсэн ажил эрхэлж эхэлдэг ажээ. Энэ арга хэмжээ нь 40-50 жилийн түүхтэй фавеллуудад 2-4 жилийн дотор ямаршуу үр дүн үзүүлэхийг хэлэхэд бэрх. Ямар ч л байсан Бразилын эрх баригчид нь фавеллуудад урьдын адил хар тамхи замбараагүй зарж борлуулдаг, уур нь хүрсэн хүмүүс шууд буудалцдаг газар байхаа болино гэдэгт итгэлтэй байгаа юм байна.
Энэ мэт улсын хууль үйлчилдэггүй, өөрийн гэсэн хуультай, дээрэм тонуул, гэмт хэргийн үүр болсон дүүрэг улс болгонд шахуу бий гэхэд хилсдэхгүй. Шилжин ирж байгаа хүмүүсийн тоо улам бүр нэмэгдэж байгаа манай нийслэлийн хувьд ч мөн л адил. Нийслэлийн шинэ удирдлагын зүгээс ажилгүйдэл ба авлигал, нийгмийн шударга бус байдалтай дүүрэг, хороо болгонд адилхан тэмцэх шаардлагатай. Цаашлаад эмнэлэг, сургууль гээд нийгмийн хамгийн анхан шатны халамжийг зохих түвшинд үзүүлэхэд анхаарал тавьж, хяналтын камер байрлуулах, алсын удирдлагатай нисэх төхөөрөмж ашиглах зэргээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цаг тухайд таслан зогоох арга хэмжээ авахгүй бол тун удахгүй Улаанбаатар гэмт хэргийн бүлэглэлүүд бүгдийг шийддэг өөрийн гэсэн фавеллтай болохыг үгүйсгэх аргагүй.
0 Сэтгэгдэл
ТИЙМ ГЭЖ ҮҮ?
Хамгийн их уншсан