Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЭРБУМТАН УОРРЕН БАФФЕТ: IPO ХАМГИЙН МУУ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Уоррен Баффетын хийсэн хөрөнгө оруулалт алдагдал дагуулж, зах зээлийн талаарх таамаглал зөрж байсан удаагүй тул түүнийг “Омахагийн зөнч” хэмээн хочлох болсон юм. Учир нь Уоррен Баффет АНУ-ын Небраска мужийн Омаха хотын хүн билээ. Уоррен зөвхөн ашигтай зүйлд ихээхэн хөрөнгө оруулах замаар хөрөнгө босгосон нэгэн. Уоррен олон жилийн туршлагатай компаниудад урт хугацаанд хөрөнгө оруулдаг. Түүнд хамгийн их ашиг авчирсан нь Coca-Cola, Gillette юм.

Америкийн бизнесийн магнат, хөрөнгө оруулагч, нийгмийн зүтгэлтэн Уоррен Баффетыг ХХ зууны хамгийн их амжилт олсон хөрөнгө оруулагч гэдэг. Тэрбээр Berkshire Hathaway хөрөнгө оруулалтын сангийн гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч, гол хувьцаа эзэмшигч нь билээ. Дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад ямагт дээгүүр бичигддэг Уоррен 2008 онд дэлхийн хамгийн баян хүний жагсаалтыг тэргүүлж, 2011 онд гуравдугаарт бичигдэж байв. Америкийн “Тайм” сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн нөлөөтэй хүнээр нэрлэсэн юм.
Уоррен 1930 онд Небраска мужийн Омаха хотод төржээ. Түүний аав нь улстөрч, бизнесмэн байлаа. 1942 онд түүний аав Ховард Уоррен Конгрессын гишүүнээр сонгогдоход Уоррен Омахагаас Вашингтон руу шилжжээ.

МАТЕМАТИКТ ДУРТАЙ ХҮҮ

Вудроу Вильсоны ахлах сургуулийн төгсөгчдийн зураг дээр тэрбээр “Математикт дуртай, ирээдүйд брокер болно” хэмээн бичсэн байдаг. Уоррен бүр хүүхэд байхын л мөнгө цуглуулж, хадгалах дуртай байжээ. Тэр айл, айлын үүд тогшин бохь, кола, сэтгүүл зарж олсон мөнгөө хадгалдаг байв. Ахлах сургуулиа төгсөөгүй байхдаа Уоррен сонин түгээж, гольфийн бөмбөг, шуудангийн марк зарж, машины сэлбэг худалдан мөнгө олох аргаа олсон байжээ. 1944 онд Уоррен татварын орлогод анх удаа 35 ам.доллар авсан юм. 1945 онд Уоррен найзынхаа хамт 25 ам.доллараар хуучин автомат билльярд худалдан авч, хотын нэгэн үсчний газарт суурилуулсан юм. Хэдхэн сарын дараа Уоррен өөр хэд хэдэн үсчинд автомат билльярд суурилуулсан билээ. Гэвч Уоррен хөрөнгийн зах зээлийг бүр жаахан байхаасаа сонирхож байжээ. Уоррен аавынхаа брокерын компанийн ойролцоох Үнэт цаасны захын үйлчлүүлэгчдийн лоунжид өдрийг өнгөрүүлдэг байжээ. Уоррен 10 настайдаа Хөрөнгийн биржийг үзэхээр Нью-Йоркийг зорьсон гэдэг. Жилийн дараа хүү “Cities Service Preferred”-ээс өөрийн нэр дээр гурван хувьцаа худалдаж авсан юм. 

Ахлах сургуулийн сурагч байхдаа Уоррен аавынхаа бизнест хөрөнгө оруулж, фермер худалдан авсан байдаг. Хүү коллеж төгсөхдөө дансандаа хэдийнэ 90000 ам.доллар цуглуулсан байжээ. Уоррен 1947 онд Пенсильванийн их сургуулийн Вартоны бизнесийн сургуульд элсэн орж, хоёр жил суралцсан юм. Хоёрдугаар курст орох жилээ Уоррен Небраскагийн Линкольнийн их сургууль руу шилжиж,  бизнесийн ухааны бакалавр болжээ. Линкольнийн их сургуулийг төгсөх жилээ Уоррен үнэт цаасны хөрөнгө оруулалтын тухай “Ухаалаг хөрөнгө оруулагч” номыг бичсэн үнэт цаасны нэртэй шинжээч Бенжамин Грэхем, Дэвид Додд нарын хичээл заадаг Колумбын бизнесийн сургуульд элссэн юм. Тэрбээр Колумбын их сургуулийг 1951 онд эдийн засгийн ухааны мастер зэрэгтэй төгсчээ.

Уоррен “Би бол 15 хувь Фишер, 85 хувь нь Бенжамины бүтээл” хэмээн ярих дуртай билээ. “Үнэт цаасны арилжааг анхааралтай шинжилж, зах зээлийн хэлбэлзлийн үед давуу байдлаа ашиглахыг Бенжамин бидэнд заасан. Хэдэн зуун жил өнгөрсөн ч энэ бол үнэт цаасны хөрөнгө оруулалтын тулгын чулуу байх болно” хэмээн тэр ярьдаг аж. Уоррен 1951-1954 онд “Buffett-Falk & Co” хэмээх нэртэй компаниас карьераа эхэлж, 1954-1956 онд Нью-Йоркийн “Graham-Newman Corp”-д үнэт цаасны шинжээчээр ажилласан юм. 1956 онд “Buffett Partnership, Ltd” хөрөнгө оруулалтын компаниа нээж, ерөнхий хөрөнгө оруулагч болсон ба 1970 оноос “Berkshire Hathaway Inc”-ын ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлын албыг хашиж байна.

БИЗНЕСИЙН КАРЬЕР

1950 онд 20 настай Уоррен инфляцын нөлөөг арилгаж, хөрөнгө оруулалтаас 9800 ам.долларын ашиг олсон аж.
1952 онд Уоррен Бенжамин Грэхем GEICO даатгалын компанийн удирдах зөвлөлд байсныг олж мэдээд Вашингтон руу галт тэргээр очжээ. Бямба гаригийн өглөө Уоррен GEICO-ын төв байранд очиж, дэд ерөнхийлөгч Лоример Дэвидсонтой уулзав. Тэд даатгалын бизнесийн талаар хэдэн цагийн турш санал солилцсон аж. Дэвидсон сүүлд Уоррены сайн найз болсон бөгөөд түүнд их нөлөөлсөн хүн билээ.

Уоррентой хэдхэн үг сольсныхоо дараа Дэвидсон түүнийг ер бусын хүн гэдгийг мэдсэн гэдэг. Уоррен Колумбын бизнесийн сургуулийг төгссөнийхөө дараа Уолл Стрийтэд ажиллах бодолтой байсан ч түүний аав, Бенжамин Грэхем нар зөвшөөрөөгүй байна. Тэрбээр Грэхемд үнэгүй ажиллах санал тавьсан ч цаадах нь татгалзсан аж. Уоррен Омахадаа эргэн очиж, Дэйл Карнегийн олон нийттэй харилцах курст суралцахын зэрэгцээ хөрөнгийн брокероор ажиллаж байв. Сурсан мэдлэгээ ашиглахын тулд Уоррен Небраскагийн их сургуулийн оройн ангид “Хөрөнгө оруулах үндсэн зарчим”-ын талаар хичээл зааж байв. Уоррены оюутнууд түүнээс үе мултарсан хүмүүс байсан гэдэг. Уоррен тэр үед “Sinclair Texaco” ШТЦ-ыг худалдан авчээ. Гэвч тэр амжилтын оргилд хүрээгүй байсан юм.
 1952 онд Уоррен Сюзан Томпсон гэгч бүсгүйтэй гэрлэж, жилийн дараа хүүхэдтэй болсон юм. 1954 онд Уоррен “Benjamin Graham’s partnership” компанид ажилд оров. 12000 ам.долларын цалин авч байв. 2012 оны ханшаар энэ нь 105000 ам.доллартай тэнцэнэ. Грэхем хамт ажиллахад хэцүү хүн байсан бөгөөд үнэт цаасны компанийн хатуу шалгуураас болж томоохон хөрөнгө оруулагчдаа алдаж буйг Уоррен анхааруулснаас тэдний харилцаа хурцадсан юм.
Тэр жил Уоррены хоёр дахь хүүхэд Ховард Грэхем Баффет мэндэлжээ. 1956 онд Бенжамин Грэхем тэтгэвэртээ гарч, компаниа хаасан байна. Тэр үед Уоррен хувийн хадгаламжиндаа 174000 ам.долларын хөрөнгө цуглуулсан байсан бөгөөд Омаха хотод “Buffett Partnership Ltd” компаниа нээсэн юм.

ТЭРБУМТАН УОРРЕН БАФФЕТ

1990 онд “Berkshire Hathaway” А зэрэглэлийн хувьцаа арилжаалж эхлэхэд Уоррен хэдийнэ тэрбумтан болсон байв. 2008 онд Уоррен нийт 62 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр дэлхийн хамгийн баян хүн болсныг Forbes сэтгүүл онцолсон юм. Уоррен Баффет  2012 оны дөрөвдүгээр сард хорт хавдраар өвчилсөн нь тодорхой болж, тэрбээр хувьцаа эзэмшигчдэд илгээсэн захидалдаа “ Бие нь урьдын адил эрүүл саруул хэвээрээ, эрч хүч 100” хэмээн бичсэн юм. Хэвлэл мэдээлэл, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, нүүрс, тамхины зах зээлд томоохон хөрөнгө оруулж байсан Уоррен өнгөрсөн тавдугаар сард Facebook, Google шиг олон нийтийн сүлжээний хувьцааг худалдаж авахаас зайлсхийдэг хэмээн ярьсан юм. Учир нь, энэ төрлийн зах зээлийн ирээдүйн ашгийг тооцоолоход хэцүү хэмээн тэрбээр тайлбарласан аж. Мөн анхдагч хувьцаагаар хөрөнгө босгох нь хамгийн муу хөрөнгө оруулалт хэмээн ярьдаг байна. Тэрбээр хөрөнгө оруулагчдад компанийн ирэх 10 жилд олох ашгийг сайн тооцоолох хэрэгтэй хэмээн зөвлөдөг гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан