Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Франц орон “Нормаль” Ерөнхийлөгч сонгож, Сарко ялагдал хүлээв
Николь Саркози өөрт нь ялах найдвар бий гэдэгт дэлхий нийтийг итгүүлэхээр эцсээ хүртэл хичээлээ. Гэвч түүний буруу байжээ. Францчууд  түүхэндээ хоёр дахь удаа Социалист намын нэр дэвшигчид итгэл хүлээлгэв. Харин Н.Саркози хоёр дахиа нэр дэвшээд ялагдал хүлээсэн хамгийн анхны Ерөнхийлөгч хэмээн Францын түүхэнд бичигдэх нь.
Өнгөрсөн ням гаригт болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн үнэндээ хэнийг ч гайхашруулсангүй. Н.Саркози 48,3 хувийн санал авсан бол өрсөлдөгч Франсуа Олландыг дэмжигчид түүнийхээс 3,4 хувиар олон байж, Социалист намын нэр дэвшигч ердөө 51,7 хувийн саналаар Францын Ерөнхийлөгч боллоо. Ялагдлын совин эртнээс татаад байсан Н.Саркозигийн хувьд энэ муу мэдээг хүлээн авч, дасан зохицох гэж төдий л удсангүй түргэхэн шиг өрсөлдөгчдөө баяр хүргээд, амжилт хүсчээ.
Гэвч түүний хувьд улс төрийн карьераа арай л залуудаа орхих хэрэгтэй болсон нь өөрт төдийгүй хамтрагчдынх нь хувьд ч хүнд цохилт болж байгаа нь гарцаагүй. Ялангуяа түүний үзэсгэлэнт эхнэр Карла Бруни сонгуулийн өмнөх долоо хоногт маш их стресстэй байж, ойр дотныхондоо урьд үзүүлээгүй муухай ааш гаргаж байсан тухай Европын шар хэвлэлүүд шуугьж байсан билээ. Ерөнхийлөгч болоод удаагүй шинэхнээрээ гялалзаж явахад нь шуугиантайхан нэр холбогдож, эцэстээ Элисейн ордонд нүүж ирснээрээ дуулианыг намжааж байсан экс модель магадгүй нөхрөө төрийн тэргүүн, өөрөө тэргүүн хатагтай хэвээр үлдэнэ гэж хамгаас илүү итгэж байсан биз ээ.

Н.Саркози өрсөлдөгчдөө биш хямралд ялагдлаа

Франц орныг дараагийн таван жил удирдахаар сонгогдоод буй Франсуа Олланд Н.Саркозигоос өөр Ерөнхийлөгч байна гэдгээ сонгочдод амласан. Гэвч Н.Саркозигоос хүлээн авах эдийн засаг нь түүнд ийм боломж олгохгүй гэж ажиглагчид хэлж байна. Үнэндээ Н.Саркози ялагдсан шалтгаан нь түүний муугийнх ч бас биш билээ. Харин еврогийн өрийн хямрал, улсынх нь эдийн засгийн нөхцөл байдал л гарцаагүй ийм байдал руу түлхчихсэн юм. Европын есөн ч лидерийг суудлаас нь унагаж дөнгөсөн еврогийн өрийн хямрал эцэстээ Францын Ерөнхийлөгчийг хүртэл Елисейн ордноос гаргаж хаях хүчтэй байжээ.
Ийм урхагтай хямралыг өвлөн авсан ямар ч Ерөнхийлөгчийн рейтинг удахгүй унаж, сонгогчид нь сэтгэл гонсойх болно гэж ажиглагчид урьдчилан хэлж байна. Николь Саркози ч таван жилийн өмнө шинэхэн Ерөнхийлөгч байхдаа 60 гаруй хувийн рейтингтэй явсан ч 2008 оны дэлхийн эдийн засгийн хямрал, түүнийг залган гарсан еврогийн өрийн хямралд нам цохиулан, Францын түүхэн дэх хамийн нэр хүнд муутай Ерөнхийлөгч гэгдэх болсон юм. Үүн дээр түүний хувийн амьдралынх нь дуулиан шуугиан, өөрийнх нь зан чанар зэрэг нэмэгдээд орчин цагийн Наполеоны дүр төрхийг бүрдүүлсэн нь францчуудын дургүйцлийг төрүүлж, түүнээс бушуухан салахын түүс болсон билээ. Ийнхүү таван жил ердийн бус Ерөнхийлөгчтэй явсан францчууд энэ удаа харин хэвийнээс хэвийн, энгийн даруухан нэгнийг төрийн тэргүүнээ боллоо.

Экс хамтрагчийнхаа өрсөлдөгчийг ялсан нь

Ингээд “Мистер Нормаль” хочтой Францын шинэ Ерөнхийлөгч Франсуа Олландыг уншигчдадаа танилцуулъя.
Франсуа Олланд суудлаа өгч буй Ерөнхийлөгч Н.Саркозитой нас чацуу, одоо 57-той юм. Гэхдээ тэдний хашиж байсан албан тушаалын цар хүрээг харьцуулахын аргагүй юм. Ерөнхийлөгч болохоосоо өмнө Дотоод хэрэг, Сангийн яам гээд Францын хамгийн чухал яамдын сайдаар ажиллаж байсан Н.Саркозитой харьцуулбал Ф.Олланд тийм ч өндөр алба хашиж байсангүй. Ерөнхийлөгч асан Франсуа Миттерандын зөвлөхөөс эхлээд Үндэсний ассамблейн орлогч дарга, Тулле мужийн захирагч зэрэг тоймтой хэдхэн алба хашиж байсан түүний карьерийн дийлэнх хугацаа Социалист намд хүчин зүтгэснээр өнгөрчээ.  Тэрээр 1997-2008 оны хооронд Францын Социалист намын нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаад 2007 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нам нь ялагдал хүлээсний улмаас суудлаа өгчээ. Сонирхолтой нь, тэр сонгуульд түүний дөрвөн хүүхдийн ээж, хамтран амьдрагч байсан Сеголене Роял нэр дэвшиж, Николь Саркозид ялагдаж байсан юм. Гэвч таван жилийн өмнө экс хамтрагчийнхаа ялж чадаагүй өрсөлдөгчийг энэ удаа тэр өөрөө буулгаж авсан нь хувь заяаны хачирхалтай тохиолдлуудын нэг болжээ.

Загвар өмсөгчийн оронд сэтгүүлч тэргүүн хатагтай

Өнгөрсөн таван жилд супермодель, дуучин гээд олон гуншинтай олны танил од бүсгүйгээр чимж байсан Елисейн ордон энэ удаа сэтгүүлч эзэгтэйтэй боллоо. Франсуа Олландын хамтран амьдрагч нь улс төрөөр дагнан бичдэг Валери Трейрвейлер хэмээх сэтгүүлч эмэгтэй байдаг юм. Тэд 2007 оноос хамтран амьдарч эхэлжээ. Үүнээс өмнө Ф.Олланд дээр цухас дурдсан Сеголене Роял хэмээх улстөрч эмэгтэйтэй 30 шахам жил хамт амьдарсан юм. Тэд албан ёсоор гэрлэж суугаагүй ч дөрвөн хүүхдийн эцэг эх болжээ. С.Роял бол Социалист намын нөлөө бүхий гишүүдийн нэг бөгөөд сайдын алба хүртэл хашиж явсан, тиймдээ ч 2007 онд Н.Саркозигийн эсрэг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж явж. Гэвч тэдний хамтын амьдрал сонгуулийн ялагдалтай нь хамт төгсгөл  болжээ. Ф.Олланд гэр бүлээсээ гадуур сэтгүүлч бүсгүйтэй нууц харилцаатай байсан нь илэрснээр тэд салжээ. Тэр сэтгүүлч бүсгүй нь өдгөө тэргүүн хатагтай болох гэж буй Валери Трейрвейлер юм. Гэхдээ Ф.Олланд хүүхдүүдийнхээ ээжтэй гэрлээгүйтэй нэгэн адил хоёр дахь хамтрагчтайгаа ч гэр бүлээ батлуулаагүй гэнэ.

Ф.Олландын мөрийн хөтөлбөр


-2017 он гэхэд төсвийн алдагдлыг 0 болгох
-2012 оны эцэс гэхэд цэргүүдээ Афганистанаас татах
-Франц-Германы гэрээг эцэслэн байгуулж, хоёр улсын түншлэлийг улам зузааруулах
-Европын зээлжих зэрэглэлийн агентлаг байгуулж, хөрөнгө оруулалтын болон зээлийн банкуудыг хоёр салгах
-Жилд 500 мянган айлын орон сууж барих
-Тэтгэвэрт гарах насыг 60 хэвээр үлдээх
-Ижил хүйстнүүдийн гэрлэлт болон ЛГБТ хосуудын хүүхэд үрчлэлтийг зөвшөөрөх
-Цөмийн эрчим хүчний хэрэглээг бууруулж, цахилгааныхаа хэрэглээний 50-75 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах
-Бага, дунд орлоготой компаниудын татварыг 15-30 хувиар бууруулж, орлого өндөртэй хувь хүмүүсийн татварыг нэмэгдүүлэх

Шинэ Ерөнхийлөгч еврод халгаатай юу эсвэл ээлтэй юү

Хэрэв Францын төрийн толгойд Н.Саркозигоос өөр хүн гарч ирвэл еврод яаж тусах вэ, тэр нь эерэг байх уу сөргөөр нөлөөлөх үү гэдгийг сонгуулийн уур амьсгал орсон үеэс л ажиглагчид, хэвлэлийнхэн ярьж хэлэлцэж эхэлсэн. Европын гол бодлого тодорхойлогчдын хувьд Германы канцлер А.Меркелтэй тун сайн гар нийлж, еврогийн өрийн хямралын эсрэг санаа бодол нэгтэй ажиллаж байсан Н.Саркози хэрэв дахин сонгогдсон бол өмнө хийж байсан ажлаа үргэлжлүүлэх байв. Гэвч түүний оронд Ф.Олланд гарч ирснээр цаашид еврогийн хувь заяа хааш эргэх бол, тэрээр Н.Саркози шиг евро, евро бүсийг хадгалж үлдэхийн тулд тууштай зогсч чадах уу, А.Меркелтэй гар нийлэх болов уу гэдгийг европчууд хамгийн их сонирхож байгаа юм. Эдгээр асуултын хариуг хэлэхэд хараахан эрт байгаа ч түүнтэй нягт хамтран ажиллана гэж найдаж буйгаа Европын удирдагчид мэдэгдэж байна. Германы канцлер Ангела Меркель, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерун, АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама гээд дэлхийн томоохон удирдагчид түүнд баяр хүргэсэн цахилгаан илгээжээ.  Гэвч зах зээл улстөрчид шиг өөдрөг биш байна. Өчигдөр Н.Саркозигийн ялагдлын мэдээ тармагц еврогийн ханш сүүлийн гурван сард байгаагүйгээр унасан байна. Энэ нь Ф.Олланд хямралын эсрэг бүс чангалах бодлогыг таашаахгүй, энэ талаар авч хэрэгжүүлэхээр зэхэж буй төлөвлөгөөг няцаана хэмээн мэдэгдсэнээс үүдсэн юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан