Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын газар нутгийн санаархал

Сүүлийн үед  Өмнөд Хятадын тэнгист байдаг Сэнкаку олтригийн арлуудыг тойрсон Хятад Японы маргаан нэлээд хурцадмал хэлбэрт шилжээд байна. Японы парламентын гишүүд, улс төрчид орсон хэдэн хүн Сэнкаку олтригийн нэгэн арал дээр өөрийн улсын далбайгаа мандуулсан нь Бээжингийн дургүйцлийг ихэд хүргэсэн. Улмаар хятадын олон хотуудад Японыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болж, улангссан хятадууд нь Япон хоолны газар, Японд үйлдвэрлэгдсэн машин, эд зүйлсийг устгасан. Өчигдөрхөн Япон улсаас Хятадад суугаа элчин сайдын машиныг үл  таних этгээдүүд хоёр машинаар хашин зогсоож байгаад элчингийн машин дээрх японы далбайг нь хуга татаж зугатсан хэрэг гарлаа. Энэ бол том танхайрал болохоор Японы гадаад хэргийн яамнаас Хятадын талд эсэргүүцлийн нот бичиг гардуулан дургуйцлээ илэрхийлээд элчин сайдуудын аюулгүй байдлыг хангах талаар ажиллах хэрэгтэйг сануулав. Хятадууд хариуд нь танхай хэргийг мөрдөн байцаах болно гэсэн байна.

 

Манай урд хөршийн эдийн засаг, арми нь улам бүр хүчирхэгжиж, нөлөө нь нэмэгдэхийн хэрээр хөрш зэргэлдээ улсуудтайгаа газар нутгийн маргаан хийх нь эрс нэмэгдээд байна. Зөвхөн Япон ч гэлтгүй. Японтой булаацалдаад байгаа арлыг Америкчууд мэдэлдээ байлгаж байгаад 1971 онд Япончуудад өгсөн байдаг ч Хятадын тал үүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй. Ядаж байхад арлуудын орчмоос ихээхэн хэмжээний шатдаг хийн орд газар илэрсэн. Хятадын тал өөрийн өрөмдөх төхөөрөмжөө суурьлуулаад хийг олборлоод эхэлчихсэн байна.

БНХАУ нь зөвхөн Японтой газар нутгийн маргаантай юм уу гэвэл биш байна. Хиллэж байдаг бараг бүх улстайгаа л газар нутгийн маргаантай, ер нь улс болгоноос шахуу “өөрийн газраа” буцааж авахыг хүсдэг бололтой юм.

Буцааж авахыг хамгийн их хүсч байгаа газар нутаг бол мэдээж Тайвань. Тайваныг БНХАУ нь өөрийн нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг тунхаглаад бусад улстай дипломат харьцаа тогтоох зэрэгт маш эмзэг ханддаг. Хэд хэдэн удаа зэвсгээр сүрдүүлэн эрхшээлдээ оруулах гэж үзсэн болов ч Америкчууд зэвсгийн сүрээр далайлгасан болохоор чадаагүй. Харин Тайванчууд бол их газрын хятадыг төдийгүй манай уулс, ОХУ-ын Туваг өөрийн газар нутгийн салшгүй нэг хэсэг үздэг. Нэгэн цагт их газрын Хятадыг, Монгол, Туваатай эргүүлэн аваад 1911 оны үеийн улс төрийн газрын зураг дээр ямар байсан яг тийм нутаг дэвсгэртэй улс болно гэж байнга л зүүдлэж байдаг. 

Зөвлөлт Холбоот Улс задран унасны дараагаар Орос ах нарын хамгаалтгүй болсон  хуучин Бүгд Найрамдах Улсууд нь хятадуудад багагүй гэлтгүй газар нутгийг буцаан өгсөн байдаг. Жишээлэхэд, Казахстан гэхэд хуучин Алмат Атын нэртэй байсан мужийнхаа маргаантай хэсгийн 407 км.кв нутгийг Бээжинд өгсөн. Киргиз арай бага буюу ердөө 12 км.кв нутгаа өгөөд аятайхан салсан. Харин зөвлөлтийг задран унасны дараагаар иргэний дайн дэгдэн улс төр, эдийн засгийн хувьд маш хүнд байдалд ороод байсан Тажикистан Маркансу гол, Памирын нуруун дахь Сарыголийн уул орчмын 1358 км. кв нутгийг Хятадуудад сайн дураараа өгч, газар нутгийн маргаанаа эцэслэсэн. Зарим мэдээгээр бол Хятадын тал нь анхандаа 142 мянган км. кв нутаг дэвсгэртэй Тажикистанаас 28 мянган км. кв нутгийг нь түүхэн болон бусад нотлох баримтын дагуу өөрийнх нь газар нутаг гээд өгөхийг шаардаж байсан ч хэлэлцээрийн явцад шаардлага өөрчилсөн байна.

Бутан улс бол газрын нутгийн хувьд тун ч бага. Гэсэн хэдий ч агуу том газартай нутагт Хятадууд эндээс ч өөрийн нутгаа нэхэж байгаа. Тэд 270 км.кв газрыг шаардаж байгаа аж. Гэхдээ Бутан газар нутгаар үнэхээр бага болохоор ийм ч гэлээ газраа өгөх эрхгүй гэж болно. Тиймдээ ч тэд Хятадтай залгадаг хилээ хаан Энэтхэг улсын маш сайн найз явах бодлого хэрэгжүүлэх болсон.

Энэтхэг Хядат хоёр газрын нутгийн маргаанаас болж хэд хэдэн удаа зэвсэгт мөргөлдөөн хийж, 1961-1962 онуудад бүр дайн хийгээд авсан. Тэгэхээр энэ хоёр улс нэг нэгэндээ ямар их хайртай нь ойлгомжтой. Маргааны гол шалтгаан нь 1914 оны үед Энэтхэг Хятадын хил орчим британы колончлогчдын татсан “Мак Магоны шугам” гэгч юм. Хятадын тал нь энэ шугамыг татсанаараа энэтхэгчүүд нь анхнаасаа хятадын мэдэлд байсан гэх Өмнөд Төвдийн нутаг, энэ шугамын дагуу 700 км үргэлжилдэг Аруначал Прадеш нэртэй мужийг өөрийн уугуул нутаг гэж үзсэн хэвээр. Харин энэ бол 80 мянган км. кв нутаг дэвсгэр юм.

Ардчилсан хөдөлгөөний удирдагчаараа алдартай Бирмтэй гэхэд тэртээ 1955 онд Хятадын Ардын Чөлөөлөх Арми дайтаад авсан удаатай. Дөнгөж байгуулагдаад байсан БНХАУ-ын арми нь Бирмд үүрлээд байсан Гоминданы хүчний үлдэгдлийг цохироор нутаг руу цөмрөн ороод буцаж гарахаа гэнэт мартчихажээ. Улмаар Бирмийн эрх баригчид үүнийг зүгээр хараад суусангүй дайн дэгдэж. Гэвч дөнгөж шинээ байгуулагдсан орныхоо нэр нүүрийг олон улсын тавцан дээр унагахгүйг хичээсэн Хятадууд цэргээ гаргаж газар нутгийн шинэ хэлэлцээр байгуулж байсан билээ. Гэвч зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар бол Бирмийн Качин нутгийг Хятадын тал Өмнөд Төвдийн нэг хэсэг  үздэг бодлоосоо бүрэн татгалзаагүй л байгаа юм байна.

Вьетнам Хятад хоёр нь Спартли арлууд, Параселийн арлууд болон Тонкийн булангийн асуудлаас болоод 1979 онд байлдаад авсан билээ. Одоо ч гэсэн Спартли арлуудын тойрсон газар нутгийн маргаан үргэлжилсээр. Хэдийгээр эдгээр арлууд нь байнгын оршин суугчидгүй, жижиг ч гэлээ эзэмшиж байгаа улсууд нь цэргийн хүч байрлуулах замаар бүс нутгийн далайн тээврийг гол замуудыг хянах боломжтой болох. Тийм ч болохоор байсхийгээд л булчингаа тэмтэрч хүчээ бяртай, тэнхээтэй болж байгаадаа эрдэх болсон Хятадуудын хувьд эдгээр арлууд нь нэн чухал. Тиймдээ ч хэдхэн хоногийн өмнө Вьетнам, Хятад хоёр ээлжит удаагаа нэг нэгнээ өөрсдийнх нь уугуул газар нутгийг эзлэх гэлээ гээд зэмлээд авсан. 

Зөвлөлт Холбоот Улс задран унасны дараагаар манай хойд хөрш нь Хятадтай газар нутгийн бүх маргаанаа эцэслэн шийдэх, тайван хөршийн харьцаатай болохыг хичээх болсон. Учир нь 1969 онд Уссур мөрний Даман арал орчимд Хятадын армийн нэгтгэлүүдтэй зэвсгэт мөргөлдөөн хийж байсан юм. Энэ мөргөлдөөний улмаас Оросын тал 69 хүн алдаж, Хятадын тал 300 орчим хүнээ алдаж байсан билээ. Орчин үеийн Хятад нь тэр үеийнхтэй зүйрлэхээргүй хүчирхэг цөмийн зэвсгэтэй улс болсон болохоор эдийн засаг, улс төрийн хувьд тогтворгүй байсан Орос улс хилийн ямар нэг маргаантай байхыг хүссэн. Тиймдээ ч ерөхийлөгч  Путин амар мөрний гурван арлыг Хятадын талд хүлээлгэн өгсөнөөр газар нутгийн ямар нэг маргаангүй болсон. Гэсэн хэдий ч Хятадын тал Нерчид байгуулсан 17-р зууны үеийн газар нутгийн гэрээг жинхэнэ бодит гэж тооцдог хэвээр байгаа юм. Тэгэхээд хэрэв нэгэн цагт газар нутгийн маргаан дэгдэхээр болвол тус гэрээний дагуу Амар мөрний баруун эрэг, Байгалийн хойг, Амар мужийн өмнөд хэсгийг бүхэлд нь өөрийн гэж зарлаж бас чадна.

Манай улсын хувьд Хятадын талтай газар нутгийн ямар нэг маргаангүй байгаа. 

Хятадууд манайх, Оросуудаас гадна Хойд Солонгос, Лаос, Афганистан гэсэн улсуудтай газар нутгийн ямар нэг маргаангүй яваа юм. Цаашдаа урд хөршийн эдийн засаг, цэрэг улс төрийн хүч нэмэгдэх тусам л газар нутгийн маргаантай яваа хил залгаа орнуудад нь таатай сайн зүйл болохгүй ойлгомжтой. Өөрийн гэж нэрлээд байгаа газар нутгийг хууль зүйн хувьд мэдэлдээ авахын тулд яахад бэлэн байгааг одоо Японтой хийгээд байгаа дээр дурдсан маргаан тод харуулах биз. Бүс нутгийн шинж чанартай зэвсэгт мөргөлдөөн ч гарахыг үгүйсгэх аргагүй юм.

Тухайн үеийн манай удирдлага хүчирхэг хөрштэйгээ газар нутгийн бүх талын маргааныг нэг мөр арилгах арга хэмжээ авсан нь үнэхээр алсын хараатай алхам болсон. Тэгээгүйсэн бол өдгөө дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засгийн нэг, дэлхийн хамгийн олон хүнтэй армитай БНХАУ-тай газар нутгийн маргаантай явна гэдэг тун ч таагүй зүйл билээ.

0 Сэтгэгдэл
JG ynendee ene margaantai bgaa geed bgaa gazar,nutguud bol Khujaa nariin nutag bish tukhain ulsuudiin nutag.Khujaa nar khezee ch iim nutagtai bgaagyi.Ted Shar mornii tsaana l shavaaraldaj bsnaas bish Tuva khyrtelkh nutgiig khezee ch ezemshij bgaagyi.Ter nutag bol Manj Chin ulsiin byreldkhyynd ordog bsan bolokhoos khujaagiin nutag bgaagyi jm.khujaa nar ni oorsdoo Manj Chin ulsad ezlegdsen uls baisan shyy dee.Tyykhiin ynen gevel iim bna.Tedend Manj chin ulsiin gazar nutgiig ezemshikh jmar ch tyyklhiin yndes bkhgyi jm.
Хамгийн их уншсан