Төрийн ордонд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл12.00 цагт хуралдахаар болжээ. ҮАБЗ-ийн зөвлөлийн хурлаар БНХАУ-д дэгдээд буй коронавирусийн халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэх гэнэ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа учраас "Дэлхийн нийтийн Онц байдал зарлах" шийдвэр гаргасан. Хэрвээ коронавирусийн халдвар эрүүл мэндийн тогтолцоо, үйлчилгээ тааруу орнуудад тархсан тохиолдолд хөнөөл ихтэй гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчид анхааруулсан байна.
Монгол Улсын хувьд халдвар эрчимтэй тархаж буй БНХАУ-тай хамгийн ойр байрладаг, эрсдэл өндөр улсад багтаж буй. Тиймээс уг асуудлаар ҮАБЗ хуралдаж, тодорхой зөвлөмж гаргах бололтой. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүлдэг бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар багтдаг юм.
Мөн онц байдал зарласантай холбоотойгоор өнөөдөр 15.00 цагт Засгийн газар УИХ-д мэдээлэл хийхээр болсон байна.