Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хиллари Клинтон: Эх орныхоо төлөө хангалттай ажиллалаа. Одоо амрах цаг минь болсон.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, хатагтай Хиллари Клинтоны улс төрөөс ангид сэдвээр “NBC” телевизэд өгсөн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна. 

-Дипломатч Дик Холбрүүк хэлж байсан юм. Төрийн нарийн бичгийн дарга гэдэг бол том албан тушаал. Гэхдээ сайхан ажил биш гэж. Таны хувьд Төрийн нарийн бичгийн даргыг том албан тушаал, сайхан ажлын аль нь гэж тодорхойлох вэ?
-Миний бодлоор хоёулаа. Дик чухам ямар утгаар ингэж хэлснийг ойлгож байна. Түүнийг дипломатчаар ажиллаж байсан хүйтэн дайны үед гадаад харилцааны ажил үнэхээр амаргүй байсан нь үнэн. Гэхдээ одоо ч бас гадаад харилцааны ажил хэрэг биелэгдэшгүй даалгавар гэдэг шиг хоногийн 24 цагийн турш өрнөж байна. Ойрхи Дорнод, Латин Америк, Ази тив гээд бидний анхаарал тавих бүс нутаг, хийх ажил ч их байна.
- Төрийн нарийн бичгийн даргын албыг хашихад танаас хамгийн их шаардагддаг зүйл юу вэ?
-Аяны дөрөө даах хүч тэнхээ. Албаа авснаас хойш би 965 мянган километр зам туулсан байна. Та бодож байгаа байх л даа. XXI зуунд техник, технологи өндөр хөгжчихөөд байхад заавал тэгж цаг, зав алдаж гадаад улс орнуудад очих хэрэг байна уу гэж. Гэвч бид бусадтай хамт байгаа гэдгээ, тэдний асуудалд санаа тавьдаг гэдгээ, олон улсын хэрэгт тэргүүлэх үүрэгтэй гүрэн гэдгээ бодитоор харуулж байх хэрэгтэй. Би АНУ-ыг төлөөлөн гадаад улсад зочлохдоо үргэж нүүр бардам байдаг. Хэдийгээр энэ олон айлчлал, уулзалт хэлэлцээрийг хийхийн тулд олон мянган цагийг агаарт өнгөрүүлдэг ч гэлээ.
-Гэхдээ бусад Гадаад хэргийн сайд нар тань шиг ингэж их аялдаггүй шүү дээ. Ийм шахуу хуваарьтайгаар хилийн чанадад ажиллахыг хэн нэгэн шаардаад байгаа юм уу?
-Үгүй, тийм зүйл байхгүй. Хилийн чанадад ажиллах нь чухал гэж би өөрөө үздэг учраас л энэ айлчлалуудыг төлөвлөдөг юм. Анх ажлаа авах үед манай гадаад бодлого Ирак, Афганистан, Пакистанд хэтэрхий анхаараад Азийг орхигдуулах хандлагатай болоод байсан. Үүнээс болоод манай улсыг Ази, Номхон далайн бүс нутаг дахь сонирхлоо орхисон гэдэг дүгнэлт хийхэд хүрээд байсан. Тиймээс би Азид даруйхан айлчлал хийсэн. Ганц удаа биш. Ирж очиж, ирж очиж, олон ч цуврал яриа хэлэлцээр хийсний дүнд энэ бүс нутаг дахь АНУ-ын сонирхлыг дахин дэлхий нийтэд чадлаа. Хэн ч надад, ийшээ явах хэрэгтэй байна, одоо тэнд оч гэж хэлдэггүй. Би хаана нөлөөлж чадах вэ, хаана байвал хэрэгтэй вэ, Америкийн оролцоо хаана байх ёстой вэ тэнд л би хүрч очдог.
-Та яагаад ажилдаа ийм дуртай байдаг юм бэ?
-Америк орон аль ч талаараа дэлхий нийтийг тэргүүлэх ёстой гэдэг бат итгэл үнэмшил надад байдаг учраас эх орныхоо төлөө зүтгэх нь миний хувьд нэр төрийн хэрэг юм.
-Та бол улс төрийг гадна, доторгүй мэддэг хүн. Ясны улстөрч гэж тодорхойлж ч болно. Гэхдээ нэг л өдөр улс төрөөс залхмаар санагддаггүй юу?
-Үнэндээ онгоцонд явахаас бусдаар улс төрийн юу нь ч надад ядаргаатай, залхмаар санагддаггүй. Миний өдөр бүр шинээр эхэлдэг. Нэг хэвийн өдрүүд гэж хэзээ ч байдаггүй. Миний “inbox” дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн янз бүрийн мэдээллээр үргэлж дүүрэн байдаг. Нэг өдөр Арктик дахь газрын тосны өрөмдлөгийн тухай асуудал босч ирж байхад нөгөө өдөр нь Африк дахь халдварт өвчлөл гол сэдэв болох жишээтэй. Өдрөөс өдөрт, цагаас цагийн хооронд юм бүхэн өөрчлөгдөж байдаг учраас харин ч ажил маань сонирхолтой санагддаг.
-Та технологийн тухай дурслаа. Жишээлбэл та хувьдаа хэдэн и-мэйл хаягтай вэ. Blackberry–гээ өөрөө ашигладаг уу. Эсвэл таны туслахууд өмнөөс тань амжуулдаг уу?
-Би өөрөө бүгдийг хийдэг.
-Blackberry-гээ сайн ашигладаг уу?
-Дажгүй гэж бодож байна. Үеийнхэнтэйгээ харьцуулвал /инээв/ Гэхдээ аюулгүй байдлын үүднээс нэвтэрч болохгүй, ашигладаггүй програм бас байдаг. Гэсэн хэдий ч аль болох гар утсаа ашиглахыг хичээдэг.

-Хиллари Клинтоны гол үзэл баримтлал юу вэ?
-Би Америкийн Нэгдсэн Улсын үнэлэмжид итгэдэг. Бид ардчилал, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг, хүний эрхийн талаар дэлхий нийтэд үлгэр дуурайл болсон тэргүүлэгч гүрэн гэдэг үнэлэмжид итгэдэг. Тийм учраас дипломат бодлогоор аюулгүй байдлаа хамгаалаад зогсохгүй өөрсдийн үнэлэмж, ашиг сонирхлоо хилийн чанадад түгээн, сурталчлах ёстой. Яагаад гэвэл бид дэлхий дээр хамгийн хүчирхэг армитай, хамгийн хүчирхэг эдийн засагтай бас хүний эрхийн талаар хамгийн хүчирхэг байр суурь баримталдаг гүрэн.
-Хиллари Клинтон Төрийн нарийн бичгийн даргаар ажиллахдаа ийм л зүйл дээр амжилт гаргасан гэж хүмүүс дурсагдахыг хүсдэг зүйл танд бий юу?
-Ерөнхийлөгч Обама бид хоёр ажлаа авснаас хойш Америкийн тэргүүлэх үүрэг ролийг бататгах тал дээр гол анхаарлаа тавьж ирсэн.  Мэдээж бид дэлхий нийтийг тэргүүлсээр ирсэн. Төсөв санхүүгийн байдал таагүй байгаа ч цаашид тэргүүлэх л болно. Яагаад гэвэл америкчууд бүхнийг тэргүүлэх хувьтай хүмүүс. Зарим хүн “Танай эдийн засаг доройтсон, улс төрийн тогтолцоо чинь явж өгөхгүй нь” гэх мэтээр шүүмжилж л байна. Гэвч Америк орон бусдын үлгэрлэн дуурайдаг гүрэн хэвээр байгаа. Байх ч болно. Үүний тулд манай бүхий л үеийнхэн, улс төрийн засаг захиргаа бүр ажиллах ёстой юм.
-Та Барак Обамагийн тухай дурслаа. Ерөнхийлөгч та хоёр гурван жилийн өмнө улстөрийн өрсөлдөгчид байсан. Харин одоо хамтран ажиллаж байна. Өрсөлдөгч байсан хүмүүс хамтран ажиллахад эхэндээ эвгүй байсан уу, шударгаар хариулахгүй юу?
-Тийм ээ, бид сонгуулийн өмнө хүчтэй өрсөлдөгчид байсан. Би түүнийг ялахыг хүсч байсан ч эцэст нь тэр намайг ялсан. Ерөнхийлөгч болсон. Тэгээд надтай хамтран ажиллахыг хүссэн. Үүнийг ардчиллын зарчим  ойлгодоггүй улс орнуудад хачин жигтэй явдал мэтээр хүлээн авдаг. Гэхдээ бид ардчилсан оронд амьдарч байна. Би яагаад түүний саналыг хүлээн авсан бэ гэхээр бид хоёулаа эх орондоо хайртай. Эцсийн эцэст бид улс төрөөс цаадахыг томоор харж чаддаг байх хэрэгтэй.
-Ерөнхийлөгч Обама танаас улс төрийн зөвлөгөө авдаг уу?
-Хааяа л. Гэхдээ энэ тухай би өөртөө хадгалсан нь дээр байх.
-Та бол эмэгтэй хүн. Харин Цагаан ордон бол “хөвгүүдийн клуб”. Үүнээс үүдээд ямар нэг зөрчил гардаг уу?
-Засаг захиргаан дахь миний байр суурь өөр л дөө. Ерөнхийлөгч бид хоёрын харилцаа ч ондоо. Цагаан ордонд тэргүүн хатагтай, Ерөнхийлөгчийн хоёр охин амьдарч байна. Тэгэхээр Ерөнхийлөгч хүйсийн ялгаа гаргаж болохгүй гэдгээ сайн мэднэ.
-Та ес дэх жилдээ Америкийн хамгийн үлгэр дуурайл болсон эмэгтэйгээр шалгарч байна. Таны рейтинг Америкийн засаг захиргааныхан дотроо хамгийн өндөр нь. Энэ бүх магтаал сайшаал таныг өөрчилсөн үү?
-Би магтаал сайшаалд хөөрч, шүүмжлэл гомдолд гутарч явж үзсэнгүй. Амьдрал өгсүүр, уруу янз бүр л байдаг. Тэр бүрт өөрийгөө өөрчилж болохгүй.
-Ер нь, та Google-ээс өөрийнхөө тухай мэдээллийг хайж үзсэн үү?
-Үгүй ээ. Хэрэв тэгвэл юу л гарч ирэх бол гэж санаа зовж байна шүү /инээв/
-Хэрэв та өнөөдөр “Google”-ээр шагайсан бол таныг дэд Ерөнхийлөгч болж, Ж.Байден оронд тань Төрийн нарийн бичиг болно гэсэн яриа сонсох байлаа. Ингэхэд гадуур тараад байгаа энэ яриа үнэн үү?
-Үгүй ээ худлаа.
-Гэхдээ ийм боломж бий юу?
-Тийм боломж ч байхгүй. Дэд Ерөнхийлөгч Жое Байден ажлаа маш сайн хийж байгаа.
-Хэн ч танд тийм санал тавиагүй гэж үү?

-Үгүй, үгүй. Магадгүй ийм яриа “Google”-ээр тарсан байх. Харин Цагаан ордонд тийм зүйл огт яригдаагүй.
-Тэгвэл та 2016 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү?
-Үгүй ээ. Эх орныхоо төлөө би дуртайяа ажиллахсан. Гэхдээ би хийх ёстой ажлаа хийсэн гэж боддог. Чадах чинээгээрээ л ажиллалаа. Одоо өөр зүйл хиймээр байна. Амар тайван сууж, ном бичиж, магадгүй багшилдаг ч юм уу. Бас эмэгтэйчүүдийн эрхийн төлөө ажиллах хэрэгцээ шаардлага ч их байна.
-Гэхдээ, хатагтай Клинтон, улс төр бол таны цусанд шингэсэн зүйл. Хэн ч таныг ганцхан удаа өндөр албан тушаал хашаад л улс төрийг орхино гэхэд итгэхгүй.
-Тэгвэл тэр хүмүүст цаг хугацаа л бүхнийг харуулах байх. Миний хувьд улс төр, төрийн албанд зүтгэсэн цаг хугацаа минь хангалттай. Би Америкийн төрд 20 гаруй жил зүтгэлээ. Хувь нэмрээ ч оруулсан. Надад ингэж зүтгэх боломж олдсонд би үргэлж талархаж явдаг. Гэхдээ одоо бусдад боломж олгож, зайгаа тавьж өгөх цаг нь болсон.
-Тэгэхээр та үнэхээр улс төрийг орхих нь ээ?
-Тийм ээ. Би тодорхой хэллээ шүү дээ. Гэхдээ Ерөнхийлөгч дараагийн хүнийг томилох хүртэл би үүрэгт ажлаа хийх л болно. Ерөнхийлөгч Обама дахин сонгогдоно гэдэгт би итгэл төгс байгаа. Тэгэхээр тэр сонголтоо хийсний дараа би явна даа.
-Ерөнхийлөгч Обама дахин сонгогдоно гэдэгт та яагаад ийм итгэлтэй байгаа юм бэ?
-Тэр маш хүнд үед улс орныг удирдаж байгаа ч гаргасан шийдвэрүүд нь зөв байсан гэдгийг америкчууд ойлгох цаг ирнэ.
-Хэрвээ 2016 онд Ардчилсан намынхан тань дээр ирээд “Манайд танаас өөр Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшчих боломжтой, нэр хүндтэй улстөрч алга” гэвэл та эх оронч сэтгэлээрээ “За тэгье, эх орныхоо төлөө дахиад нэг үзээд алдъя” гэж шийдэхгүй гэж үү?
-Манайд нэр дэвших боломжтой хүмүүс зөндөө бий. Тийм болохоор хэн ч дэвшсэн би дэмжих болно.
-Магадгүй тэр үед та эмээ болоод завгүй болсон ч байх биз ээ?
-Тийм шүү. Та тун зөв хэллээ. /инээв/
-Гэхдээ охин Челси тань олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулж, их л завгүй явах юм. Түүнд бас Клинтоны цусанд шингэсэн улстөрчийн шинж чанар байх шиг?
- Охин маань олон нийтийн үйл ажиллагаанд их идэвхтэй оролцдог шүү. Магадгүй ДНК-д нь Билл бид хоёрын нийгмийн идэвхитэй зан чанар  шингэсэн байдаг байх.
-20 жилийн дараахь амьдралаа та хэрхэн төсөөлж байна. Билл та хоёр гэртээ амар жимэр сууж байх болов уу?
-Бид тэгж амар тайван суухгүй байх. Идэвхтэй амьдарна. Биллийн санаачилсан санд хийх ажил их бий. Түүнд нь туслах, эмэгтэйчүүдийн эрхийн талаар ажиллах гээд хийх ажил мундахгүй байна.
-Энэ их ажлын ард хэсэг ч болов амрахыг хүсэхгүй байна гэж үү?
-Мэдээж, амралгүй яах вэ. Одоо бид амралтын өдрүүдийг ч гэртээ өнгөрүүлж чадахгүй байна. Өнгөрсөн 20 жилд хаа нэгхэн амарсан минь ердөө амьсгаа авах төдий л байлаа.
-Ингэхэд, экс Ерөнхийлөгч маань цагаан хоолтон болж байгаа гэсэн, үнэн үү?
-Тийм шүү. Тэр маш үнэнчээр цагаан хоолны дэглэм барьж байгаа.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан