Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэр одоо Ерөнхийлөгч болохыг мөрөөддөг болсон

Цагаан ордны баруун жигүүрийн хана туурга тэр чигтээ Ерөнхийлөгчийн гэрэл зургаар дүүрэн байдаг. Ерөнхийлөгчийн ажил хэрэг, гэр бүлийн   сонирхолтой агшнуудыг буулгасан тэдгээр гэрэл зургууд хуучирч амжаагүй байхдаа шинээр солигдож байдаг юм. Гэвч өнгөрсөн гурван жилийн хугацаанд нэг л зураг солигдолгүй өдийг хүртэл байсаар байгаа нь таны харж буй энэ зураг.
Энэ зурагны түүх их хөөрхөн. Зураг дээрх жаал бол Цагаан ордны албан хаагч Филадельфиагийн хүү Жэкоб юм. Хүүгийн аав өмнөх Ерөнхийлөгч Ж.Бушийн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байгаад Б.Обамаг ирсний дараа ажлаа өгч, Цагаан ордноос явах болжээ. Цагаан ордны ажилтнуудын дунд уламжлал болсон ёсоор Филадельфиагийн гэр бүл Ерөнхийлөгчтэй зургаа татуулж, дурсгал болгохыг хүссэн байна. Ингээд  Филадельфиа эхнэр хоёр хүүгээ дагуулан Ерөнхийлөгчийн ажлын өрөө болох Зуйван танхимд орж ирээд зургаа татуулж. Тэр үед Филадельфиа хөвгүүдэд нь Ерөнхийлөгчөөс асуух зүйл байгаа тул хариулж болох уу гэж хүсчээ. Тэрээр хөвгүүд нь юу асууж халаах бол гэж эмээж байсан ч тэднээс ямар асуулт тавих гэж байгааг нь урьдчилан лавлаж, зөвлөлдөөгүй гэнэ. Ингээд хөвгүүд нэг нэгээрээ Ерөнхийлөгчөөс сонирхсон зүйлээ асуух болж, таван настай бага хүү нь эхлээд асуулт тавьжээ. Жаал хүү Ерөнхийлөгчөөс “Таны үс минийхтэй адилхан уу” гэж өөрийнх нь хувьд мэдэхийг хамгийн их хүсч байгаа зүйлээ асууж. Ерөнхийлөгч эхэндээ түүний асуултад гайхсан ч жаал хүүг дахин асуултаа хэлсний дараа сая ойлгож, “Миний толгойд хүрээд адилхан байгаа үгүйг мэдчихэж болно шүү дээ” гэжээ. Ингээд Ерөнхийлөгч хүүгийн өмнө толгойгоо бөхийлгөөд зогсоход тэр эмээсэндээ хүрч чадахгүй хэсэг хулгажээ. Харин Ерөнхийлөгч хүүг “Хүрээд үз л дээ, залуу минь” гэж зоригжуулснаар жаал Б.Обамагийн үсэнд хүрч үзээд “Адилхан байна” гэж хэлсэн гэдэг. Хүүгийн ах, 11 настай Исаак арай нухацтай асуулт Ерөнхийлөгчид тавьсан бөгөөд Байлдааны F-22 онгоцыг яагаад худалдан авахаас татгалзсаныг нь сонирхжээ. Үүгээр Филадлельфиагийн гэр бүлийн Ерөнхийлөгчтэй хийсэн богинохон уулзалт өндөрлөсөн ч тэдний гэр бүлийн хувьд төдийгүй Ерөнхийлөгч Б.Обамагийн хувьд ч мартагдашгүй дурсамж үлдээсэн гэрэл зураг хальсанд бууж, түүх болон үлджээ.
Одоогоос дөрвөн жилийн өмнө  Б.Обама Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь олон зуун жил хавчигдан гадуурхагдаж ирсэн хар арьстнуудын хувьд түүхэн ялалт байсан билээ. Хар арьст хүн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч болно гэдэг африк гаралтай америкчуудын хувьд бахархам үлгэр дуурайл. Гэвч Ерөнхийлөгч Б.Обама арьс өнгөөр ялгарварлан гадуурхах үзлийн тухай маргааныг дэврээхгүйн тулд хар арьст иргэд рүүгээ хандсан мэдэгдэл, тусгай хөтөлбөр зэргээс болгоомжлон татгалзсаар өдий хүрсэн. Энэ нь түүнтэй угсаа гарал нэгтэй африк америкчуудыг гонсойлгодог ч гэлээ тэдний гоморхлыг  энэ бяцхан жаалын зураг бага ч болов цайруулж, сэтгэлийг нь уярааж байдаг билээ.
Учир нь, энэ зургийн өгүүлэмж нь өөрөө хүн бүрт урам зориг өгмөөр өндөр үнэ цэнэтэй.  Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч нэг жаалын өмнө толгойгоо бөхийлгөөд, түүний үс хүүгийнхтэй ялгаагүй л адилхан гэдгийг харуулснаар “Би чамтай л адилхан. Чам шиг жаахан хүү ч ирээдүйд Ерөнхийлөгч болж чадна. Хэн ч юунд ч хүрч болно” гэдгийг ойлгуулсан юм.  Тийм ч учраас тэр өдрөөс хойш гурван жил өнгөрсөн ч энэ зураг одоо хүртэл Цагаан Ордны Зүүн жигүүрт, бас Филадельфиагийн гэр бүлийн хананд хамгийн хүндтэй байранд хадгалагдсаар байгаа билээ. Мөн Ерөнхийлөгчийн Чикаго дахь албан тасалгаанд ч нэг хувь өлгөөтэй байдаг юм.
Жэкоб хүү одоо Ерөнхийлөгч болохыг мөрөөддөг болсон гэж Афганистанд алба хааж буй түүний аав саяхан сонинд ярилцлага өгөхдөө бахархалтайгаар дурссан байв.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан