Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хувьсгалын өмнө ба хойно

Сүүлийн хэдхэн жилийн дотор өнгө өнгийн олон хувьсгал гарсан. Гэхдээ энэ бүх хувьсгал нэг онцлогтой: Югослав, Серб, Гүрж, Украйн, Ливи, Йемен, Марокко, Тунис гээд хувьсгал дэгдэж төр эргэсэн газар болгонд шинээр төр барьсан хүмүүс бүгд илэрхий АНУ, Баруун Европын орнуудын явуулж байгаа бодлогыг баримтлагчид. Энэбүх хувьсгалыг санхүүжүүлж, дэмжлэг үзүүлж байсан улсууд нь Америк, Баруун Европ болохоор арга ч үгүй биз. Харин яагаад ч хувьсгал гаргаж чадахгүй байгаа нэг улс бий. АНУ-ын бөөрөнд наалдсан жижигхэн улс. Энэ улс бол Куба. Фидель Кастро, Рауль Кастрогийн Куба.

Кубын засгийн газраас АНУ-тай харьцаагаа сайжруулах оролдлого нэг бус удаа хийж байсан. Тэр болгонд Америкчуудын зүгээс тавьсан нөхцлөөс болоод бүх гэрээ хэлэлцээр мухардаж байжээ. Ямар нөхцөл вэ гэхээр Куба нь юуны өмнө хувьсгал гарсны дараа улсын өмч болгон хурааж авсан бүх үл хөдлөх хөрөнгийг хуучин эзэд, эсвэл тэдний үр садад нь эргүүлэн өгөх, шаардлагатай бол ийм хүмүүст нөхөн төлбөр олгох. Өөрөөр хэлбэл тавин жилийн өмнө 50 га газартай саятан байж байгаад хувьсгалаар юу ч болж Америк руу цагаачилсан хүнд одоогийн кубачууд газрыг нь эргүүлж өгөөд, дээрээс нь нөхөн төлбөр өгөх ёстой гэсэн үг. Уул шугамандаа бол буцаад хувьсгалаас өмнө ямар байсан яг тэр байдалдаа очно гэсэн үг.



Тэгэхээр хувьсгалаас өмнө Куба улсын дийлэнх иргэдийн амьдрал, эдийн засаг, улс төр санхүү ямаршуу байдалтай байсан, хувьсгалын дараа ямар болж өөрчлөгдсөн талаар бяцан аялал хийгээд харьцуулаад үзэцгээе. Кубад өнгөт хувьсгал гарвал ард олон нь алийг нь сонгохыг таацгаая.

Америкчууд яагаад дээр дурдсан нөхцөл тавиад байгаагийн шалтгаан нь тун энгийн. 1959 онд гарсан хувьсгалаас өмнө америкчууд Кубын уул уурхайн 90%, цахилгаан болон холбооны компаниудын 90%, ус сувгийн 80%, шатахууны нийлүүлэлт борлуулалтын 80%, чихрийн нишингийн тариалангийн 50%, хагас боловсруулсан сахарын үйлдвэрийн 40% хянаж байсан байдаг. Үүний дээр юугаа ч мэдэхгүй дорд хүмүүсийн нэр дээр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө бүртгүүлээд ард нь сууж байдаг америкчууд бүр олон болохоор Куба нь үндсэндээ Америкчуудын гарт байлаа. АНУ-аас Кубын эдийн засагт 1958 он гэхэд 1 тэрбум орчим долларын хөрөнгө оруулалт хийдэг байв. Хийсэн хөрөнгө оруулалтынх нь ашгаа өгч эхлэх хугацаа нь Кубын эдийн засаг энэ бүр хөрөнгө оруулалтаас юу ч авдаггүй байжээ. Яагаад вэ гэхээр ашгийнхаа 2/3-ыг шууд Америк руу буцаж гаргаад үлдсэн 1/3-ыг нь Кубын албан тушаалтнуудад хахууль өгөхөд зарцуулдаг байсан байна.

Үүний дээр америкчууд Кубын эдийн засгийг өөрсдөөсөө хараат болгох бодлогыг тууштай явуулсаар иржээ. Жишээлэхэд, Кубад тариалсан тамхийг авдаг байснаа гэнэт больж, чанар гэж авах юмгүй ч дэндүү хямд үнэтэй филиппин тамхи авдаг болсноор Кубын тамхины үйлдвэрлэл хямралд орж дампуурсан. Кубад үйлдвэрлэдэг ром дарсыг авдаг байснааг гэнэт зогсоон чанар муутай ч илүү хямд Пуэрторико ром авдаг болсноор ромын үйлдвэрлэлийг дампууруулсан. Ингэснээр Куба нь аргагүйн эрхэнд зөвхөн чихрийн нишинг тариалдаг, түүнээ АНУ гэсэн цорын ганц улсад нийлүүлдэг бүрэн хамааралтай болжээ. Яваа яваандаа Куба дахь өөрийн гэсэн юм үйлдвэрлэдэг бүх л газруудыг шат дараалсан нарийн арга хэмжээ авч дампууруулсаар эцэст нь Куба нь шүдэнзээс эхлээд гэрийн шахай хүртэл хамгийн энгийн хэрэглээний зүйлсээ АНУ-аас импортлон оруулж ирдэг болсон байна.

Цаашлаад газар зүгээр гадас зоогоод орхиход л аяндаа өөрөө үндэслээд мод болон ургаж байдаг урин дулаан уур амьсгалтай, үржил шимтэй газартай, жилдээ хоёр гурван удаа ургац авах боломжтой Куба нь үр тарианыхаа 60%, махны 72%-ийг АНУ-аас импортлодог байв. Кубын газрын эздийн 7,5% нь нийт тариалангийн 46% эзэмшдэг, газар эзэмшигчдын 70% нь нийт тариалангийн 11% эзэмшдэг байжээ. Ингэхдээ хамгийн том газар эзэмшигчид нь үржил шимтэй газрынхаа ердөө 10%-ийг нь ашиглаад бусдыг нь санаатайгаа ашиглалгүй атаршуулдаг байжээ. Газрын эздийн дийлэнх нь ямар хүмүүс байсан нь ойлгомжтой. Америкчууд, эсвэл Куба хүний нэр дээр газар худалдан авсан америкийн мафийнхан. Аялал жуулчлал сайн хөгжсөн гэж байсан ч үнэндээ болбүх зүйл мөн л америкийн мафийн гарт байв. Америкчууд амралтаараа Кубад ирж казино тоглож, хямд биеэ үнэлэгчид хөлсөлж цэнгэж байгаад явдаг уламжлалтай болсон байжээ. Хамгийн бие сайтай биеэ үнэлэгч их бодож л 7 жил болоод бие нь дийлэлгүй нас бардаг байсан гэхээр америкаас секс туризм хийхээр ирдэг хүмүүсийн урсгал ямаршуу байсныг төсөөлж болох байх.


Ингээд ч зогсохгүй Куба дахь ажилгүйдэл нь хэдэн арван жилийн турш нийт хүн амын 30% гэсэн үзүүлэлтээс буудаггүй байв. Америкийн баячууд ирж амарч цэнгэн мөнгө үрэх зориулалттай Гавана хот л өнгө гэрэлд умбан, тансаг хээнцэр амьдралын бэлгэдэл болно. Харин бусад нутаг дахь байдал тун ч таагүй байлаа. Хувьсгалаас өмнөх Кубын парламентаас томилсон тусгай комисс нь “400 мянган тариачдын гэр бүл ямар ч аврагдах боломжгүйгээр аажлмаар мөхөж байна. Нийт тариачдын байр сууцны 80% нь далдуу модны навчаар бүтээсэн шавар тагз байна “ гэж онцолж байжээ. Цаашлаад хувьсгалаас өмнөх Кубын хүн амын 55% нь бичиг үсэг тайлагдаагүй, сургуулийн насны хүүхдүүдийн 64% нь сургуульд сурдаггүй, хөдөөгийн хүн амын 86% нь эмнэлэгийн ямар ч тусламж авдаггүй, хөдөөгийн хүн амын ердөө 4% нь мах идэж үзэж байжээ. Тухайн үедээ 5,8 сая хүн амтай байсан кубчуудын 2,8 нь хэзээ ч цахилгаан чийдэн гэдгийг харж байгаагүй. Сүрьеэгээр өвчилсөн 100 мянган хүнтэй. Энэ бол зөвхөн нийгэм, эдийн засгийн байдал. Улс төрийн хувьд гэвэл Кубыг эзлэн авсан америкийн цэргийнхэн шууд томилох байдлаар Кубын ерөнхийлөгчийг “сонгодог” . Ард олон эсэргүүцэл илэрхийлбэл америкийн тэнгисийн явган цэргийнхэн ирээд цустай нь хутгадаг. Америкчууд өөрт нь таалагдаагүй хүн ерөнхийлөгчөөр сонгогдвол шууд л цэргийн хүчээр Кубыг эзлээд өөрийн хүнээ ерөнхийлөгчөөр суулгаж орхидог байв. Америкийн хүүхэлдэй ерөнхийлөгч, засгийн газрыг шүүмжилсэн бүгдийг устгадаг тусгай албатай. Нэг хүний дарангуйлалтай. Сонгууль гэхээр тэр үеийн кубачууд шууд л мэхлэлт, худал хуурмаг явдал, луйвар байдаг гээд мах цусандаа шингэтэл ойлгочихсон байжээ. Ямар сайндаа л хувьсгал ялсны дараа Кастро нэгэн жагсаал дээр бүх нийтийн сонгууль явуулах тухай ярьж эхэлтэл цугласан хүмүүс “Бидэнд сонгууль хэрэггүй” гэж орилоод бөөн юм байсан байх вэ дээ.

Энэ бол хувьсгалаас өмнө Куба. Тусгаар улс гэсэн нэр төдийхөн. Америкаас бүрэн хараат.

Хувьсгалаас дараа юу болсон бэ?
Юуны өмнө бүрэн тусгаар тогтносон. Хэнээс ч хараат бус. Бие даасан улс төрийн бодлого явуулдаг. Латин Америктаа л нөлөө бүхий улсын нэг. Бүс нутагтаа л хүчирхэг бөгөөд туршлагатайд тооцогдох зэвсэгт хүчинтэй. Хүн амын 99,8% нь бичиг үсэг тайлагдсан. Бүх иргэд нь эмнэлгийн үнэ төлбөргүй тусламж авдаг. Бүс нутагтаа төдийгүй дэлхийд өндөрт тооцогдох эрүүл мэндийн тогтолцоо үйлчилгээтэй болохоор Латин Америктаа нярайн эндэгдэл хамгийн бага орон болсон. 1000 төрөлт тутамд 7,2 нярайн эндэгдэлтэй. Хүн болгон үнэ төлбөргүй боловсрол эзэмших эрхтэй. Айл болгон өөрийн гэсэн шаардлага хангасан орон байртай. Зэвсгэт хүчин, эрүүл мэнд, боловсролоос бусад салбарт гадаадын хөрөнгө оруулалт хийхэд нээлттэй. Төрөөс бүх л салбарын ажилчид, албан хаагчид, ажилтнуудын цалин, даатгал зэргийг улсынх хувийн гэж ялгалгүй бүрэн баталгаажуулан хатуу хянаж байдаг. Бүрэн цахилгаанжсан. Мах идэж үзээгүй хүн гэж байхгүй. Нийт тариалнгийн 55% хоршоодын мэдэлд, 15% хувь хүмүүсийн мэдэлд байдаг. Хүнсний бүтээгдэхүүн олгох картын системтэй. Нэг намын удирдлагатай. Эрх баригч намыг ил задгай шүүмжлэх хориотой. Сөрөг хүчин гэж байхгүй. Гадаад явахын тулд тусгай зөвшөөрөл авах ёстой. Цалин бага.

Та байсан Куба хүн байсан бол энэ хоёрын алийг нь сонгох вэ?

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан