ДЭМБ-ын зөвлөх баг Коронавируст халдвар (COVID-19)-ын эрчимт эмчилгээ, яаралтай түргэн тусламж, халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр 3 дугаар сарын 2-11 хооронд манай улсад ажиллахаар ирсэн. Харамсалтай нь, тус мэргэжилтнүүд эхний шатны шинжилгээгээр шинэ коронавирус илэрсэн Франц улсын иргэнтэй хамт нэг онгоцонд сууж иржээ.
Энэ талаар ДЭМБ-ын Монгол дахь салбарын мэргэжилтэн О.Ариунтуяа мэдээлэл өгөхдөө "ДЭМБ-ын төлөөлөл Франц улсын иргэнтэй нэг онгоцонд ирсэн нь үнэн. Нэг нь нутаг буцсан. Үлдсэн таван хүн нь ажиглалтын хугацаа үргэлжилж байгаа. Өнөөдөр шинжилгээ авсан. Хариу маргааш гарна" гэжээ.
ДЭМБ-ын Зөвлөх багийнхан энэ хугацаанд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Сэлэнгэ, Өмнөговь аймагт ажилласан гэх мэдээлэл байна. Мөн энэ сарын 6-нд УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзсан байна.
Тэд коронавируст халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр ажиллаж буй ДЭМБ-ын зөвлөх баг халдварын шинж тэмдгийг таних, халдвар дамжих зам, эрэмбэлэн ангилах, тусгаарлах, хувийн хамгаалах хэрэгслийн хэрэглээ, халдваргүйжүүлэлт зэрэг чухал сэдвийн хүрээнд үндэсний сургагч багш бэлтгэх сургалт явуулсан билээ.