Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төв Азийн орнуудад эдийн засгийн хамтын ажиллагаагаа сайжруулахыг уриаллаа
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн Сайд нарын XIV уулзалтад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Такехико Накао болон Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (CAREC)-ийн гишүүн, улс орнуудын сайд нар оролцож орнуудын эдийн засгийн хөгжилд нөлөөлж буй хөгжлийн асуудлаар саналаа солилцлоо. “CAREC-ийн бүс нутаг дахь эдийн засгийн шинэтгэлийн хүрээнд хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлэх нь” сэдэвтэйгээр уулзалт болсон юм.  
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уулзалтыг нээж үг хэлэхдээ Монгол Улс уг арга хэмжээг зохион байгуулж байгаа нь CAREC -ийн хөтөлбөрийн гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх эрмэлзлэлийн илэрхийлэл гэж онцолсон. Азийн Хөгжлийн банкны Ерөнхийлөгч Такехико Накао болон тус хуралд оролцож буй сайд нарт энэ бүс нутгийн төлөө харилцан туршлагаа солилцож, дэмжлэг үзүүлж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн төлөө хамтран ажилладагт талархлаа илэрхийллээ. 

Манай улс энэхүү хөтөлбөрт тогтмол идэвхтэй оролцож хамтын ажиллагааны үр шим, дэмжлэг хүлээж иржээ. Хөтөлбөрийн гишүүн орнууд бүс нутгийн тээврийн коридорыг сайжруулах, транзит, эдийн засгийн коридор болгож хөгжүүлэх нь Монгол Улсын хувьд том боломж гэдгийг Ерөнхий сайд хэлсэн юм.

Эдийн засгийн хөгжлийн үр шим нь бүс нутгийн ард иргэдэд хүртээмжтэй байх, бүс нутагтаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх орчныг сайжруулахад хувийн хэвшлийн үүрэг оролцоо их гэдгийг тэрээр онцолсон. Ингээд Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг улам сайжруулахын төлөө идэвхтэй ажиллахыг гишүүн орнуудын сайд нарт уриалав.

Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Такехико Накао Сайд нарын уулзалтад оролцохдоо CAREC -ийн бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулахыг гишүүн орнуудад уриаллаа.

Тэрээр Азийн хөгжлийн банк улс орнуудад эдийн засгийн шинэ нөхцөл байдалд дасан зохицох болон бодлогын шинэчлэл хийхэд зориулж нэлээд хэмжээний тусламж олгоод байгаа. Цаашид ч олгохоор төлөвлөж байна. Тухайлбал, Монгол Улсын нийгмийн халамжийн хөтөлбөрийг дэмжихэд 150 сая ам.доллар олгох асуудлыг Азийн хөгжлийн банкны захирлуудын зөвлөл энэ долоо хоногт хэлэлцэх аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан