Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мишель Обама: Би тэргүүн хатагтай болохоос ард түмнээс сонгогдсон албан тушаалтан биш
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тэргүүн хатагтай Мишель Обамагийн тухай таагүй яриа гараад буй. Энэ нь саяхан хэвлэгдсэн “Обамагийнхан” хэмээх шинэ номд түүнийг нөхрөөсөө давсан эрх мэдэл, амбицтай хэмээн тодорхойлсонтой холбоотой юм. Тэгвэл энэхүү ярианд хариу болгож хатагтай Обама “CBS” телевизэд дараахь ярилцлагыг өгчээ.
-Яриагаа сонгуулийн кампанит ажлаар эхлэе?
-Одоо болох гэж байгаа юу.
-Тийм ээ. Дөрвөн жилийн өмнөхийг бодвол харьцангуй туршлагатай болсон тэргүүн хатагтайн хувьд та нөхөртөө ямар зөвлөгөө өгч байна?
-Одоо хийж байгаа ажилдаа л төвлөр. Өнөөдөр юу хийж байна түүндээ анхаар. Битгий сонин унш, зүгээр л өөрийнхөө кампанийг хий. Хүмүүстэй шууд харьц. Ингэж л хэлж байгаа.
-Энэ зөвлөгөө өнгөрсөн дөрвөн жилд тэргүүн хатагтайн хуримтлуулсан туршлага гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Тэргүүн хатагтай болсноос хойш хэрэгжүүлэх гэж хичээж ажиллаж байгаа таргалалтын эсрэг кампани болон цэргүүдийн ар гэрийнхэнд туслах хөтөлбөр зэргээс би хувь хүнийхээ хувьд олон зүйл сурч мэдэж авсан.
-Сүүлийн үед Ерөнхийлөгчийн рейтинг унаж байгаа нь таны санааг зовоож байгаа байх?
-Тийм ээ. Гэхдээ хүмүүс сайн мэдэхгүй байна. Бид өнгөрсөн дөрвөн жилд ямар амжилт ололтод хүрснийг. Тиймээс энэ сонгуулийн кампаниар бид чухам юунд хүрсэн бэ гэдгийг хүмүүст ойлгуулж мэдүүлэх хэрэгтэй байгаа юм.
-Гэхдээ хүмүүс амьдралдаа, Ерөнхийлөгчийн барьж буй бодлогод сэтгэл дундуур байна шүү дээ?
-Энэ үнэн. Бүх зүйл сайн сайхан болчихоогүй. Эдийн засаг сайжирч байгаа ч олон хүн ажилгүй байна. Хүмүүст тусламж үгүйлэгдэж байгаа ч тэр нь тэдэнд хүрэхгүй байгаа учраас сэтгэл хангалуун бус байгаа юм. Мэдээж, тэд бухимдал гомдлоо илэрхийлэх бүрэн эрхтэй. Гэхдээ тэднийг зөв чиглэлд залж явах Ерөнхийлөгч байна.

-Тийм учраас түүнд дахин дөрвөн жил ажиллах боломж өгөөч гэж үү?
-Тийм ээ. Хийх ажил их байна. Дөрвөн жил гэдэг хангалттай урт хугацаа биш. Би нөхөртөө итгэдэг. Тийм учраас дахин Ерөнхийлөгчөөр ажиллаасай гэж хүсч байгаа юм.
-Та саяхан гарсан “Обамагийнхан” гэдэг номыг уншсан уу. Танай гэр бүлийн тухай “Нью-Йорк Таймс” сонины сэтгүүлч Жоди Кантор бичсэн?
-Үгүй.

-Тэр номонд таныг нөхрөөсөө илүү амбицтай, үүнээсээ болоод туслахуудтай нь таарамжгүй харилцаатай байдаг хэмээн бичсэн байна билээ?
-“Тэргүүн хатагтай нөхрийнхөө туслахуудтай зөрчилддөг” гэсэн иймэрхүү зохиол магадгүй сонсоход сонирхолтой байх л даа. Гэхдээ ийм зохиомол яриа сүүлийн хэдэн жил үргэлжилж байна. Намайг нэг “ааштай хар эмэгтэй” болгон харагдуулах гэсэн оролдлого анх Баракийг нэр дэвшихээ зарласан үеэс л эхэлсэн шүү дээ.  
-Та Ерөнхийлөгчийн хамгийн дотны зөвлөх байсан Рам Эмануэль, Роберт Гиббс нартай ямар харилцаатай вэ. Энэ номд өгүүлснээр бол та тэдэнтэй санал зөрөлддөг учраас ажлаа өгсөн гэж бичсэн байна?
-Рам, түүний эхнэр Эми хоёр манай гэр бүлийн хамгийн сайн найз. Би Рамтай нэг ч удаа ам зөрж үзээгүй шүү. Тэр үнэхээр хөгжилтэй залуу. Роберт ч бас миний нөхрийн хамгийн сайн найзуудын нэг. Тэр Баракийн хамгийн итгэлтэй зөвлөх.  
-Тэгэхээр энэ номд таныг Ерөнхийлөгч Барак Обамагаас илүү өндөр зорилготой, хатуу шаардлагатай, туслахуудынх нь хийж буй ажил сэтгэлд нь хүрдэггүй гэж тодорхойлсон нь бүгд худлаа гэсэн үг үү?
-Миний дотроо юу бодож, сэтгэж, мэдэрч байгааг хэн мэдэх юм бэ. Тэр тусмаа гуравдагч этгээд миний юу бодож санаж байгааг мэдэх боломжгүй шүү дээ.
-Гэхдээ та бол нөхрийнхөө хамгийн итгэлтэй хүний нэг, тийм үү?

-Амьдралыг хамт туулж байгаа нэг гэр бүлийн хувьд би түүний хамгийн итгэлтэй зөвлөх нь. Мэдээж, бидэнд ярьж зөвлөх үед зөндөө байдаг. Гэхдээ түүнийг хангалттай олон, ухаалаг зөвлөх хүрээлж байдаг.  
-Таны тухай буруугаар ойлгож байгаа хүмүүст юу гэж хэлэх вэ?
-Би өөрийнхөөрөө л байхыг хичээдэг. Хүн бүрт таалагдах гэж оролдохгүй. Хүнд таалагдах гэж хичээхийн оронд хамт байгаа хүмүүстэйгээ ойлголцох нь илүү чухал гэдгийг ээж минь багаас сургасан. Магадгүй цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүс намайг илүү таньж мэдэн, байгаагаар минь үнэн зөвөөр шүүн тунгаана гэж найдаж байна.
-Цагаан ордонд амьдрах нь танд заримдаа дарамттай санагддаг уу?
-Үгүй ээ. Би тэргүүн хатагтай болохоос ард түмнээс сонгогдож, албан тушаалд томилогдсон хүн биш шүү дээ. Тийм болохоор миний хүлээх үүрэг хариуцлага Баракийн хажууд өчүүхэн. Магадгүй надаас илүү охидод маань Цагаан ордны амьдрал хэцүү санагддаг байх. Би тэднийг Цагаан ордонд ч жирийн хүүхдүүд хэвээр нь байлгахын тулд янз бүрийн тэнэг арга хүртэл ашиглах гэж оролддог.
-Жишээлбэл?
-Саша их бодлогошронгуй, юманд нухацтай ханддаг дуугүй хүүхэд. Би заримдаа түүнийг инээлгэх гээд дуулж, бүжиглэж хүртэл үзнэ. Гэвч тэр “Үгүй ээ, битгий бүжиглэ” гэх маягийн хариу барьдаг. Охид маань биднийг сургуульд дээрээ очуулах дургүй. Ялангуяа аавыгаа. Эцэг эхийн хуралд Барак очно гэвэл “Өө, үгүй ээ аав ирэх юм уу” гэх жишээтэй. Нэг удаа Малиа “Аав тэгээд нөгөө олон машин, хамгаалагчтай очих уу. Тэр хамгаалагч нар нь манай багшийг түлхээд унагах шахдаг” гээд дургүйцэж байсан удаатай. 



-Ерөнхийлөгчийн гэр бүл бяцхан хүүгээр бүл нэмэх бодолтой байгаа гэсэн яриа гараад байгаа. Энэ тухай?
-Үгүй ээ. Цагаан ордонд хоёр охиноос минь өөр хүүхэд байхгүй гэдгийг албан ёсоор хэлье.
 -Та дээр ард түмнээс сонгогдоогүй учраас амар хялбар ажил үүрэгтэй гэлээ. Тэгвэл хэзээ нэгэн цагт өөрөө сонгуульт ажилд хүч үзэх бодол бий юу, Хиллари Клинтон шиг?
-Хэзээ ч үгүй. Би улс төр сонирхдоггүй. Тэгээд ч одоо 48 хүрлээ.
-Гэхдээ та залуухан байна шүү дээ. 50 насанд жинхэнэ амьдрал эхэлдэг биш үү?
-Сонсоход сайхан л байна. Гэхдээ би цаашид ч улс төр сонирхохгүй байх.
                                                                                                    Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
saihan yariltslaga bn. bugdiig ni usnhij duusgalaa.
Хамгийн их уншсан