Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мельбурны тэмдэглэл
Манай сурвалжлагч Австралид ажиллалаа


Зуны нар буцсан зургадугаар сарын 22-ны өглөө далайн чанадад орших Австрали орныг сэтгүүлч нөхдийн хамт зорилоо. Агаарт бүтэн 16 цагийг өнгөрүүлж, нисэх буудлаас нисэх буудал дамжин явсны эцэст Мельбурны өвлийн цэнгэг агаар биднийг угтан авахад сая нэг зорьсон газраа хүрч, амьсгаа уужрав. Манай зуны улирал тэдний өвлийн улиралтай давхцаж байгаа энэ үед тив алгассан бидний хувьд цаг агаарын онц ялгаа төдий л ажиглагдсангүй. Бага зэрэг дулаалсхийгээд өмсч гарсан хувцас минь Мельбурны өвлийг ажрахгүй давах шинжтэй.
Хөгжилтэй оронд очсон Монгол хүн бүрийн л ёс юм шиг шогшрон хардаг жишгээр Мельбурны замынх нь сайхныг магтсаар 100 км/цаг давж хурдлах таксиндаа суугаад хотын төвийг зорилоо. Бүтэн тивийг ганцаараа эзэлдэг, газраар баян улс болоод ч тэр юм уу нэг дор бөөгнөрүүлж, олон давхраар нь барьсан барилга хотын төв ортол ер харагдахгүй юм. Арай жаахан бэлжүү бололтой айл нь томхон хаус хашаа, цэцэрлэгтэй бол жирийн дундаж айлууд нь хаалга нь бараг хашаандаа тулсан жижгэвтэр хаустай байх аж.
Гэхдээ тэдэнд нэг л ижил зүйл ажиглагдах нь хашааныхаа жижиг томоос үл шалтгаалан байгаа бүх зай талбайдаа цэцэг ногоо, мод навч, зүлгээ маш сайхан ургуулсан байх юм.
Бидэн шиг хаа нэг цэцэг харж, хааяа нэг бие биедээ худалдан авч бэлэглэдэг хүмүүст бараг айл бүрийн хашаанд өнгө өнгийн сарнай алаглаж байх нь тун чиг үзэсгэлэнтэй харагдана.


Цэцэгсийн сайхныг биширсээр хагас цаг гаруй яваад нэг сар амьдрах байрандаа ирэв. Байр гэж уг нь зочид буудал л даа. Гэхдээ нэг онцлог нь манайд хөгжиж амжаагүй байгаа үйлчилгээтэй байр юм. Зочид буудал шиг өдөр бүр үйлчилгээ үзүүлэх боловч оршин суух орчин нөхцөл, гал тогоо, угаалгын машинаас эхлээд хэрэгтэй бүх зүйлээр хангасан учраас зочин өөрөө хоол ундаа хийж идээд, хувцсаа угааж, индүүдээд хэсэг хугацаанд товхийгээд амьдарчихаар. Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө эсвэл бүлгээрээ аялж яваа жуулчдад маш тохиромжтой. Тухайн орны хоол хүнс нь таардаггүй өөрийнхөө үндэсний хоол ундыг хэрэглэх хүсэлтэй, эсвэл үүргэвчтэй аялал хийгээд мөнгөө жаахан хэмнэх бодлоготой явж байгаа жуулчдад маш хэрэгтэй үйлчилгээ. Иймэрхүү үйлчилгээтэй байр аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж ярьж байгаа манайх шиг оронд нэвтрүүлмээр л туршлага санагдана. Үйлчилгээний салбар нь эдийн засгийнхаа 20 хувийг бүрдүүлдэг Австралид иймэрхүү үйлчилгээтэй байр хаа сайгүй байх аж.

Австралид ирсэн анхны сэтгэгдэл тун ч өег хоноод Мельбурн хоттой танилцахаар амралтын өдөр өглөө эртлэн буудлаасаа гарлаа. Манай ойролцоо таваас дээш давхар барилга бараг л харагдахгүй, зам нь нарийхан, хөл хөдөлгөөн ч багатай болохоор хотын зах руугаа буудаллачихлаа даа гэж уг нь бодсон юм. Гэтэл буудлаас гараад 10 гаруйхан минут алхаад хотын төвд хүрчихлээ. Трамвайны төв замууд огтлолцсон, хүний хөл хөдөлгөөн бужигнасан Мельбурны бизнесийн төв дүүрэг аварга том корпорацуудын өндөр шилэн барилгууд, нүд эрээлжлэм дэлгүүр, худалдааны төвөөр  дүүрэн.  Хэдэн арван метр урт үргэлжлэх худалдааны төв гудамж Бурк стритэд “Дэвид Жонс”, “Майер” гэсэн Австрали даяар бүрэн ноёрхлоо тогтоосон их дэлгүүр байхын зэрэгцээ “Adidas”, “Zara”, “Espirit”, “Luis Vuitton” гээд брэндийн дэлгүүрүүд шил дараалан байрлана.  Энэ худалдааны төв гудамжаар явж байхад маш сайхан урлагийн тоглолтыг үнэгүй үзчихнэ. Манайхаар сайн дурын уран сайханч гэх юм уу даа. Гэхдээ дуулж, хөгжимдөж байгаа нь баргийн мэргэжлийн хүнээс илүү сайхан тоглолтыг сайн дураараа сонирхуулах уран сайханчид хэд алхаад л тааралдана. Сайхан дуу, хөгжим сонсч, сэтгэл нь сэргэсэн хүмүүс хааяа нэг мөнгө хандивлах ч тэдний зорилго нь мөнгө олохдоо биш, өөрсдийн уран бүтээлийг олонд хүнд сурталчлахад л байдаг бололтой.
Австралийн хамгийн өндөр зургаан барилгын тав нь Мельбурны Бизнесийн төв дүүрэгт байдаг гэнэ.Түм түжигнэж, бум бужигнасан энэ их хөлийн газарт олны дунд уусан орох нээ Австралид биш Азид л яваа юм шиг сэтгэгдэл төрмөөр. Худалч хүнд гудамжаар зөрсөн таван хүний гурав нь ази. Япон, Хятад, Солонгос, Энэтхэг, Индонези гээд Азийн өнцөг булан бүрээс ирсэн дөнгөж 20 гарч яваа болов уу гэмээр залуус алхам тутамд зөрөлдөнө. Арга ч үгүй байх. Австралийн гол экспортын нэг нь дээд боловсрол болсон энэ үед Азийн хөрөнгө чинээтэй орнуудын дундаж айлын хүүхдэд ч энд суралцах боломж өндөр болсон. Америк, Английн өндөр төлбөртэй их сургуулиудыг бодвол харьцангуй бага/ 15-30 мянган доллар/ өртөг зардалтай атлаа чанартай боловсрол олгодог учраас Ази залуус дээд боловсрол, мэргэжлийн зэргээ ахиулахдаа Австралийг сонгох нь түгээмэл. Үүний дүнд Австралид боловсролын салбар нь аялал жуулчлалын дараа  голлох экспортын бүтээгдэхүүн болох хэмжээнд хүртлээ тэлжээ. Нэг талаас энэ Австралийн төрийн бодлого. Нөгөө талаас Мельбурн, Сидней зэрэг хотын хүн амьдрахад таатай орчин нөхцөл нь гадаад оюутныг соронз шиг татах ажээ.  Австралийн хамгийн том их сургууль болох Монаш, Мельбурны их сургууль, Ла Троб, Мельбурны Технологийн их сургууль гэх мэтчилэн нэр хүндтэй,томоохон дээд боловсролын байгууллагууд энд байрладаг нь залуус, оюутнуудын хот болгожээ.

Өөрөө дөрвөн сая гаруй хүн амтай, түүн дээр ажиллаж, сурахаар ирсэн гадаад иргэд нь хэдэн зуун мянгаар тоологдох Мельбурн хот Бизнесийн төв дүүрэг, трамвайныхаа төв зогсоол дээр л их хот гэдгээ мэдрүүлэхээс биш, хотын төвөөс жаахан холдоход л дуу чимээ алсарч, амар тайван байдал ноёрхоно. Хотын төв дүүргийн яг араар Ярра гол чимээгүйхэн урсч, бид амьгүй барилга байшингаар дүүрэн хотод бус амьд байгаль дунд оршин байгаа шүү гэдгийг сануулна. Брисбэн, Сидней зэрэг Австралийн бусад том хоттой харьцуулбал Мельбурны Ярра гол “ажиллагаагүй” ч гэсэн хотдоо чимэг болж, хүн арддаа амралт тайвшрал өгөх аж.  Харин Брисбэн хотын Брисбэн гол юм уу Сиднейн далайн эрэг бол усан онгоц, далбаат завиар дүүрэн, үргэлж хүн олон зорчиж байдаг учраас “ажиллагаатай” гэж нэрлэгдэнэ. Брисбэн, Сиднейн оршин суугчид нь гэрээсээ хотын төв рүү, нэг эргээс нөгөө рүү усан онгоцоор яг л автобусанд сууж байгаа мэт байнга зорчиж явдаг байхад Мельбурнийхэн хотыг хэрсэн трамвайн сүлжээгээр ажлаа амжуулна, харин Ярра гол нам гүм, амар тайван урсана. Хааяа нэг уралдааны завь унасан хүмүүс явахыг эс тооцвол гол нам тайван.

Жаргах нарны туяанд Ярра эрэг дагуухь засмал замаар эрчтэйхэн гүйх хүмүүсийн тоо нэлээд нэмэгдэж, бараг л хоорондоо уралдаж яваа юм уу гэж андуурмаар. Австраличууд ер нь эрүүл мэнддээ их анхаардаг хүмүүс бололтой. Өглөө, үдэш, ер өдрийн цагаар ч хаа сайгүй гүйсэн хүмүүс тааралдах. Тиймдээ ч Америк мэтийн өндөр хөгжилтэй орнуудад тулгараад байгаа хэт таргалалт гэдэг асуудал Австралийн цагаан арьст иргэд дунд бараг л үл анзаарагдана. Харин Австралийн уугуул иргэд буюу аборигенчууд дунд таргалалт гэдэг үнэхээр том асуудал болсон байх нь ядуу хүн тарган байдаг гэсэн орчин үеийн ойлголтыг батлах шиг.  Гэхдээ Мельбурн мужийн харьяалагддаг Виктория мужид Австралийн бусад муж, хотуудыг бодвол харьцангуй цөөн аборигенчууд амьдардаг учир энэ хотоос уугуул иргэдийг тэр бүр олж харахгүй. Австралийн соёлын нийслэл хэмээх тодотголтой энэ хотод уугуул иргэд байтугай австраличууд өөрсдөө цөөхөн харагдах нь хачирхалтай. Гэхдээ үүнийг Мельбурны түүхтэй ч холбон тайлбарлаж болно.  Угаас Мельбурн өөрөө цагаачдын эх нутаг. Европчууд Австрали тивд суурьшсанаас 47 жилийн дараа буюу 1835 онд байгуулагдсан энэ хот алтны халуурлын үед хүн амын тоогоо үлэмж нэмсэн гэдэг. Хот байгуулагдаад 10 жилийн нүүр ч үзээгүй байхад Мельбурнээс холгүйхэн алтны нөөц илэрч, Австрали төдийгүй бараг дэлхийн өнцөг булан бүрээс цагаач иргэд Виктория мужийг зорин ирсэн байдаг. Тэр олон цагаач иргэдийн дийлэнх нь Мельбурн хотод суурьшин үлдсэн бөгөөд тэр үед баригдсан эртний барилгууд одоо ч амь бөхтэйгөөр оршиж, хотынхоо түүхийн амьд гэрч нь болсоор байна. Олон үндэстний соёлыг агуулсан Мельбурн хотын хүн амын 35,8 хувь нь хилийн чанадад төрсөн гэдэг статистик бий. Гадаадад төрсөн тэдгээр оршин суугчдын дийлэнх нь Их Британи, Итали, Хорват, Вьетнам, Хятад, Грекээс гаралтай аж. Тэр дундаа Хятад цагаачид бүр эртнээс Мельбурнд төвхнөж авсан бөгөөд өдгөө энэ хотын хувьд хоёр дахь түгээмэл хэл нь хятад буюу мандарин, кантон хэл болоод байгаа гэнэ.
Хүн ам, барилга байшинг нь үлэмж хэмжээгээр тэлсэн алтны халуурал Мельбурны түүхэнд тун онцгой үе байсан гэдэг. Виктория муж алтаар хахаж байсан тэр үед Мельбурн дэлхийн хамгийн баян хотод тооцогдож байж. Одоо ч Мельбурн тэр сайхан цаг үеэс алсарч холдоогүй, хөгжлийн өөр нэг шатандаа яваа, тэгэхдээ бүр хүн амьдрахад хамгийн таатай хотуудын жагсаалтыг тэргүүлж явна. Дэлхийн бусад өндөр өртөгтэй хоттой адил амьжиргааны зардал хамаагүй их боловч хүн таатай оршин амьдрах нөхцөл боломж нь тэр “дутагдлаа” нөхөөд байгаа юм.  
Экономист группийн 2011 оны  судалгаагаар хүн амьдрахад хамгийн таатай хотоор шалгарсан Мельбурн трамвайн сүлжээгээрээ дэлхийд хамгийн томд тооцогдоно. Энд орчин үеийн хурдан трамвай нийтийн тээврийн үйлчилгээнд зай завсаргүй явж байхад хэдэн арван жилийн өмнө анх трамвай Австралид нэвтрэхэд л үйлчилгээнд явж байсан хуучирсан трамвайнууд нь үзвэрийн зорилгоор гадаадын жуулчдад үнэгүй үйлчилнэ. Трамвайнаас гадна автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явах ч Мельбурн хотынхон трамвайгаараа голдуу үйлчлүүлнэ. Энэ нь нэг талаар хурдан, нөгөө талаар трамвай нь автобусыг бодвол илүү хотын унаа гэсэн ойлголт байдаг гэж тэнд амьдардаг нэгэн монгол танил маань тайлбарласан.


Нийтийн тээврийн үйлчилгээ сайн хөгжсөний дээр нэг хүнд оногдох замынхаа уртаар дэлхийд тэргүүлдэг учир замын бөглөрөл гэх зүйлийг бараг л олж харсангүй. 22320 км замтай Мельбурн хот 3,6 сая авто машинтай ч тэд бүгдээрээ замаар зорчих нь харьцангуй бага юм уу даа гэж ажиглагдсан. Хүмүүс алхах, нийтийн тээвэрт суухыг илүүд үздэг бололтой юм. Такси ч элбэг биш аж.
Мельбурныг Австралийн соёл урлагийн нийслэл гэлцэнэ. Тиймдээ ч энд “ABC”, “SBS” гээд Австралийн  гол телевизүүд, “Age”, “Australian”, “Sydney Morning Herald” зэрэг томоохон хэвлэлүүдийн төв байрлана.  Томоохон театр, галлерейд нь олон улсын үзэсгэлэн, тоглолт үзвэр үйлчилгээ тасрахгүй. Түүн дээр нь гудамжинд сайн дураараа тоглолт үзүүлэх уран сайханчдын үзвэр нэмэгдээд Мельбурн хотын нэг давтагдашгүй өнгө аясыг бүрдүүлэх ажээ.

Ид өвлийн улирал үргэлжилж буй Австралид нар эрт жаргана. Оройн таван цагт нар жаргахтай яг зэрэгцээд ажил ч тарж, худалдааны төвүүд ч хаалгаа барьж, мельбурнчууд гэр гэрийн зүг зорино.   Австраличууд биднийг бодвол ажил, амьдралаа ялгаж зааглаж чаддаг хүмүүс юм. Ажлаа яс таван цагтаа дуусгачихаад эртхэн шиг харьж, амрахыг чухалчилна. Өдрийн хоолондоо төдийлэн ач холбогдол өгч, цаг үрээд байдаггүй нь орой гэр бүлээрээ хамт хооллохыг илүүд үздэгтэй нь ч холбоотой байж мэдэх юм.


Нар жаргасан хойно буудал руугаа харьж явах үед зам дагуу ярайсан ресторан, зоогийн газрууд өглөөхөн нам гүм байснаа гэнэт амь оров уу гэлтэй гэрэл нь гялалзаад л, итали хоолны сайхан үнэрээр ойр хавьд яваа хэнийг ч болов урин дуудах ажээ. Хэдий өвлийн хүйтэн өдрүүд үргэлжилж байгаа ч гадаа гудамжинд зассан зоогийн ширээнд гэр бүл, найз нөхдөөрөө орой хоолоо зооглон, дарс шимэн суух амттайхан дүр зураг хотын төвөөс холгүйхэн орших Лайгон гудамжинд бий. Яг л энэ гудамжинд Мельбурны бас нэгэн давтагдашгүй өнгө аяс мэдрэгдэх аж.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан