Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ай Вейвей: Хятад бол хамгийн ядуу философитой орон
Хятадын уран бүтээлч Ай Вейвейг 2008 оны Бээжингийн олимп дэлхий нийтэд танилцуулж өгсөн юм. Тэр бол алдарт Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэнгийн загвар дизайныг зохион бүтээхэд гар бие оролцсон уран бүтээлч.  Үүнээс гадна Австрали, Европ, Ази, Америк гээд дэлхийн олон арван оронд гаргаж байсан үзэсгэлэн, контемпорари урлагийн бүтээлүүдээрээ олон улсад хэдийнэ нэр нь түгсэн. Гэвч сүүлийн хоёр, гурван жилийн хугацаанд түүний уран бүтээлээс илүүтэй Хятадын төр засаг, эрх баригчдын эсрэг явуулж буй улс төрийн тэмцэл дэлхий нийтийн анхаарлыг татах болсон юм. Уран бүтээлээрээ дамжуулан коммунист дэглэмийн эсрэг дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлдэг Ай Вейвейг дэмжигчдийн хүрээ тэлэхийн хэрээр эрх баригчид нь түүнийг шахан хавчиж, өнгөрсөн онд тодорхойгүй шалтгааны улмаас баривчлан, гурван сар шахам нууцаар хорьсон билээ. Гэвч Хятадын төрийн хувьд тэрс үзэлтэн хэмээн шахагдан хавчигддаг Ай Вейвей өдгөө дэлхий нийтийн хэмжээнд хамгийн нэр хүндтэй уран бүтээлчдийн нэг болжээ. “ArtReview” сэтгүүл түүнийг хамгийн хүчирхэг 100 уран бүтээлчийн нэгээр нэрлэсэн бол “Time” сэтгүүл энэ оны хамгийн алдартай 100 хүний тоонд түүнийг зүй ёсоор оруулсан юм. Ингээд Ай Вейвейгийн Тайванийн радиод өгсөн ярилцлагыг хүргэж байна.



-Гэр бүл, эцгийн тань тухай дурсамжаар ярилц­лагаа эхлэе. Таны эцэг нэртэй яруу найрагч Ай Цин Соёлын хувьсгалын хэлмэг­дүүлэлтэд өртсөн гэдэг?
-Аав маань 1930-аад оны үед Парист сурч ирээд удаагүй байхдаа хоригдсон. Тэр үед дүрслэх урлагийн чиглэлээр суралцаж байсан залуу уран бүтээлчид тэмцэл хийхээр бэлтгэж байгаад эрх баригчдад баригдан, хэдэн жил шоронд суусан байдаг. Гэвч тэд удалгүй коммунист тэмцэлд нэгдсэн гэдэг. Тэгээд хэсэг хугацаанд Коммунист намын баатар шахуу явжээ. Гэвч энэ бол аавын минь нөлөөг ашиглаж Коммунист намд залуусыг татах гэсэн түр зуурын л арга байсан. Аав минь дүрслэх урлаг, яруу найраг гээд уран бүтээлээрээ тухайн үеийн залуус дундаа нэртэй хүн байсан юм.   

-Тийм ч учраас Соёлын хувьсгалаар хэлмэгдсэн байх, тийм үү?
-Тийм ээ, намайг төрөхөөс ч өмнө, 1957 онд Хятадын 300 мянган сэхээтэн залуугийн хамт хэлмэгдүүлэлтэд өртсөн юм билээ.

-Энэ явдал танд, таны уран бүтээлд яаж нөлөөлсөн бэ. Мэдээж, улс төрийн тэмцэл чинь ч үүнтэй холбоотой байх?
-Би бүр хар бага наснаасаа л энэ улсад ямар ч хүнлэг нинжин сэтгэл алга гэдгийг мэддэг байсан. Тэд өөрсдөөс нь өөр үзэл бодолтой хэнийг ч нухчин дардаг.

-Хятад бол хүнлэг орон биш гэдгийг та хэнээс ч илүү мэднэ гэлээ. Гэсэн атлаа чухам юу таныг төрийн хүчний эсрэг айж эмээлгүй тэмцэхэд хүргэдэг юм бэ. Энэ таны амь насанд аюултай шүү дээ?
-Тийм ээ, надад өмнө нь үхтлээ зодуулж байсан үе ч бий. Гэвч амь насанд аюултай гээд би нуун дарагдуулсан үнэний нэг хэсэг болохыг хүсээгүй. Ийм цаг үед амьдарч байгаагийнх бид үнэнийг хэлэх ёстой.

-Тэд таныг өнгөрсөн онд татварын гэх хэргээр шалтаглан барьж хорьсон нь ямар ч аргаар дуугүй болгож чадна гэдгийг харуулсан үйл явдал болсон?
-Хэрвээ улс чамайг татвараас зайлсхийсэн, мөнгө хулгайлсан гэж байгаа бол тэгээд л гүйцээ. Ямар ч найд­вар байхгүй. Энэ хэргийн торгуульд би 15 сая юань төлөх ёстой болсон. Гэхдээ бүр 15 хоногийн дотор шүү. БНХАУ-ын түүхэнд ийм өндөр торгууль ногдуулж байсныг би санахгүй байна. Үнэхээр инээдтэй. Гэвч ийм зүйл Хятадад өдөр бүр л тохиолддог.
 
-Тэдэнд баримт нотолгоо байсан уу?
-Баримт байхгүй. Тэд на­майг баривчилж, нууцаар 81 хоног хорьсны учир нь намайг яагаад баривчилсан бэ гэдэг албан ёсны шалтгаан гаргаж ирэхийн тулд байсан юм. Тэгээд л улс төрийн тэрс үзэлтнүүдэд оноодог өнөөх мөнгө завшсан, татвараас зугтаасан гэдэг хэргээ тохсон. Энэ бол гадаад ертөнцөд хийж буй тэдний тайлбар. Харин шорон дотор бол бүх зүйл тодорхой байсан. Тэд надад “Чамайг таагүй төгсгөл хүлээж байгаа шүү. Татвараас зайлсхийсэн, шударга бус амьдарч байсан гээд улс орон даяар зарлачихад эцэст нь хэн ч чиний үгэнд итгэхээ болино” гэж хэлдэг байсан.

-2008 онд Сычуаньд болсон газар хөдлөлтийн дараа таны тэмцэл улам идэвхэжсэн. Чухам юу нь таны дургүйцлийг тэгтэл төрүүлсэн юм бэ?
-Эрх баригчид үнэнийг хэрхэн нуун дарагдуулдгийг би хүүхэд байхаасаа мэднэ л дээ. Гэхдээ газар хөдлөлтийн дараа тэдний нуун дарагдуулсан зүйл ямар их байгааг мэдсэн юм. Жишээлбэл, хэчнээн оюутан, сурагч газар хөдлөлтөөр амь үрэгдсэн бэ гэдэг наад захын мэдээллийг ч тэд нууцалсан. Хэн гэдэг хүүхэд хаана ямар учир шалтгаанаар нас барсан бэ гэдэг энгийн мэдээллийг л асуухад тэд намайг “Чи тагнуулч юм уу. Хэрвээ ийм мэдээлэл авахыг хүсч байгаа бол чи АНУ-ын тагнуул юм байна. Тэр амь үрэгдсэн хүмүүсийн нэр чамд ямар хамаатай юм. Бид хэзээ ч тэдний нэрийг дэлгэхгүй” гэж хариулсан. Ингээд би хэсэг нөхдийнхөө хамт интернэтээр хөдөлгөөн өрнүүлж, амь үрэгдсэн сурагчдын нэрс, нас хүйс, сурч байсан сургууль зэрэг мэдээллийг цуглуулахад 5000 хүүхэд болсон. Тэр бүх хүүхэд сургуулийн барилга нь чанаргүй, муу байсны улмаас амиа алдсан юм.

-Та тэдэнд зориулж хүүхдийн 5000 цүнхээр ур­ла­гийн бүтээл хийснийг санаж байна?
-Тийм ээ, тэр цүнхнүүдээр хүүхдээ алдсан нэгэн ээжийн үгийг илэрхийлсэн юм.

-Ямар үг вэ?
- “Тэр энэ дэлхийд жаргалтай долоон жилийг үдсэн” гэдэг өгүүлбэр байсан юм.
 
-Та бол Бээжингийн олимпын нэгэн гайхамшигт бүтээн байгуу­лалт болох Шувууны үүрийг зохион бүтээсэн хүмүүсийн нэг. Гэтэл тэр цэнгэлдэх хүрээ­лэнг босгоход оролц­сон атлаа сүүлд нь олимпыг бойкотлохыг уриалж бай­сан. Өөрөө ажилд нь оролц­чихоод олимпоос тат­гал­захыг уриалсан нь ямар учиртай юм бэ?
-Шувууны үүрийн ажилд оролцсон нь Швейцарийн архитектурын фирм намайг урьсан болохоор л хамтран ажилласнаас цаашгүй. Ма­най төр засгийн зүгээс хамт­ран ажиллая гэж ямар ч урилга ирүүлээгүй. Мэдээж, би Хятадыг олимп зохион байгуулаасай, ингэснээрээ дэлхийн гэр бүлийн нэгэн хэсэг болж, бусад улс оронтой ижил үнэлэмж, хэмжүүртэй болоосой гэж хүсч байсан. Гэтэл энэ бол бүтэхгүй мөрөөдөл гэдэг нь тун удахгүй ойлгогдож эхэлсэн. Хятадын Засгийн газар олимпыг өөрсдийнхөө суртал ухуулга болгон ашиглаад л өнгөрөхөөс биш, бидэн шиг уран бүтээлч, улс төрийн идэвхтэнүүдийн нөхцөл байдлыг өөрчлөхөд огтхон ч нөлөөлөхгүй юм гэдгийг ойлгосон. 

-Хятадын эртний дурс­галт зүйлсийг орчин үетэй хоршуулсан таны бүтээлүүд олны сонирхлыг татдаг. Жишээлбэл, Кока-Колагийн лого бүхий ваар ч гэдэг юм уу. Үүгээрээ та юу илэрхийлэхийг хүсдэг вэ?
-Хүмүүс өнгөрсөн үеэ шүүмжлэлт нүдээр харж үзээсэй гэсэндээ би тийм уран бүтээл хийдэг. Учир нь, манай боловсролын тогтолцоо “Бид бол агуу түүхтэй ард түмэн” гэж ухуулан сурталчилдаг. Гэтэл үнэн хэрэгтээ бид хамгийн ядуу философитой. Тийм л учраас өнгөрсөн үеэ өөрөөр хараач гэж хүмүүст ухаарал өгөхийг хичээдэг юм.

-Одоо та эрх чөлөөтэй хүн. Эх орондоо амьдарч, уран бүтээлээ туурвих, бас хааяа блогоо хөтлөх эрх чөлөөтэй байна. Гэвч та эрх чөлөөг мэдэрч байна уу?
-Тийм ээ, намайг одоогоор хориогүй байна. Гэхдээ миний утсыг үргэлж чагнадаг, банкны дансыг үргэлж шалгадаг.

-Facebook, Twitter  гээд олон нийтийн сүлжээ сай­тууд Хятадад хориотой. Хувь хүмүүсийн интернэт сайт, блогт хүртэл цензур тогтоодог. Ийм нөхцөлд та яаж дуу хоолойгоо олон нийтэд хүргэж байна вэ?
- Хятадад Twitter шиг сайт бий. Би 50 мянга гаруй уншигчтай. Түүгээрээ л мэдээллээ хүргэж байна.

-Ердөө л 50 мянган хү­лээн авагчтай юм бол Зас­­гийн газарт нөлөөлж чадах уу?
-Асар их нөлөөтэй. Тэр сайт дээр бидний юун тухай ярьж, блог дээрээ юу бичиж байгааг залуус маш их сонирхон хардаг. Тэгээд цааш нь амнаас ам дамжуулан ярьсаар хэдэн сая хүнд хүрнэ. Энэ бас л нэг төрлийн мэдээллийн хэрэгсэл гэсэн үг. Миний хувийн блог гэхэд 12 сая уншигчтай. Гэхдээ эрх баригчид гурван ч удаа миний блогийг хааж байсан. Ердөө долоохон минутын дотор шүү. Миний 12 сая уншигч хэдхэн хоромын дотор блог руу маань нэвтэрч чадахаа больсон. 80, 90-ээд оныхны хувьд энэ маш хачирхалтай санагдаж, бүгд л яагаад гэж асууж байлаа. Яагаад Хятадын ямар ч компьютер дээр таны нэрийг бичихэд устаж алга болоод байгаа юм бэ гэж надаас гайхан асуудаг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан