Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Франсуа Олланд: Франц ердийн нэг орон биш, Францын Ерөнхийлөгч жирийн нэг удирдагч биш
Франц орон шинэ Ерөнхийлөгчтэй болоод удаагүй байна. Европын холбооны шийдвэр гаргах эрх мэдлийг гартаа атгадаг энэ орны шинэ төрийн тэргүүнээр өмнөх Ерөнхийлөгчөөсөө тэс өөр үзэл баримтлалтай хүн сонгогдсон нь европчууд төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа. Тэр хүн бол бидэнд танил болоод удаагүй “ноён нормаль” хочит Франсуа Олланд билээ.  Хурц шийдмэг Н.Саркозигоос огт өөр зан төлөвтэй Ф.Олланд өмнөх засгийн үед барьж байсан бодлогыг үргэлжлүүлэх үү, эсвэл тэс хөндлөн зүгт жолоогоо эргүүлэх үү гэдэг нь хараахан мэдэгдээгүй байна. Гэвч түүний бодлого, менежмент Европ тивд яаж нөлөөлөх вэ гэдгийг энэ тивийнхэн анхааралтай ажиглаж, хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрээс нь шүүн тунгаах гэж оролдсоор. Олны энэ ажиглалтад түүний “Spiegel” сэтгүүлд өгсөн дараахь ярилцлага чамгүй судалгааны материал болж, Ф.Олланд цаашид чухам ямар бодлого барих нь ойлгомжтой болох биз ээ.

-Европын тэргүүлэх орон Францын шинэ Ерөнхийлөгчийн хувьд энэ тивийг өрийн хямралаас гаргах ямар санал, төлөвлөгөө танд байна. Хэрэгжинэ гэдэгт нь хэр итгэлтэй байна вэ?
-Өмнөх Ерөнхийлөгч маань бүс чангалах бодлогыг түлхүү барьсан. Гэвч өнөөдөр ганцхан бүсээ чангалснаар асуудал шийдэгдэхгүй гэдэг нь харагдлаа. Тийм ч учраас эдийн засгаа өсгөхөд илүү анхаарах хэрэгтэй гэж би үздэг. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил маань ч бүхэлдээ эдийн засгаа хэрхэн өсгөх вэ гэдэгт чиглэж байсан. Испани, Португали, Нидерланд, Итали гээд бусад улс орны эрх баригчид ч зардлаа бууруулж, бүсээ чангалснаар төсвөө тогтворжуулж чадахгүй гэдгийг ойлгож ухаарч байгаа. Хэрэв эдийн засгаа өсгөж чадвал төсвийн байдал ч дагаад дээрдэнэ.
-Тэгвэл энэ бүхнийг яаж хийх вэ. Шинэхэн Ерөнхийлөгчийн хувьд энэ бүхнийг хийх хүч нөлөө бий юу?
-Бүрэн эрхийн хугацаа нь дуусч яваа Ерөнхийлөгчөөс шинээр гарч ирж байгаа төрийн тэргүүн нь илүү ачаа үүрдэг. Францын ард түмэн намайг сонгосон цагт бусад орон ч миний байр суурийг анхаарах болно. Тэд намайг сонсох л болно.
-Таны шинэ эрх мэдэл Европын бусад оронд өөрийн бодлогыг тулган шаардахад хангалттай гэж бодож байгаа хэрэг үү?
-Тулган шаардах биш. Хэн ч Европт тулган шаарддаггүй юм. Ийм темперамент ч Европт байдаггүй. Европын орнуудын хамтын ажиллагаа харилцан хүндлэл, эрх тэгш байдал, итгэлцэл дээр тогтдог. Ер нь, Германы цөөн хэсэг хүнээс өөр хэн эдийн засгийн өсөлтгүйгээр төсвийн алдагдлаа бууруулж чадна гэж бодоод байгаа юм бэ.
-Гэхдээ хатагтай Меркель эдийн засгаа өсгөх хэрэгтэй гэдэгт маргахгүй байгаа шүү дээ. Харин өсөлтөд хүргэх зам нь ямар байх вэ гэдэг дээр л танаас өөр саналтай байгаа?
-За тэр харав уу. Бидэнд ганц ч гэсэн ижил зүйл байгаа биз. Эндээс л эхлэх хэрэгтэй.
-Гэхдээ канцлер бол бүсээ чангалах бодлого л Европыг өрөөс гаргаж, еврог аврах ганц гарц гэж үзэж байгаа. Үүний чухам юу нь танд таалагдахгүй байгаа юм бэ?
-Энэ санаа бүхэлдээ таалагдахгүй байгаа юм биш. Зарим нэг талыг нь авч үзүүштэй ч юм бий. Би хувьдаа бол төсөв тогтвортой байх хэрэгтэй, эдийн засгаа зөв удирдан залах хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ миний санааг юу зовоож байна вэ гэхээр одоо хэрэгжиж буй бодлогод эдийн засгийн өсөлтийг тэтгэх юу ч алга байгаа нь.
-Тэгвэл та яг юунд хүрэхийг хүсч байна?
-Төсвийн алдагдлыг жилээс жилд хэрхэн бууруулахыг заасан хууль гаргана. Тэр хуулийг бид 2017 онд алдагдалгүй төсөвтэй болох хүртлээ дагаж мөрдөх болно.
-Гэвч эдийн засгийн өсөлт гэдэг шидэт дохиураар дохих шиг хормын төдийд бий болчихгүй. Үнэндээ Европын орнуудад өсөлтийг тэтгэх мөнгө санхүү алга.
-Тийм ээ, Германыг эс тооцвол бидэнд мөнгө алга.
-Хэрэв та Германыг гол мотороо гэж үзэж байгаа юм бол тэднийг царайчлах л хэрэгтэй болох нь дээ, тийм үү?
-Германы дотоод эрэлт хэрэгцээ өндөр байгаа нь бидэнд ашигтай.
-Гэхдээ үүнээс бэлэн мөнгө олж чадахгүй. Тэгэхээр эдийн засгаа тэтгэх мөнгийг хаанаас олох вэ?
-Европын холбоонд хэд хэдэн сан бий. Тэнд ашиглаагүй үлдсэн мөнгө бий. Бидэнд бас Европын хөрөнгө оруулалтын банк байна.
-Гэвч Европын холбооноос мөнгө гарна гэдэг үнэн хэрэгтээ Германаас л авна гэсэн үг шүү дээ.
-Тийм учраас л бид Европын бонд гаргах ёстой. Хэрэв тэгвэл эдийн засгаа өсгөх төсөл хөтөлбөртөө зориулж зээл авч чадна.
-Гэхдээ канцлер Меркел евро бондын санааг эсэргүүцэж байгаа шүү дээ. Яагаад гэвэл тэр зээлийн өндөр хүүг Герман л төлөх хэрэг гарна?
-Миний хувьд евро бондыг ирээдүйд чиглэсэн, өсөлтийг дэмжих төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор л ашиглах хэрэгтэй гэж бодож байна. Тийм ч учраас евро бонд биш төслийн бонд гэж нэрлэх хэрэгтэй. Бондын зорилго нь удаан хугацаанд хэрэгжих төсөлд зориулагдаад ирэхээр Германы болгоомжлоод байгаа эрсдэл үгүй болно.
-Таны байр суурь, хэлж байгаа үгс анх сонгуульд нэр дэвшиж байсан үеэс арай зөөлөрчээ?
-Өмнөх Ерөнхийлөгчийн хийж зөвшилцсөн гэрээ хэлэлцээр бүхнийг ураад хаячихмааргүй байна. Цөөн хэдэн зүйл дээр өөрчлөлт хийнэ.
-Өнгөрсөн хэдэн жил Европыг “Меркози”-гийн баг удирдлаа. Харин одоо энэ баг “Мерланде” болж өөрчлөгдөх болов уу?
-Бид одоо хараахан нэрээрээ холбогдох хэмжээнд сайн харилцаатай болж амжаагүй байна. Лидерүүд нь хэн байхаас үл хамаараад Герман-Францын нөхөрлөл бол гарцаагүй байх ёстой зүйл гэдгийг би мэднэ. Гэхдээ ганцхан энэ хоёр орон хүзүү толгойгоороо нийлж, гол бодлогыг нь барьчихаад бусад нь тэднийг дагадаг байж таарахгүй.
-Таныг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байх үед Ангела Меркел өөртэй тань уулзахаас татгалзсан. Энэ нь та хоёрын цаашдын харилцаанд таагүй уур амьсгал үүсгэсэн болов уу?
-Үгүй. Сонгуулийн кампанит ажлын үеэр ямар ч зүйл тохиолдсон байлаа гэсэн одоо түүнээс үлдсэн таагүй дурсамж, мэдрэмж алга. Ангела Меркел яагаад Н.Саркозиг дэмжиж байсныг би маш сайн ойлгож байна. Тэд өнгөрсөн жилүүдэд еврогийн хямралын эсрэг гар нийлэн ажиллаж байсан. Гэхдээ тэр нь үр дүнд хүрсэн үү үгүй юу гэдэг бол өөр асуудал.
-“Меркози” гэж нэрлэгдсэн тэдний хамтын ажиллагаа Европ даяар нэлээд шүүмжлэл хүлээсэн. Харин таны хувьд Франц-Германы цаашдын харилцааг хэрхэн төсөөлж байна?
-Франц, Германы харилцан тэнцвэртэй, бие биеэ хүндэтгэсэн түншлэл дээр Европ оршин тогтнож байдаг. Саркози, Меркелээс өмнө ч Коль Миттеранд, Ширак Шроедер гээд үе үеийн удирдагчид улс төрийн өөр өөр үзэл баримтлалаас үл хамааран хамтран ажилласаар ирсэн. Гэхдээ зөвхөн манай хоёр улс хоорондоо зузаан түншлэх биш, бусад орныхоо лидертэй хамтран ажилласнаар тэдэнд гадуурхагдаж, асуудлын гадна үлдсэн мэт сэтгэгдэл төрүүлэхгүй байх болно.
-А.Меркелээс гадна Дэвид Камерун таныг хүлээн аваагүй. Британийн хэвлэл, санхүүгийн салбарынхан ч танд таагүй хандаж буй нь үнэн. Франц-Британийн харилцааг сайжруулах ямар арга зам байна?
-Эдийн засгийн асуудлаар Британи зөвхөн өөрсдийнхөө ашиг сонирхлыг л анхаардаг гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ тэдний хувь заяа евро бүсээс тусдаа. Гэвч би Ерөнхий сайд Дэвид Камерунтай уулзаж, хоёр орны харилцааг ойртуулах талаар ярилцана.
-Өмнөх Ерөнхийлөгч Н.Саркози Ливи, Гүрж, Европын хямрал гээд олон улсын асуудлаар дэлхийн хэмжээний лидер байж чадсан. Танд ч бас тийм лидер болох амбиц бий байх?
-Франц бол ердийн нэг орон биш. Францын Ерөнхийлөгч ч жирийн нэг лидер биш. Энэ улсын төрийн тэргүүн тив дэлхийн асуудлаар бодлого боловсруулах, удирдан зохицуулах хангалттай эрх мэдэлтэй. Н.Саркози ч тэр дагуу бүрэн эрхийнхээ хугацаанд ажилласан. Гэхдээ түүнд алдаж оносон зүйл бий. Жишээлбэл, Ливи дэх НҮБ-ын цэргийн ажиллагаа амжилтад хүрсэн бол Газрын дундад тэнгисийн холбооны талаар хангалттай ажиллаж чадаагүй. Мэдээж, би Францын олон улс дахь амбицыг улам баталгаажуулахыг хүсч байна.
-Та саяхан Их найман орны удирдагчтай Кэмп Дэвидэд уулзаж танилцлаа. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обаматай ч тусгайлан уулзсан. Ингэхэд та англиар ярьдаг уу?
-Тийм ээ, ярьдаг. Гэхдээ Францын Ерөнхийлөгч францаар л ярих ёстой.
-Гэхдээ дэлхийн хэмжээний удирдагчтай таатай харилцаа тогтоохын тулд дипломат ёсны түгээмэл хэлээр ярих нь чухал биш үү?
-Тэр үүнийг ойлгох хэрэгтэй. Бас энэ хэлээр хэлмэрчгүйгээр ойлголцдог чадвартай байх хэрэгтэй. Би бол франц хэлтний ертөнцтэй салшгүй холбогдсон хүн. Заримдаа Европын удирдагчдын чуулганд оролцож байх үед румын, польш, португали зэрэг хэл сонсох үнэндээ таагүй байдаг. Зарим итали түнш маань хүртэл өөрийнхөө эх хэлээр ярихын оронд англиар ярьж байгаа нь эвгүй л сонсогддог. Мэдээж, бусад орны төрийн тэргүүнтэй анх уулзахдаа тэдний хэлээр мэндчилэх, танилцах нь зөв л дөө. Гэхдээ миний хувьд хаана ч франц хэлээр ярих ёстой гэж боддог.
-Францын улс төрд гарч буй өөрчлөлтийг АНУ анхааралтай ажиглаж байна. Ялангуяа социалист Ерөнхийлөгч гарч ирсэнд ихэд сэжиглэнгүй хандаж байгаа. Тэгэхээр та өөрийгөө АНУ-д танигдаж, хүлээн зөвшөөрүүлэхийн тулд ямар алхам хийх гэж байна?
-Францын Ерөнхийлөгчийн сонгуульд Б.Обама тэгж хандахаас өөр аргагүй. Түүнд Н.Саркозигоос зай барих ямар ч шалтгаан байгаагүй. Тэр өөрөө дахин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байгаа учраас Н.Саркозиг илүү дэмжсэнийг нь ойлгож болно.  
-Н.Саркозиг баячуудын Ерөнхийлөгч гэдэг байсан. Харин та эсрэгээрээ баячуудыг үзэн ядагчдын Ерөнхийлөгч болох уу?
-Өөрийн хөлс хүч хөдөлмөрөөр олж аваагүй хөрөнгөнд би дургүй. Гэхдээ сайхан амьдрахын тулд юм хийж бүтээж яваа хүмүүсийг үзэн ядах ёс байхгүй.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан