Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хонконгод эх оронч үзлийн тухай хичээлийг заавал заах албагүй болов
Хонконгийн эрх баригчид парламентын сонгууль болохоос нэг хоногийн өмнө дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт эх оронч үзлийн тухай хичээлийг заавал багтаах ёстой гэсэн шийдвэрээсээ ухарчээ. Тус хотын засаг захиргааны мэдэгдсэнээр бол дунд сургуулиуд хичээлийн хөтөлбөртөө “Ес суртахууны болон үндэсний ухамсар суулгах хичээл” багтаах эсэхээ өөрсдөө шийдэж болохоор болжээ. Учир нь, энэ хичээлийг дунд сургуулиудад оруулж болохгүй хэмээн багш, сурагчид, эцэг эхчүүд хүчтэй эсэргүүцэж, олон хоног дараалан суулт зарлаад байгаа юм. Энэ хичээлийг эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой гэж байгаа ч үнэн хэрэгтээ оюун ухаан нь гүйцэд төлөвшөөгүй балчир хүүхдүүдийн тархийг угааж, нэг талыг барьсан өрөөсгөл түүхээр тэдэнд буруу ойлголт өгөх гэсэн оролдлого гэж Хонконгийн эцэг эхчүүд дургүй байгаа аж. Тэд Хятад орны үүх түүхийг хүүхдүүд үнэн зөвөөр сайнтай муутай нь мэдэж авах ёстой гэж үзэж буй учраас өнгөрсөн баасан гаригт гэхэд 120 мянган хүн Засгийн газрынхаа гадна жагсч, эсэргүүцлээ илэрхийлжээ. Хэдий эрх баригчдын зүгээс сургуулиудад өөрсдөө сургалтын хөтөлбөрөө боловсруулах эрх олгосон ч хичээлийн агуулгад Хятадын Коммунист намыг магтан дуулсан зүйл давамгайлах вий гэж санаа зовнисон эцэг эхчүүд одоо хүртэл эсэргүүцлийн суултаа үргэлжлүүлсээр байгаа аж.

Өнгөрсөн долдугаар сард дунд сургуулийн боловсролын агуулгын тухай лавлах ном хэвлэгдэн гарахад түүнд нь “Хятадын үлгэр загвар” гэсэн гарчигтай хичээл багтсан байсан нь эцэг эхчүүдийг ийн болгоомжлоход хүргэжээ. Эсэргүүцэгчид зөвхөн суулт зарлаад зогсохгүй 15 хүн өлсгөлөн зарлаад одоо 120 цаг болж байгаа аж.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан